УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв

14681262545781d42e960402016.07.10
Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсын маань эрх чөлөөт иргэд ээ,
Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монголчууд аа,
Манай сайхан оронд айлчилж байгаа болон ажиллаж амьдарч, улс түмний  найрамдал, найрсаг харилцааны элч болж буй хүндэт зочид гийчид,  гадаадын иргэд ээ,
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсны 810, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил монгол түмний их баяр цэнгэл, наадам болж байна. Наадам бол монгол түмний цог хийморийг сэргээж, итгэл сэтгэлийг бадраасан өнө эртнээс үүсэлтэй, гүн гүнзгий утга агуулгатай, ёслол төгөлдөр, үндэсний өвөрмөц ёс заншил, баяр цэнгэлийн манлай, туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт иргэдийн маань баяр бахархлын дээд билээ.
Ойрх түүхээс Ардын хувьсгалын 95 жилийн ойд онцгой ач холбогдол өгч байна. Түүхэн энэ хугацаанд онож, алдан зүтгэсээр улс Монголоо дундад эртний хоцрогдсон байдлаас орчин цагийн соёл иргэншил, улмаар хүн төрөлхтний өнөөгийн жам ёсны гольдролд оруулсан гол гавьяа Монгол Ардын Намд зүй ёсоор оногдоно. Ийм ч учраас наадмын өмнөхөн болсон Улсын Их Хурлын болон аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар улс оронд нүүрлэсэн төрийн хямрал, эдийн засаг, нийгмийн хүндрэлээс гаргаж чадах боловсон хүчний чадавх, зохион байгуулалттай улс төрийн хүч бол Монгол Ардын Нам гэж монголын ард түмэн үзэж, өндөр итгэл найдвар хүлээлгэлээ.
Энэ агшинд 95 жилийн тэртээ төр, улсыг байгуулахад хүн бүхний хүчин зүтгэл хэрэгтэй гэсэн их жанжин Д.Сүхбаатарын үг яг өнөөдөр хэлсэн юм шиг орой руу орж байна. Улс орон маань өнөөгийн хүндрэлээс өргөс авах мэт амархан гарах боломжгүй нь хэн бүхэнд тодорхой. Улс орноо өр зээлээс салгаж, эдийн засгаа сэргээхэд хүн бүхний хүчин зүтгэл чармайлт хэрэгтэй байна. Манай нам, мөрийн хөтөлбөрийн үзэл санаагаа ард иргэд та бүхэнтэй хамтдаа, халуун зуур эе эвээ хичээж байж сая хэрэгжүүлэх болно. Монгол Ардын Намын “Бид хамтдаа” хэмээх урианы учир холбогдол ч үүнд оршино.
Наадмын маргааш намар гэдэг. Зуны урин дулаан цагт тайвширч наазгайрахгүй намар, өвлийн бэлтгэлээ базааж эхлэх нь эн тэргүүний зорилт болж байна. Баяр цэнгэл наадмаасаа бид бүтээж туурвихын эрч хүч авч, улс орныхоо хөгжлийн дахин сэргэлтийн шинэ гарааг эхлүүлнэ.
Хүчит бөхчүүдийн бяр нь их, мэх даацтай,
Хуурнин шуугих аргамаг хүлгүүдийн шандас чанга,
Хүүхэд багачуудын гийнгоо хурц
Хараа хол харваачдын нум нь хөвчтэй, сум нь онц мэргэн байх болтугай.
Миний ард түмэн Монгол наадамдаа сайхан наадаарай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 


URL:

Нэр: kn Огноо: 13 July 2016

Сэтгэгдэлlgjgktj

Сэтгэгдэл бичих