Төр хэзээ өмчөө мэдэж Д.Бямба-Очирын халааснаас гарах вэ?
Төрийн өмчийн нэртэй боловч хувийн байгууллагуудаас хэтэрсэн эрх дарх эдэлж, ямба нь янтайсан захирлууд олширч төр өмчөө мэдэхээ болиод удаж байна. Төрийн өмчийн хорооноос “Бараа үйлчилгээнийхээ худалдан авалтын тайланг ил болго” гэсэн шаардлагыг төрийн өмчит компаниудын захирлуудад хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тэд хаанаас ямар бараа үйлчилгээг хэдэн төгрөгөөр худалдан авсан, ямар тендерээр шалгаруулсан гэдгээ ил тод олон нийтийн өмнө мэдээлэхгүй л байна. Уг нь төрийн өмчийн хорооны энэ шаардлага нь шахааны бизнесийг таслан зогсоох зорилготой гэх юм билээ.
Шахааны бизнес хэмээх төрийн өмчийг даган бий болсон, өндрөө авсан энэ нэг мөнгөний шахуургыг таслах хүч төрд үнэхээр дутагдаж байгаа. Үүнийг таслах хүч, үгүй хийх сонирхол төрийн удирдлагад буй нөхдөд байхгүй. Хүсэх л юм бол төрд юуг ч , ямар ч хэмжээгээр шахаж болдгийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн захирал Д.Бямба-Очир яруу тодоор харуулдаг. Энэ удаад түүний эхнэрийн болон хүүгийнхээ компаниар дамжуулан тэднийгээ “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийг толгойлохдоо хэрхэн хооронд нь холбож хэдэн арван саяар тоологдох үнийн дүнтэй бизнес явуулдгийг түр азнаад зөвхөн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг яаж зөрчсөнийг нь өгүүлье.
Өнгөрсөн жил төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хэд хэдэн захирал улсад багагүй хэмжээний хохирол учруулсан тухай хэвлэлүүд хэсэгтээ шуугиад нам болсон. Эдэн дотроос “Шивээ Овоо” болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн удирдлагууд нэг тэрбум 829 сая төгрөгийн төлөвлөгөөгүй худалдан авалт хийсэн нь төрийн өмчийг үрэн таран хийсэн захирлуудын жагсалтыг магнайлж байлаа. Монгол улсын хэд хэдэн хууль, Засгийн газрын тогтоол, холбогдох журмуудыг зөрчиж улсад их хэмжээний мөнгөний хохирол учруулсан энэ захиралд харин хэн ч хариуцлага тооцсонгүй. Д.Бямба-Очир “суусан газраасаа атгаад боссон шороо”-гоо хүртэл улсад шахаж мэдэх нөхөр гэж хүмүүс ярьдаг нь нууц биш юм. Тэрээр жил жилд нь л худалдан авах ёстой ажилчдын нормын хувцас, бээлийг гэхэд л нэг дор бөөндөөд гурван жил өмсөхийг худалдаад авчихсан байсан нөхөр.
Уг нь Төрийн өмчийн хорооноос сүүлийн хоёр жилд төрийн өмчит 21 компанийн захирлыг сольсон гэсэн тоо баримт хэлдэг. Эднийг сольсон шалтгаанаа бүгдийг бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил гаргаснаас болсон гэж тайлбарласан. Гэтэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ний захирал Дагвашадавын Бямба-Очир бараа үйлчилгээ худалдан авалтын зөрчлөөрөө тэргүүлж тэрбумаар нь “намнасан” хэрнээ энэ олон халагдаж солигдсон захирлуудын альхан сиймхийгээр нь нуугдаад үлдчихэв ээ. Тэмээн чинээ зөрчилтэй Д.Бямба-Очир гэдсээ илж, галуу шувууны мах эргүүлэн гадаад далай дамнаж ниссээр байхад тэвнийн чинээ зөрчлийг олж харж холио солио хийдгээ гайхуулж суух нь ч нэн сонин. Нэгэн цагт “Эрэл”-ийн Эрдэнэбатын нам, халаас хоёрыг чамлаж, экс Намбарвантаны энгэрийн халаас руу хушуугаа гүн шигтгэж, “цоолуулж” хүртэл амжсан Д.Бямба-Очирын халаасанд өнөөдөр төр өөрөө орчихсон юмуу гэмээр байдал нэгэнт бий болчихжээ. Эс бөгөөс эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хаших цаг болсон шүү гэдгийг төр засагт сануулж байна.
Б.Эрдэнэ
URL: