Монгол-Сингапурын иргэд 30 хоног визгүй зорчино

1274Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүндэт зочноо ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Сингапурын хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

 

 

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний айлчлал нь тус улсын Засгийн газрын тэргүүн Монгол Улсад хийж буй анхны айлчлал болж байгаа бөгөөд  хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн түүхэн үйл явдал гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэлцээний үеэр онцлон тэмдэглэв.

 

Талууд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээнд яриа хэлэлцээ хийлээ.

 

Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.

 

 

 

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний айлчлалын үеэр Монгол Улсын Эрчим хүчний хөгжлийн төв, Бүгд Найрамдах Сингапур Улсын Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих