Монгол түмний их баяр эрийн гурван наадам

1 (1)Долдугаар сар гэхээр таны төсөөлөлд юу бууж байна вэ? Дийлэнх олонд нь айраг, хуушуур, хурдан морь, бөх зэрэг наадмын холбогдолтой зүйлүүд төсөөлөгдөж  байгаа байх.Тэр нь ч аргагүй юм. Эрт үеэс монголчууд наадмыг долдугаар сард эрийн гурван наадмын төрлөөр тэмдэглэж ирсэн.Одоо ч мөн адил шанадаст хүлгийн хурд, хүчит бөхийн бяр чадал, нум сумын хэр эрчтэйг шалган баярладаг юм.

Энэ жил наадмын тэгш ой тохиож Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны  810 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэх юм.

 

Үндэсний бөхийн барилдаан

  Монгол түмний их баяр эрийн гуван наадам
 Монгол түмний их баяр эрийн гуван наадам
 Монгол түмний их баяр эрийн гуван наадам

Үндэсний бөхийн барилдаан  бол монгол эрчүүдийн уран мэх, бяр чадал, авхаалж самбааг шалгадаг нэн эртний наадгай юм. Энэ наадгайн өмсөх хувцас, дэвээ шаваа нь маш өвөрмөц.  Нэг бөх нийт 10 удаа давж байж тэргүүлдэг. Улсын баяр, орон нутгийн барилдаанаас шалтгаалаад цол нь өөр өөр байдаг. Улсын баяр наадамд тав давсан бөхөд начин цол,6-д харцага, 7-д заан, 8-д гарьд, 9-д арслан, 10-д аварга гэсэн  цол өгдөг. Цол хүртсэн бөх дахин энэ даваандаа хүрч амжилттай барилдвал начинд өсөх идэр, үнэн хүчит, заанд харилтгүй нэмэх, бат жавхлант, маш гайхамшигт, арсланд онц хүчит, өнөд нэмэх, өрнөн дэлгэрэх, аваргад олныг баясгагч, даяар дуурсгагдах, далай даян гэх мэтээр чимгийг дэс дараалан олгосоор ирсэн заншилтай. Улсын баяр наадамд 256, 512, 1024 бөх, орон нутгийн чанартай наадамд 32, 64, 128, 256 бөх зодоглодог. Монгол  бөхийн барилдааныг  бөхийн цэц, хөлийн сайд, хөл шүүмжлэгч, гарын даа нар  шүүдэг. Барилдах бөхийн малгайг засуул  авч нэр алдрыг нь дуудахад тэрээр бүргэд, харцага, шонхор, хангарьдын нисэх хөдөлгөөнийг дүрслэн дэвэн дэвсээр барилдах газраа очдог.

 

 

Барилдаад давсан бөх нь дэвэн гурвантаа ёслоод унасан бөх дээр ирж монгол ёсоор золгож тахим авах буюу тоос буулгах ёс хийдэг. Унасан бөх ойчсоноо мэдэгдэхийн дохио болгон зодогныхоо бүсийг тайлж тахимаа өгнө.  Харин унаагүй гэж үзвэл элэг бүсээ тайлалгүй өөрийн засуулын ард орж зогсон засуулаа хөлийн цэц рүү маргаан таслуулахаар явуулдаг. Барилдаад давсан бөх нь унасан бөхөөс тахим авах ёслол хийсний дараа засуулаасаа малгайгаа авч өмсөн барилдахын өмнөхтэй  адил дэвэн дэвсээр наадмын төв асрын өмнөх туг сүлдийг тойрон дэвж ёслол хийдэг бөгөөд асрын өмнө байх том цар тавагт буй идээ боорцогноос авч амсаад дээш цацлан уул усны эзэд, лус савдагт өргөн баярлуулдаг бэлгэдлийг хийдэг.

Бөхийн хувцас хэрэглэл:

 

  Монгол түмний их баяр эрийн гуван наадам
 Монгол түмний их баяр эрийн гуван наадам

 

 

1. Малгай  2.Зодог 3.Шуудаг 4.Гутал 5.Оймс 6.Гутлын боолт  

Монгол бөхийн малгайг дөрвөн талтай жанжин малгай хэмээдэг. Энэ  малгай нь дөрвөн тал чихэн дээрээ цалин мөнгөөр шармалдаж хийсэн хангарьдийн дүрс бүхий хадмалтай оройдоо суварга дээр суусан соёмбо ба эрхлэн наадаж буй хоёр загасны дүрс бүхий шармал чимэгтэй улаан загалмай бүхий малгай билээ. Монгол бөх малгай өмсдөг нь үндэсний цэрэг эрсийн хүч чадал, авхаалж самбааг сорин шалгаруулах тэмцээн болсоор ирснийг харуулдаг.

Бөхийн өмсгөлийн дотроос хамгийн гол нь зодог, шуудаг юм. Учир нь энэ өмсгөл нь бөх барилдаж хүч тамир шалгаруулах үед уран мэх хийх, барьц барьж олоход хамгийн тохиромжтой. Бөхийн зодог нь ханцуй, ар цээж бүхий цамцны загвартай төстэй боловч  энгэргүй байдаг. Зодогны ханцуйн үзүүрт уяа боолттой, түүний элэг бүсийг зөөлөн эд, хадгаар хийдэг. Бөхчүүд элэг бүсээ чанга, сул бүсэлж уях нь барилдахад чухал ач холбогдолтой.

Шуудаг ч  бас өвөрмөц хийцтэй. Шуудгийг бөх бөсөөр урлах бөгөөд хоёр ташаандаа суран уяатай байдаг.

Бөхийн өөр нэг өмсгөлийн зайлшгүй нэг элемент нь монгол гутал. Монгол гутлын ул хавтгай, өргөн байх учир суурь сайтай. Мөн цохих, таших, хавсрах, өлгөх зэрэг хөлөөр хийх мэхэнд монгол гутал туйлын тохиромжтой. Барилдах үед гутлаа ногтлон боодог, тэр боолт нь гутал ханзрах, нөгөөтэйгүүр хальтрах, гулсах зэргээс хамгаална. Мөн гуталд хонгоны (түрий) боолт хэрэглэх бөгөөд түүгээр гутлын түрийний урд талын омгийг хумхиж, эрээн бүдүүн булчингийн дээгүүр даруулан боодог. Түрийний боолтыг тусгай булигаар сарьсаар угалз тавин урлаж хийдэг. Боолт нь хөлд гутал холхихгүй, нөгөө бөхөд барьж өгөхгүй, түрүүг нэг газар хөдөлгөөнгүй барих зориулалттай.

Оймсыг монгол цагаан эсгийгээр хийж өмсөх нь хөл мэх хийхэд бэртэхгүй байх ач холбогдолтойгоос гадна гутлын түрийнээс дээш гарсан хэсэг буюу оймсны харааг үндэсний чамин хээ угалзаар чимсэн байх нь бөхийн гоо сайхныг улам нэмдэг.  

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

  Монгол түмний их баяр эрийн гуван наадам
 Монгол түмний их баяр эрийн гуван наадам

 

 

Монголчуудын хувьд хурдан морины уралдаан маш эртний үүсэлтэй нь маргаангүй.Монголчууд таван хошуу малаа маллан өсгөх, хариулах, өвс бэлчээр сонгох талаар бүхэл бүтэн мэдлэг ухааныг буй болгосны дотор сайн морь, хурдан хүлгийг шинжин таних, морь уяж сойх арга бүрдүүлэн морь уралдуулж наадам хийх журам ёсыг тогтоон бий болгосон юм. Баяр наадамд хурдан морь уралдуулах ёс журам өвөрмөц онцлогтой. Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд бас насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг.

 

Үүнд: Насаар нь:

  • Даага – 2 настай
  • Шүдлэн – 3 настай
  • Хязаалан – 4 настай
  • Соёолон – 5 настай
  • Азарга – 7-оос дээш настай буюу Нас гүйцсэн
  • Их нас (Бүдүүн морь) – 7-оос дээш настай буюу Нас гүйцсэн.Мөн:
  • Жороо – сайхан явдалтай хэмээн ангилан уралдуулдаг.Мөн газрын хол ойрыг  их насны морьдыг барагцаалбал 25-30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулдаг юм. Морьдыг 6-13 насны буюу ихэнхдээ 6-8 насны хүүхэд унаж уралддаг байна.Хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсдөг. Мөн хурдан морины гөхөл, сүүлийг үзэмжтэй сайхнаар засч янзлан боодгоос гадна уралдаанд ирэх үед нь хөлс хусах хусуур, сойз мэтийг гоё чимэглэлтэй хийж, хүлгийн хүч чадлыг бэлгэдсэн хээ угалзаар чимэглэдэг. Уралдаанд түрүүлсэн моринд “Түмний эх”, бүх барьсан морьдын хамгийн сүүлчийн буюу тасалгаанд орсон моринд “Бүрэн жаргал” гэсэн цол өгнө.

 

 СУР ХАРВАА

 

  Монгол түмний их баяр эрийн гуван наадам

 

 

Эрийн гурван наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Монголчууд эртнээс дайтах намнахад дадсан, «Эрхийдээ эрчтэй» мэргэн харваачид билээ. Сур харвааны хамгийн эртний хэлбэр нь аль болох хол зайд бай шавыг цэцэн мэргэн оноход чиглэгдсэн зэв нүүлгэх тэмцээн байв. Зэв нүүлгэх хэмээн нэрлэсний учир нь болцуут сум арай хожуу үүссэн учраас эрт үед зэвт сум ихэвчлэн хэрэглэдэг байсантай холбоотой юм.Өдгөө энэ нь эгнүүлэн тавьсан сурыг алсын зайнаас харвах спорт болон өвлөгджээ. Сурын харваа нь хэд хэдэн янз байна:

  • Буриад харваа
  • Халх харваа (Үндэсний сур харваа)
  • Урианхай харваа

Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийн цуваа байдлаар, эсвэл багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг ажээ.
Мөн орчин үеийн сур харвах наадмын үед уухайлдаг ёс бий. Энэ нь сур харвахад урьж уриалсан уухай, байгаа оносон баярын уухай, угтан авсан самбарын уухай гэж гурван янзын аялгуутай бөгөөд эдгээрийг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол чимэг олгодог байв. Тухайлбал наадамд сур сайн харвасан хүмүүст маш гайхамшигт мэргэн, хичээнгүй зоригт мэргэн, улам нэмэх хурц мэргэн, нягт идэр хурц мэргэн, өрнөн дэлгэрэх идэр мэргэн, чин итгэлт хэтэрхий мэргэн зэрэг цолыг олгож байжээ. Өнөө үед сурчдын амжилтыг өөгшүүлсэн шинэ цол олгодог журамтай болсон байна.

 

Нум сумны (хэрэглэлийн)

ерөнхий нэр

  1. Нум хайгуул, товхны хамт
  2. Нумны хөвч, амгайвчны хамт
  3. Сум болцууны хамт
  4. Эрхийвч
  5. Бугуйн ороолт (тохойн боолт), гогцоо хавчуургын хамт
  6. Сумны ховд сум халаах алчуур (зөөлөн цэмцэ)
  7. Нумны гэр (уут) эдгээрээс хэрэглэл бүрдэнэ.

 

 

  1. Бариул
  2. Хичир
  3. Самсаа
  4. Матах хэсэг
  5. Өвөр тал
  6. Ар тал
  7. Амгайвчны онь
  8. Товх
  9. Хайгуул уяаны хамт эдгээрээс үндсэн бүрдэл болох бөгөөд энэ дурьдсан хэсгүүдийг сайн чанарын загасан цавууг тусгай жорын дагуу найруулан наах журмаар эвлүүлдэг.

Бэлтгэсэн:Ц.Соёл-Эрдэнэ 


URL:

Сэтгэгдэл бичих