Үерийн улмаас 770 гаруй иргэн гэр оронгүй болжээ

1266

Баян-Өлгий аймгийн Өлгийн суманд 2016 оны 07 дугаар сарын 10-нд хүчтэй аадар бороо, мөндөр 30 минут үргэлжлэн орсны улмаас тус сумын 1, 6, 9, 11 дүгээр багийн айл өрхүүд үерт нэрвэгдсэн тухай  Онцгой байдлын Ерөнхий газар мэдээллээ. Үерийн гамшгийн улмаас 770 гаруй иргэн орон гэргүй болжээ.

 

Байгалийн гамшгийн үеэр 18 байшин нурж, нэг хүн нурсан байшинд дарагдаж, 110 орон байр, эд хөрөнгө усанд автаж, голын усанд нэг хүн боогдсон, хоёр байрны дээврээс ус нэвтэрсэн гэсэн мэдээлэл иржээ.

 

Онцгой байдлын газрын албан хаагчид оройн 22 цагт байшинд дарагдсан гурван хүнийг аварч эмнэлэгт хүргэсэн байна. Мөн усанд боогдсон 154 хүнийг аварч, голын усанд боогдсон нэг өрхийн таван хүнийг завиар аюулгүй газарт хүргэжээ.

 

Хүчтэй аадар борооны үеэр Өлгий сумын 9-р багийн иргэн Д-ийн гурван настай хүүхэд устай нүхэнд унаж амь эрсэдсэнийг Цагдаагийн газар шалгаж байгаа аж.

 

Аймгийн Онцгой комисс гамшиг болсон өдрийн 22 цагт хуралдаж, яаралтай хариу арга хэмжээ авах шийдвэр  гаргасан байна. Үүнд:

 

1. Аврах ажиллагаанд Онцгой байдлын газраас 35 албан хаагч, 4 автомашин, Цагдаагийн газраас 100 албан хаагч, 6 автомашин, Цахилгаан шугам сүлжээний газраас 6 хүн, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангиас 20 албан хаагч, туулах чадвар сайтай ЗИЛ-131 маркийн 2 автомашин, зам засварын “Жол” ХК-наас 10 ажилчин, Камаз маркийн 1, ковш 1, цэвэр, бохир усны “Суат” компаны 8 ажилчин, авто кран 1, квош 1, хувь хүний 1 кран техник хэрэгслийг дайчлан ажиллуулж байна.

 

2. 2016 оны 07 дугаар сарын 11-ний ѳдѳр Ѳлгий сумын 9 дүгээр багт Онцгой байдлын газрын 3 бүлэг, Ѳлгий сумын мэргэжлийн ангиийн бие бүрэлдэхүүн далан босгож, үерийн усыг Ховд гол руу урсгах 1 км гаруй шуудуу ухаж, усанд автагдсан болон нурсан блокон байшинтай айлуудын эд зүйлсийг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлсэн.

 

3. 2016 оны 07 дугаар сарын 14-ний ѳдѳр аймгийн Онцгой комисс дахин хуралдсан. Урьдчилсан байдлаар Ѳлгий сумын 160 гаруй ѳрхийн 640 хүн нэрвэгдэж, аймгийн Онцгой комиссоос үерт нэрвэгдэгсдэд шинээр газар олгох, орон байргүй үлдсэн иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

 

4.  Одоогоор үерт нэрвэгдсэн 104 өрхөд шинээр газар олгосон.

 

Эхний ээлжинд дээрх 640 хүнд хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгаа боловч нөхцөл байдал аймгийн онцгой комиссын хяналтад байгаа тул Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн туслапцаа дэмжлэг авахгүй хүлээж байна гэж ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих