Долоо дахь удаагийн ПАРЛАМЕНТЫН бүрэн эрх эхэллээ

13603325_1744588052487164_8913200796039173000_oСонгуулийн шөнө тахимаа өгсөн АН-ын дарга З.Энхболд болон МАХН-ын дарга Н.Энхбаярын мэдэгдлээр долоо дахь удаагийн парламентын анхдугаар чуулганы өглөө эхлэв. Тэдний мэдэгдэл сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн Ерөнхийлөгчийн захирамжийг эсэргүүцсэн байв.

Гэвч анхдугаар чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч сонгуулийн дүнтэй санал нийлж буйгаа зарлаж, СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн намын дарга нарын мэдэгдэлд няцаалт хийсэн юм. Энэ удаагийн парламентад МАН 65, АН ес, МАХН нэг, бие даагч нэг гишүүн сонгогдсон. Намын дарга нар СЕХ-ноос Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн гишүүдийг тангараг өгөх эрхгүй хэмээн үзэж байсан. Үүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна. Сонгуулийн бүх шатны байгууллага энэ удаагийн сонгуулийг эмх цэгцтэй, ил тод, хуулийн дагуу сайн зохион байгуулсныг энд тэмдэглэе. Иргэд сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгуулийн ирц анх удаа өссөн дүнтэй гарсан. Сонгуулийн автоматжуулсан төхөөрөмж давуу талаа дахин нотоллоо. Дүн гарах үйл явцыг тойрог, нэр дэвшигч тус бүрээр шууд дамжуулж харуулсан нь иргэд сонгогчдын талархлыг хүлээв. Монголын түүхт төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах түшээ болно гэдэг их үүрэг хариуцлага, их нэр төр, эрхэм нийтлэг эрх ашиг юм. Үүнд Та бүхнийг тэнцэж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний бүрэн эрхийг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь Монголын ард түмний хийсэн сонголтод нийцнэ гэж үзэж байна. Ийнхүү УИХ-ын долоо дахь удаагийн анхдугаар чуулган нээснийг мэдэгдье” гэв.

Улмаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн үр дүнг чуулганы тев индрээс танилцуулсан. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

О.Баасанхүү:
-АН-ын дарга З.Энхболд өчигдөр ноцтой мэдээлэл хийлээ. Санал өгсөн хүний тоо, саналын хуудас хоёр зөрсөн гэсэн. Хэрвээ сонгууль будлиантуулсан нь тогтоогдвол УИХ-ын гишүүний тангараг өргөсөн ч буцаан татаж болох уу?

Ч.Содномцэрэн:
-Тухайн мэдээллийн дараа Улсын бүртгэл, статистикийн газраас тодруулсан. Ямар нэг саналын зөрүү гараагүй. Саналын хуудасны тоо нэгдүгээр машин 623, хоёрдугаар машин 720 байсныг хольж ойлгож ярьсан байна лээ.

Л.Болд:

-Зарим хүмүүс сонгуулийн автоматжуулсан машиныг “Хар” гэж өнгөер нь нэрлээд эсэргүүцээд, шатааж ч байсан. Өнөөдөр харин хүлээн зөвшөөрч байх шиг байна. Гэхдээ сонгуулийн санал авах машин баталгаатай ажиллаж байгаа юу. Хар машины тоонд итгэж болж байна уу, үгүй юу. Мөн “царцааны нүүдэл” дахиад гарсан юм уу. Яагаад хориглоогүй юм бэ?

Ч.Содномцэрэн:
-Сонгуулийн автоматжуулсан системийн хууль 2011 онд батлагдсан. СЕХ энэ хуулийг хэрэгжүүлж ажилласан. Тэр хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг хангаж ажилласан. Найдвартай эсэхийг энэ удаагийн сонгуулиар харлаа. Бид төв серверт ирж байгаа дүнг шууд дамжуулсан. Ингэснээр эргэлзээ төрүүлэхгүй болсон байх. “Царцааны нүүдэл”-ийг хуулиар хориглоогүй. Нийтдээ 18 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн. Нарийн мэдээллийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт байдаг.

Ц.Нямдорж:
-Засаглах бүрэн эрх өгсөн ард түмэндээ баярлалаа. 2004 оноос хойш анх удаа тайван сонгууль боллоо. 2004, 2008, 2012 онд маргаантай байсан бол энэ удаад ард түмэн хаан шийдвэрээ гаргалаа. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг 65 суудал авсан намынхаа нөхдөд зориулж хэлмээр байна. Нэг зүйл асуухад 2016 оны сонгуулийн явцад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага харагдав уу. Цаашид өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол СЕХ саналаа УИХ-д эрт оруулах шаардлагатай.

Ч.Содномцэрэн:
-Сонгуулийн хуульд зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйлс бий. Ойлгомжгүй, хүндрэлтэй заалтууд байсан. Үүнээс харахад УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг тусад нь батлах шаардлагатай гэж үзэж байна. Энэ намар СЕХ-ноос саналаа УИХ-д өргөн барина.

С.Эрдэнэ:
-Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байна. Хэт олонхдоо бардаж Монгол төрийн албыг гуйвуулахгүй байх гэдэгт итгэж байна. Сонгуулийн өмнө явж байсан мэдээллийг СЕХ шалгах байх. Монгол төрд ажиллаж байгаа олон мянган иргэн бий. Аль нэг намын гишүүн байснаараа хэн нэгэн хүн хэлмэгдэх ёсгүй. Тангараг өргөсөн төрийн алба хаагчдаар битгий оролдоорой.

С.Бямбацогт:
-2000 оны сонгуулиас хойш 100 хувийн ирцтэй тангараг өргөх гэж байна. Монгол төрийн бодлого тогтвортой, залгамж халаатай үргэлжлэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн турш МАН-д амаргүй байсан. Хар машинд итгэхгүй байгаа хүмүүсийн эргэлзээ тайлагдсан биз гэж ярьж байна. Гэтэл хар машинд МАН-ынхан биш Монголын ард түмэн итгэхгүй байсан. Хар машинд МАН-ын гишүүд итгэхгүй байсан гэж зарим хүн хэлж байна. МАН биш Монголын ард түмэн итгэхгүй байсан юм. Энэ эргэлзээг тайллаа. Иргэдтэй уулзах бүрт хар машиныг шүүмжилдэг байсан. Тиймээс техникийн тооллогыг заавал гараар тоолох заалтыг хуульд оруулсан. Техникийн тооллоготой холбоотой асуудал сая гарав уу? Цаашид ер нь хар машины техникийн тооллогыг хэрхэн явуулбал зөв зүйтэй гэж СЕХ харж байна.

Ч.Содномцэрэн:
-Автоматжуулан систем дээр СЕХ УИХ-аас баталсан хууль тогтоомжийг л хэрэгжүүлж байгаа. Мянга гаруй хэсгийн хорооны 840-д техникийн тооллого хийсэн. Маргаан гараагүй.

Ж.Мөнхбат:
-Хар машиныг шатаасан хүн нь би. Ингэсний хүчинд хар машин шударга ажиллаа гэж бодож байна. Би хэсгийн хороодод 100 хувь гар тооллого хий гэж шаардаж байсан. Гэхдээ энэ нь 50 болж хуульд орсон. Үүний хүчинд сонгууль шударга боллоо.

Ч.Содномцэрэн:
-Техникийн тооллогын ганц энэ жил хийгээгүй. 2012 онд хяналтын тооллого хийсэн. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн. Нэг ч зөрүү гараагүй.

Я.Содбаатар:
-Хуулийн нарийн зохицуулалтыг цаашид анхаарах хэрэгтэй байна. Орон нутгийн сонгуулийг цаашид салгаж явуулмаар байна. Сонгогчид саналаа өгөхөд ихээхэн хүндрэл гарсан. Саналын хуудсаа хүчингүй болгож байсан. Мөн саналын хуудас дутсан. Аймаг, нийслэлийн нийт ИТХ 7 дугаар сарын 19-нд хуралдаж шинэ Засаг дарга, ИТХ-ын даргаа сонгох ёстой. Энэ ажлыг цаг тухайд нь явуулахад анхаараарай.

Ч.Содномцэрэн:
-Энэ сонгуулийн үед 18 мянга гаруй сонгогч шилжсэн. Үүнтэй холбоотой саналын хуудас дутах зүйл гарсан. Гэхдээ нийслэлд дутаагүй. Орон нутгаас саналын хуудас дутаж магадгүй байна, чиглэл өгөөч гэж хүсэлт ирсэн. Хамгийн дээд тал нь 32 саналын хуудас дутсан байсан. Бид хэрэв дутвал хэвлэж тараах чиглэл өгсөн ч мэдээ авсны дараа тогтоолоо хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл олшруулсан саналын хуудсыг хүчингүйд тооцсон гэсэн үг. Улсын бүртгэл, статистикийн газраас тодруулахад сонгогч шилжсэнд хуулийн зөрчил илрээгүй байсан.

Ж.Батзандан:
-Сонгуулийн систем сайн, амжилттай байсан. Хар машины хүчээр УИХ-д орж ирсэн хүмүүст хар машинаа битгий дахиж шатаагаарай гэж хүсье. Энэ сонгуулийн шударгаар хийж, Ардчилсан төрөө хуулийн хүрээнд байгуулах нь зөв. Та бүхэн өнгөрсөн дөрвөн жил хулгайтай тэмцэнэ гэж ярьсан. Хулгайтайгаа тэмцсэн шиг тэмцээрэй. Оффшортой тэмцэнэ гэсэн. Офшортонгуудтайгаа сайн тэмцээрэй. Эрх баригчдад цөөнхөө ойлгох хүлээц, тэвчээр хэрэгтэй.

Ийнхүү гишүүд үт хэлж дууссан. Дараа долоо дахь удаагийн УИХ-ын хамгийн ахмад гишүүн Ч.Улаан “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээснийг бусад гишүүд даган уншсан юм. Улмаар шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлснээр долоо дахь удаагийн парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Шинэ бүрэлдсэн парламентын анхны томилгоо нь УИХ-ын дарга, дэд дарга нар байсан юм. Анхдугаар чуулганаар дийлэнх олонхийг бүрдүүлсэн МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад М.Энхболдыг нэр дэвшүүлсэн. Түүнийг 76 гишүүний 66 нь дэмжив. Хуралдаан даргалагч Ч.Улаан гишүүн шинээр томилогдсон даргад УИХ-ын гардуулж, өгснөөр долоо дахь удаагийн парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн нь энэ байлаа. УИХ-ын даргаар томилогдсон М.Энхболд мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана гэдгээ онцолсон юм. Улмаар МАН-ын бүлгээс Ц.Нямдоржийг, АН-ын бүлгээс Я.Санжмятавыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүдийн олонх дэмжин томиллоо.

 

 

Д.Мягмардорж /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL: http://www.fact.mn/277872.html

Сэтгэгдэл бичих