Эрүүл ухаантанууд л эрүүл мэндийн сайдын томилгоог хийгээсэй
Өнөөдөр МАН-ын бага хурал болно. Мэдээж Засгийн эрхийг гартаа авсан улс төрийн хүчний хувьд бага хурлын үр дүн нь тухайн намд бус Монголын ирээдүйн дөрвөн жилд маш чухал. МАН-ын энэ удаагийн бага хурлыг Ерөнхий сайд болон салбарын сайдуудын томилгоо хийгдэнэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа. Хямарсан дөрвөн жилийн нүүр үзсэн иргэд дахин ямар нэгэн эрсдэл үүрэхгүйн тулд зөв цаг үед, зөв сонголт хийнэ гэж итгэж байгааг үгүйсгэхгүй. Тэр дундаа манай улсын эрүүл мэндийн салбар дээсэн дөрөөн дээр байгаа. Тиймээс ч ойрын өдрүүдэд энэ салбарын уналтыг зогсоох, иргэдийн эрүүл мэндэд бүрэн анхаарал тавьж чадах, бас ч үгүй салбартаа олон жил ажилласан чадварлаг боловсон хүчнийг хэн хүнгүй хүлээж байгаа. Тэгвэл энэ салбарын сайдаар нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Бямбадорж, эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, Арьсны төвийн дарга А.Цогцэцэг, АН, МАН, МАХН-ын алинд нь ч нүүр алддаггүй Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар нарын нэрс дуулдаж байна. Дээрх нэрс нь тодорсон нөхдүүд дунд үнэндээ тэр нь сайн гээд хэлчих хүн байхгүй санагдана. Ер нь эрүүл мэндийн салбарын дампуурал эмнэлгээсээ эхэлснийг мартаж болохгүй. Дээрх дарга нар нь сүүлийн арав гаруй жил тус тусын эмнэлгүүдээ удирдаж нам намын үед суудлаа хадгалан ирснийг бүгд мэдэж байгаа. Гэтэл зарим эмнэлэгт эм тариа байргүй, оочер дугаартай ард иргэд өдөр бүр бухимдаж байгаа билээ. Тиймээс МАН-ын удирдлагууд болон бага хурлын төлөөлөгчид энэ салбарын сайдыг томилох асуудалд нухацтай хандахгүй бол тариурын үзүүрт биш үзэгний үзүүрээр хүний амь нас эндэх аюул ч тулгарч магадгүй болоод байна. Уг нь боловсон хүчнээр баялаг энэ намд чадвартай, мэдлэгтэй, туршлагатай эрүүл мэндийн салбарыг аваад явчих чадвартан олон. Тиймээс сайдын томилгоог хэрхэн хийхээс шалтгаалж МАН-ын төдийгүй монголын ирээдүйн дөрвөн жилийн өнгө харагдана. Мэдээж сайдын суудал үнэ цэнэтэй. Тиймээс МАН-ын бага хуралд маш их зөрчилдөөн гарах нь тодорхой. Ямартай ч иргэдэд эрүүл мэндийн сайд нь хэрэгтэй байгаа болохоор сайдуудын томилгоог хүлээхээс өөр арга байхгүй.
Б.Баяраа
URL: