“Шахцалдах” хүрээлэнгийн тасалбар

1201607061467767255 Энэ жил ч ялгаагүй бензин шатахууны үнэ өсөөд талх тариа гурил будаа, төмс ногоо, мах сүүний үнэ талийсан. Төсөв мөнгөө, түрүүвчинд байгаа хэддээ тохируулахгүй бол наадмаар намирч, дараа нь хямрахад хүрч болзошгүй шинжтэй.

 

Хэдхэн хоногт гэдсээ хагартал идэж уугаад бусад өдөр нь хоосон хонолтой биш. Цэнгэлдэх орж, нээлт үзэж хуушуур зооглохгүй бол наадсан болохгүй. Морь үзэж, хөлсөнд нь хүрэхгүй бол хийморь сэргэхгүй. Найз нөхөд, ах дүүстэйгээ салхинд гарч, хорхог хийсний л дараа сая нэг баярласан болдог хойно.  Тэгээд ч жилд ганц болдог наадмаараа нарийлаад суултай биш. Бусдаас илүү гарч баярладаггүй юм аа гэхэд дутахгүйн тулд бүгд л хичээдэг шүү дээ. Энэ жил их гоё наадам болох юм гэсэн. Олон ч түүхт ой тохиож буй болохоор үзэх юм их л байх бололтойдог.

Дэнж  хотойтол наадаж, дэлгэр зуныг баясгадаг баяр маань мөнгөний баяр болоод удаж буй. Цор ганц хэмээх цол гуншинтай төв цэнгэлдэх наадмын өдрүүдэд “Шахцалдах” хүрээлэн болж хувирдаг нь нууц биш. Наадамчин олны үзэж сонирхох гол зүйл нь наадмын нээлт “Энэ жил наадмын нээлт ямар болох бол” хэмээн хүлээх хүн олон ч, биеэр очиж цэнгэлдэхэд тухлан сууж үзэх нь цөөн. Мөн бөхийн хорхойтнууд цэнгэлдэхийн ойр орчмоор тайлбарыг нь сонсч, наадамлах нь энгийн үзэгдэл.

Сураг сонсох нь ээ гадны жуулчид дотоодын наадамчдад худалдаалдаг наадмын тасалбарын орлого улсын биш хувийн, тэр дундаа ганцхан  хүний халаасанд ордог бололтой. Баяр болох гэж байхад бэлгэшээлгүй зүйл ярих гэсэндээ биш. Зүгээр л хүмүүсийг наадамлаж байх хооронд нөгөө талд өөр хүмүүс баяжиж байдгийг хэлэх хэрэгтэй байх. Малынхаа махыг хүртэл ченжийн дамжлагад оруулчихсан манай нийслэлд ер нь ченжээр дамжаагүй зүйл гэж огт үгүй. Хүмүүс жил бүрийн наадмаар баярын нээлт үзэж чадаагүйдээ сэтгэл дундуур хоцордог. Аргагүй шүү дээ.  Олдоц муутай наадмын нээлтийн тасалбарыг хотын захиргаанд танил­тай нэг нь бөөндөж аваад хэд хэд нугалж шагладаг болохоор амьдрал дундаж, бэл багатай эгэл ард ийнхүү  жилд ганц тохиох улсын баяр наадмын нээлт үзэх эрхээ мөнгө, эрх мэдэлтэн хоёроор боомилуулдаг. Мэдээж  хотын захиргааны хүмүүс шаглаж зарсан билетнээсээ шаггүй ашиг хүртдэг нь илт. Энэ  нь наадамчин олныг хэтэвчнийх нь нимгэн зузаанаар даажигнах шиг.

Энэ жилийн баяр наадмаар өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан шиг урлаг, спортын арга хэмжээнүүдээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт уламжлал болон зохион байгуулагддаг  спорт, урлагийн тоглолт, шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолтууд болох аж. Баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нарыг шалгаруулжээ. Гэтэл энэ сайхан үзүүлбэрийг үзэж мэлмийгээ баясгах эрх хүн бүрт олдохгүйнэ.

Энэ наадмын нээлт үзэх тасалбар нь 16-24 мянган төгрөг. Жуулчдад зориулсан тасалбар нь 25 ам.доллар юм. Харин наадам үзэх багц тасалбар буюу долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд наадмын нээлт болон, бөхийн барилдаан, наадмын хаалт үзэх тасалбар нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байршлаас хамаарч 16, 20, 24 мянган төгрөгийн үнэ байх аж. Тасалбарыг  Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассуудаар маргаашнаас худалдаалж эхлэнэ.

Жилийн жилд тасалбар авсан хэрнээ наадмын нээлтийг үзэж чадахгүй үлдэх тохиолдол гардаг.

2013 оны хотын төсвийг хэлэлцэх үеэр нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт цэнгэлдэхийн дээврийг битүүлэх тухай тусгасан ч ажил хэрэг бололгүй цаасан дээр үлдсэн. Бодвол энэ жилдээ амжаагүй байх л даа. Гэвч цэнгэлдэхийн сүүдрэвчтэй, сүүдрэвчгүйгээсээ шалтгаалж харилцан адилгүй үнэтэй тасалбар хэдий болтол мөрдөгдөх вэ гэж асуумаар санагдана. Одоо ч бүүр дашин шог боллоо доо, засаг солигдсон үед энэ жилдээ лав их энэ жил хэрэгжихгүй, хугацаа нь ч тулчихлаа. Тэгээд ч нийт суудлынх нь 50 хувийг эзлэх сүүдрэвчтэй нь сүүдрэвчгүй хэсгээсээ даруй хоёр дахин үнэтэй гэдэг. Зардлаа нөхөх гэсэндээ суудалд нь сүүдэр туссан үгүйгээс хамаарч үнийг нь ялгаатай тогтоож болно. Ер нь тэгээд жилдээ цөөн тоогоор салхи оруулж, ашигладаг цэнгэлдэх хүрээлэнгээ жилийн дөрвөн улиралд үүдээ нээж урлаг спортын тоглолт зохион байгуулдаг бол жл бүр амьтны хараал барж, төсөвт суулгуулж болсон болоогүй засвар хийхгүй л байсан болов уу.  Гэхдээ суудлынхаа тоогоор тасалбараа борлуулж бас болмоор. 2014 оны засварын ажлын хүрээнд цэнгэлдэхийн нийт суудлыг дугаарлахад 12 мянга 377 суудалтай гэж гарсан гэдэг. Гэтэл наадмаар суудал нь дүүрч, тасалбартай ч орж чадаагүй түүх бий. Нэгэнт суудал байхгүйтэй эвлэрсэн наадамчид цэнгэлдэхийн гаднах дэлгэцээр бөх, нээлтийн үйл ажиллагааг үзэх нь хэвийн зүйл мэт болж. Үнэндээ шинээр барьж дийлдэггүй юм аа гэхэд дээвэртэй болгоё гэж хэдэн жил ярив даа. Ярьсан ажлаа умартлаа гэхэд ядаж тасалбарынхаа үнээр иргэдийг битгий шулаач эрх мэдэлтнүүд ээ.

Хэл ам, хэрүүл шуугиантайгаар нэг юм наадаж дуусахад “Дараа жилийн наадам даан ч хол байна” гэсэн  шиг өнөөх цэнгэлдэхийн асуудлыг  умартан маргааш, маргааш гэж хойшлуулсаар ирэх жилтэйгээ золгосоор байх уу.

Ж. ЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих