Хямдхан Монгол
Өнгөрсөн долоо хоногт манай Засгийн газар, “Рио Тинто” ба “Айвенхоу Майнз” компаниудын хамтарсан мэдэгдэл Монголын иргэд бидэнд гашуун ч гэсэн бодит үнэнийг хэлээд өглөө. Монголчууд бид улс төрийн ч, ёс зүйн ч хувьд “орон гаран” төр засагтай юм байна.
Хэрэгжүүлж чадахгүй атлаа алсыг харсан судалгаа тооцоогүй, хий хоосон сүржин, манай хөгжлийн хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг болох гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой мэдэгдлийг дэлхий даяар цацаж, дараа нь түүнийгээ өөрсдөө няцааж байгаа нь Монгол Улсын төр институцийн хувьд бэхжиж чадахгүй байгаагийн тод томруун жишээ болоод зогсохгүй Монголын төр засгийн нэр хүнд Монголчуудын нэр нүүрийг унагаж, улсаа дэлхий нийтийн элэг доог болгов. Оюутолгойн гэрээнд үйл ажиллагаа нь жигдэрсний дараа цаг, нөхцөлийг олж засаж өөрчлөх олон зүйл байгаа. Гэхдээ одоо биш, өөрчлөх этгээд нь ч өөр Засгийн газар байр учиртай.
“Financial Times” сонинд (2011.10.9-ний дугаар 9-р нүүр) “Монгол Улс “Рио”-гийн гэрээг өөрчлөх оролдлогоо зогсоов. “Рио” нь Гвиней улсын төмрийн, Монгол Улсын зэсийн ордоосоо улсад нь өгөх татвараа нэмэгдүүлэх, Засгийн газрын хувь хэмжээг өсгөх шахалтад байгаа” гэж бичжээ. Ямар ч гэсэн өнгөрсөн лхагва гаригт Монголын төр засгийн бүх өндөрлөгийн шийдвэр ганцхан өдөрт огцом өөрчлөгдөж орхив. Яг юу болсон талаар иргэд бид бодитой мэдэхгүй хоцров.
Бидний мэдэж байгаа зүйл бол хамтарсан Засгийн газрын хамгийн том ололт амжилт гэж шагшин магтаж ирсэн Оюутолгойн гэрээнд гарын үсгээ зурж, хөөрч байсан сайд нар нь өөрчлөх шаардлага тавьсан явдал. Эвслийн Засгийн газар учраас ийм хариуцлагатай мэдэгдлийг улс төрийн хоёр намын дээд удирдлага зөвшилцсөн байж таарна.
Засгийн газар мэдэгдэл хийснээс хойш долоо хоноод Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Их Хурлын дарга, эрх баригч хоёр намын дарга нар гэнэтхэн цуглаж, бид гадаадын хөрөнгө оруулагч талаа маш сайн ойлгож байгаа, дэлхийн эдийн засгийн байдал хямрах гээд, зэсийн үнэ ч унах гээд байхад бид ийм чухал гэрээгээ өөрчлөхгүй гэж зарлав. Бараг л гэрээг өөрчлөх тухай яриагүй мэт загнав. Дараа өдөр нь Монголын төр засаг иймэрхүү хачин юм дахиж ярихгүй гэсэн утгатай мэдэгдлийг хөрөнгө оруулагчтайгаа хамтран гаргаж орхив.
УЛС ТӨРИЙН “ОРОН ГАРАН”
Засгийн газрын үйлдэл, эс үйлдлийн төлөө сайд нараа томилсон, төрийн эрх баригч улс төрийн намууд бас хариуцлага хүлээх ёстой. Намынхаа шийдвэрийн хариуцлагыг Их Хурлын гишүүд бас үүрэх ёстойгоо зарим нь мартаж, хэсэг бүлгээрээ нөгөө намынхантайгаа хамтран талцаж “Бид ард түмний төлөөлөгчид” гэж зарлан хувь хүнийхээ хүсэл бодол, эрх ашгийг тулгадаг боллоо.
Энэ Их Хуралд З.Алтай гишүүнээс бусад нь бүгд улс төрийн намын гишүүн, удирдлагын хэсэг нь гэдгээ ойлгохгүй байна. Нэгэнт л бие дааж сонгогдоогүй учир танай намын шийдвэр бол таны шийдвэр мөн. Та эсрэг үзэл бодолтой байсан ч хууль баталтал санал бодлоо хэлэх ёсгүй, харин хууль нэгэнт гарсан бол түүнийг биелүүлэх, биелүүлэхийг шаардах үүрэгтэй. Хэрэв хуулийг Их Хурлын гишүүн биелүүлэхгүй бол хэн тэр хуулийг биелүүлэх юм бэ? Хайран цаг мөнгөнийн гарз. Эрхэм гишүүд хэрэв ганцаарчилсан тоглолт хийх гэж байгаа бол улс төрийн намаасаа эхлээд гар. Их Хурлын гишүүд улс төрийн хувьд “орон гаран” байх ёсгүй. Энэ байдал танай нам улс төрийн институцийн хувьд балчир байгааг л баталж байна.
Манай Их Хурлынхан хуулийг хэн дуртай нь, хэзээ хүссэн цагтаа өөрчилж болно гэж ойлгож ирлээ. Тийм ч учраас төсвийн хууль гэж баталсан хэрнээ орлого гайгүй бол зардлаа нэмээд түүнийгээ төсвийн тодотгол гэж нэрлэдэг болов. Өөрөө өөрсдөдөө тус бүр нэг тэрбум төгрөг олгож, бас өөрийн намдаа татвар төлөгчдийн мөнгөөр шинэ ордон бариулчихаад дуугардаггүй атлаа сонгууль дөхөөд ирэхээр юу ч хийхээс буцахгүй болж байна.
ЁС ЗҮЙН “ОРОН ГАРАН”
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байхад иргэний нийгмийн төлөөлөл Монголын хувийг нэмэгдүүлэн, ядаж 50 хувь болгохыг шаардаж байсан. Тэр үед иргэдээ сонсохгүй, өөрсдийн ухаантайг гайхаж, гэрээ байгуулсан нь том гавьяа гэж гайхуулаад байсан улстөрчид эдүгээ дутуу болсон гэрээгээ өөрчилнө гээд явж байгаа нь ёс зүйн хувьд “орон гаран” хэрэг болж байна.
Өөрсдийг нь огцруулна гэж Их Хурлын хэсэг гишүүд шаардахаар ийм үйлдэл хийж байгаа бол гэрээ нь энэ хэдэн нөхдийн албан тушаалаас хямдхан болж таарч байна. Гурав хонохгүйгээр байран дээрээ гурвантаа өөр болж байгаа төр засгийн удирдлагуудыг хараад ямар гээч улс төрийн нам, хүмүүст Монголчууд бид итгэл мөрөөдлөө өгчихөөд байгааг өөрийн эрхгүй эргэцүүлэн бодоход хүрч байна.
Ер нь Их хурлын гишүүдийн нэг хэсэг нь хууль гаргадаг, нөгөө хэсэг нь түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, засгийн эрх мэдлийг дахин хуваарилахыг үргэлж шаардаж байдаг болов. Тод жишээ нь “урт нэрт” хуулийн хувь заяа болон энд яригдаж байгаа Хөрөнгө оруулалтын Гэрээ юм.
Монгол Улсын зорилгын зорилго бол гоё гоё нэртэй, тодорхой чадавхигүй, манлайлагчгүй улс төрийн намууд, тэдгээрийн гишүүн нэрээр Их Хуралд орж, төрийн эрхийг барьсан хүмүүс, тэдний гар хөл бологсдыг тэжээх, баяжуулахад биш монгол айл бүхнийг сайн сайхан амьдруулахад оршиж байгаа шүү. “Орон гаран” улс төр энэ гэрээгээр дуусахгүй. Сонгууль хүртэл олон халуун үйл явдлууд биднийг хүлээж байна. Оюутолгойн гэрээг өөрчлөх шоу бол дөнгөж удиртгал нь.
Эдийн засагч, Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө ТББ – ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
http://djargal.blog.banjig.net / /Монгол хэлээр/
http://www.djargal.blogspot.com / /Англи хэлээр/
URL: