Өрийн хямрал шийдэгдэх сургаар зэсийн үнэ өслөө
Лондонгийн бирж дээр зэсийн үнэ сүүлийн 20 сард үзэгдээгүй өндөр өсөлттэй байлаа.
АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд өмнө нь тандаж байснаас илүү эерэг дүнг үзүүлж, Европын удирдлагууд бүс нутаг дахь өрийн хямралтай тэмцэх арга хэрэгслээ зарлаж эхэлсэнтэй холбоотой ийм үзүүлэлт гарлаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрөгч лхагва гаригт Вloomberg-ийн мэдээлснээр АНУ-ын компаниуд эдийн засагчдын тооцоолж байснаас илүү их ажлын байр бий болгож, үйлчилгээний салбар нь өндөр өсөлттэй байж чаджээ.
Европын Холбооны удирдлага өрийн хямралын асуудлыг шийдэх зорилгоор банкуудад дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа талаар ОУВС-аас мэдэгдсэн нь биржийн самбарт бодитоор илэрч байна. Лондон дахь Natixis түүхий эдийн биржийн тэргүүн Ник Браун “АНУ-ын биржид дээрх тоон үзүүлэлтүүд бага нөлөөлж байгаа, харин Европын банкуудад орох хөрөнгө оруулалтын тухай яриа зах зээлд эерэг хандлага авчирна. Зах зээл дээрх асуудлаар ямар нэг зохицуулалт хүлээсэн байдалтай байгаа” гэж мэдэгджээ.
Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ 4.6 хувиар буюу 313 ам.доллараар өсч тонн нь 7133 ам.доллар боллоо. Ийм өндөр хувиар өссөн тохиолдол хамгийн сүүлд 2010 оны хоёрдугаар сард гарч байсан.
Нью-Йоркийн Comex биржийн хувьд зэсийн өсөлт 5.3 хувь байв.
ADP Employer төвийн мэдээлснээр өнгөрсөн 9-р сард АНУ-ын компаниуд 91 мянган ажлын байр нэмсэн нь Bloomberg-ээс эдийн засагчдын дунд явуулсан судалгааны дундаж прогнозоос дээгүүр байна.
Мөн зэс худалдан авах захиалга 1.8 хувиар буюу 1050 тонноор нэмэгдэж 60.000 тонн болсон нь 2009 оны 5-р сараас хойшхи рекорд үзүүлэлт юм.
URL: