Хятадын монопольчлол Ангела Меркелийг Монгол руу дуудав уу

Европын орнуудыг хамран бугласан эдийн засгийн хүндрэлийг илааршуулж мэдэхүйц санхүүжилтийн нэн шинэ төлөвлөгөөг даруйхан хэрэгжүүлж эхлэх тухай албан ёсны мэдэгдлийг  хийн, дэлхийн хөрөнгийн захуудад цаг зуурын ч гэлээ гэгээ авчрахад үлэмж нөлөөлсөн Германы Канцлер хатагтай Ангела Меркел өнөөдөр орой Улаанбаатарт буух гэж байна.

Канцлерын айлчлалын хүрээнд яригдах, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой  байгаа чухал асуудал нь эдийн засгийн стратегийн түүхий эд гэх тодотголтой  газрын ховор элементийн салбар гэдгийг айлчлалыг нь угтан гадны хэвлэлүүд мэдээлж байгаа. Энэ нь жирийн нэг мэдээ биш юм.

7-ны өдөр “Bloomberg” энэ тухай дамжуулсан бөгөөд эх сурвалжаа  ХБНГУ-ын Засгийн газрын нэр бүхий төлөөлөл гэснийг тодотгох нь зөв бизээ. Улмаар Холбооны Засгийн газрын байр суурь гэж хүлээж авахаас өөр гарц үгүй. Тэрчлэн Германы Канцлер Вьетнам улс дахь айлчлалаа өндөрлөөд Монголд ирж буйг анзаарахгүй өнгөрч болохгүй. Учир нь газрын ховор элементийн үлэмж нөөцтэй, тэрийгээ  зээл тусламжийн хариу болгож Наран улсын хэрэгцээг хангадаг Вьетнам улсад тэрбээр айлчилсан нь эдийн засгийн ихээхэн ач холбогдол дагуулж буй дүр зураг бийг  үгүйсгэх аргагүй юм.

Ингээд өгүүлэхээр  газрын ховор шороон элемент гэж юу юм бэ. Чухам яагаад тэргүүлэгч гүрнүүдийн нэг Герман улс онцгой ихээр сонирхоод байна вэ. Эдийн засгийн стратегийн түүхий эд гэгдэхийн учир юу вэ гэдгийг уншигч та мэдэхийг хүсч буй нь лавтай.

Тэгвэл газрын ховор шороон  элементүүд нь үелэх системд нэгэн дор  байрладаг 17 элементээс тогтсон нэг бүлэг аж. Тус бүлэг нь  иттрий болон лантанийн  бүлгийн лантани, цери, празедими, неодими, промети, самари, европи, гадолини, терби, диспрози, холми, эрби, тули, иттерби, литети гэсэн 15  элементээс   тогтдог байна. Эдгээр элементүүд нь  бүгдээрээ  металл  бөгөөд энэ бүлэг металлыг газрын ховор шороон  металл  гэж  мөн  нэрлэдэг аж. Мөн эдгээр  металлууд  нь өөр хоорондоо  ижил  төстэй олон  шинж  чанаруудтай   бөгөөд  орд газруудад хамт тохиолддог байна.

Харин хүмүүс бидний өдөр тутмын өргөн хэрэглээний олон тоног төхөөрөмжид газрын  ховор  шороон  элементүүд  болон  тэдгээрийг  агуулсан  хайлш  нь   хэрэглэгддэг.

Жишээлбэл 7 тэрбум гаруй хүн амтай дэлхий дээр одоогийн байдлаар 5 тэрбум гар утас байгаа гэсэн судалгаа бий бөгөөд тэдгээрийн  түүхий эд нь газрын  ховор   шороон   элемент. Мөн компьютерын, дахин цэнэглэдэг батерейн, зургийн  аппаратны гэхчлэн газрын ховор элемент болоод түүний нэгдэлгүйгээр бүтээгдэх тоног төхөөрөмж энэ зуунд алга байна.  Чухам яагаад эдийн засгийн стратегийн түүхий эд гэж онцлоод байгаагийн үндэслэлүүдийг хүргэхэд  атомын цахилгаан станц, атомын бөмбөг, цөмийн реакторын түлш, металлургийн үйлдвэрлэлд,  автомашины мотор, аккумлятор,  оптик линз, үнэт чулууны үйлдвэрлэлд гэхчлэн тоочвол тун урт дараалал үүсэх нь.

Харин түүний нөөц нь хүрэлцээтэй бус байгаа юм.  Тэгээд зогсохгүй ганц улс буюу Хятад гүрэн дэлхийн  газрын  ховор  шороон   элементийн 95 хувийг  дангаар олборлож байна. Тодорхой хэлбэл хэрэглээгээрээ ч,  олборлолтоороо ч  дэлхийд  монопольчлолоо хэдийнэ тогтоожээ.

Ерөөс газрын ховор элементгүй бол хүн төрөлхтөн  дэвшилтэт технологийн үр ашгийг үзэх боломжгүй. Тэгэхээр нөөц ховор энэ салбарын судсыг нэг улс 30-аад жилийн өмнөөс аажимаар атгаж ирсэн нь өдгөө дэлхий дахинд эхэлсэн шинэ тэмцлийн суурийг бэхжүүлж байжээ. Нэгэнтээ улс гүрнүүд газрын ховор элементийн төлөө өрсөлдөж байна.

БНХАУ сүүлийн 15-20 жилд дэлхийн улс орнуудын  газрын ховор элементийн эрэлтийн  95-97 хувийг хангасан гэсэн судалгаа байна. Гэхдээ өмнөд хөрш нийлүүлэлтээ хэдийнэ хязгаарлаад эхэлсэн. Энэ онд 30 хувиар багасгах тухай мэдээлж байв.  Дотоодын нөөцөө хадгалан үлдээх бодлогыг нүүрс гэхчлэн бусад ашигт малтмалууд дээр ч харуулж байгаа Хятад улс байгалийн өмнө буян үйлдэж байгаа гэсэн хүндэтгэх шалтгааны дор 2015 он гэхэд газрын ховор элементийн нийлүүлэлтээ бүрэн хумих тухай яригдаж байна. Мэдээж энэ нь бусад улс гүрнүүдэд тун тааруу мэдээ. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрийг нэгжих газрын ховор элементийн төлөөх даруухан мэт дайн эхлээд ид үргэлжилж байгаа юм.

Судлаач Д.Ганхуяг  газрын ховор элементийн талаар өгүүлсэн нийтлэлдээ  хөгжингүй орнууд газрын ховор элементийн  үйлдвэрлэлээ төрөөс шууд санжүүжүүлэх болсон талаар өгүүлээд  Германы аж үйлдвэрийн Холбооны ерөнхийлөгч Ханс Петер Хейтел: “Хэрэв бид улс төрийн шалтгаанаар өдөөсөн чухал түүхий эдийн хомсдлын эсрэг юу ч хийхгүй бол нэмэгдсэн өртөг бүтээх манай гинжин хэлжээ нуран унана. Энэ бол манай үйлдвэржсэн оронд аюултай” хэмээн өгүүлсэнийг иш татсаныг энэ удаа ч иш татах нь цагаа олсон хэрэг гэж үзэв. Мөн газрын ховор элементийн хязгаарлалтаа Хятад улс улам лавшруулсан нь үнийг нь 7-9 дахин нэмэгдэхэд  хүргэж  дэлхийн олон компани эл түүхий эдийн хомсдолд  орж, зарим нь зогсоход хүрсэн талаар,  Германы BDI-ийн тэргүүн “ашигт малтмал геополитикийн асуудал болоод байна” гэж дүгнээд Европын Холбооноос улс төрийн дэмжлэг хүссэн талаар ч өгүүлжээ. Тэрчлэн Германы Эдийн засгийн яамны сайд “Хятадын жишээгээр дэлхий даяар ашигт малтмалын хайгуул, олборлолтын ордуудыг худалдаж авах, улмаар олборлох компаниудад хөрөнгө оруулах”-ыг уриалсан тухай ч өгүүлжээ.

Газрын ховор элементийн салбар дахь  Герман Улсын албаны хүмүүсийн байр суурийг ийн онцлон хүргэх нь өнөөдөр ирж буй  Канцлерын  айлчлалын үнэн зорилго үүнд чиглэж байх магадлал хамгийн өндөр юм.

Нэмээд өгүүлэхэд аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарын түншлэлийн ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод олгосон. Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхэд чухал ач холбогдолтой гэх хэлэлцээрийн цаана   дэлхийн өндөр хөгжилтэй, Европын Холбооны гол хөдөлгүүр болж байгаа ХБНГУ-тай стратегийн түншлэлтэй болж, ХБНГУ-ын стратегийн сонирхол Монгол Улсад бодит байдлаар бий болно гэж Засгийн газар үзсэн. Тэрхүү стратегийн сонирхол нь дэлхийн эдийн засгийн стратегийн түүхий эд болох  Газрын Ховор Элементийн салбар болж таарч байна уу гэдгийг өнөөдөр асуух ёстой болж байна.

Эцэст нь өгүүлэхэд, Монгол Улс газрын ховор элементийн илэрц цаашлаад нөөц ихтэй гэгдэж буй. Гурван жилийн өмнөх  арваннэгдүгээр сарын 19-нд БНСУ-ын “Реалкокореа” ХХК-ийн мэдэлд очсон газрын ховор элемент бүхий Дорноговийн Хатанбулаг сумын нутаг дахь Лу-гийн голын орд нь “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах газруудын нэрсийн жагсаалтад орж байсан нь саяхных билээ.

Үүгээр дуусахгүй Өмнөговийн Мушгиа хад, Ховд аймгийн Халзан бүргэдтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Авдрант, Булган аймгийн Дашинчилэн сумын Агуйт, Дорноговь аймгийн Айраг сумын Модот-Уул  гэхчлэн олон газраас  дэлхий дахины анхаарлыг татсан ховор элементүүд илрээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих