Төрийн албаныхан ажлаа хийхээ больжээ
УИХ-ын ээлжит сонгууль дуусч, ард түмэн сонголтоо хийгээд байгаа билээ. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж, дангаар засаг барихаар болоод байгаа. Нийслэлд хүртэл МАН ялсан. Өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан АН-ын хувьд гэнэтийн цохилт болж, ард түмэн санаанд оромгүй сонголт хийчихээд байгаа билээ. Тэгвэл сонгуулийн үр дүн гарсны маргаашнаас эхлээд л төрийн албан хаагчид “ажил хаялт” зарлаж эхэллээ. Сонгууль дууссанаас хойш төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид бараг л ажил хийсэнгүй. Учир нь даваа гарагийн өглөө төрийн албан хаагчид бүгдээрээ ажлаа хүлээлгэж өг гэсэн утга бүхий “зарлиг”-ийг эрх барих эрхээ авсан МАН-ынхан буулгасан талаар явган яриа явав.
Фэйсбүүк, твиттер хуудсаар баахан тархав. Мэдээж төрийн албан хаагчид энэ явган ярианы “шуурга”-нд өртөлгүй яахав. Тийм болохоор төрийн албаныхан яах учраа олохгүй, халагдах нь тодорхой юм чинь ажил хийж яахав гэсэн байдалтай өдрийг өнгөрүүлж байх шиг. Ерөөс нэг дарга, сайд, эсвэл улс төрийн хүчин солигдох үед төрийн албан хаагчид хөдөлгөөнд ордог зүй тогтол өнөөдрийг хүртэл байсаар байгаа. Ямар ч хүн дарга болсон өөрийнхөө багийг бүрдүүлдэг уламжлалтай.
Нэг талаа үзэл бодол таарахгүй хүмүүстэй хамт ажиллах хэцүү байдаг байх. Тэр ч утгаараа сольдог болов уу. Нөгөө талаас төрийн албан хаагчид намын харьяаллаас татгалзсан нэртэй л болохоос начир дээрээ хэрэгжсэн юм байхгүйг илтгэх аж. Одоог болтол намчирхсаар л байна. Тиймдээ ч өөр намын дарга ирэхээр хамтарч ажиллахын оронд өөр ажил олж хийсэн нь дээр гэсэн сэтгэхүйтэй болсон хэрэг. Угаас өнгөрсөн жилүүдийн улс төр ийм байдалд хүргэчихсэн.
Нөгөө талаар, МАН-ын дарга нарын нийслэлээс 60 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож, сонгуулийн дараа төрийн албыг тэр чигээр нь солихоор ярилцаж байгаа бичлэг тарсан. МАН одоо олонхи болсон, тэд ямар ч байсан ялалт байгууллаа. Тэгэхээр өнөөх мөнгө татсан хүмүүсээ ажлаар хангах өртэй болсон байж таарах нь. Тиймээс төрийн албаныхныг “үсгүй арчиж”, бүгдийг нь халаад, мөнгө өгсөн хүмүүсээ шат дараатайгаар дарга болгож таарна гэж яриа байгаа юм. Өнөөх мөнгөөр суудал худалдаж авч байгаа дарга нар нь өөрсдийнхөө хүмүүсийг, хамаатан садан, найз нөхдөө авч таарна. Тэдэнд төрийн алба мэргэшсэн, мэргэжлийн байх нь огт падгүй. Дээрээс нь АН-ынхныг ажилгүй болгож “сэтгэлийн таашаал” мэдэрнэ. Ийм л улс төр хэд хоног явах нь.
Төрийн алба ч үндсээрээ сугарах нь. МАН-ын удирдлагуудын авчирч тарих шинэ хүмүүс нь ирэх дөрвөн жилд ургах гэсээр байтал юун ажил үргэлжлүүлэх, ёстой хол хэвтэнэ дээ. Өнөөх нийслэлийнхний хийж байсан ажил бүгд зогсох нь тодорхой байх. Зам засвар, тохижилт, дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр гээд ард түмэнд хэрэгтэй бүх ажил зогсоно. “Гудамж төсөл” хог дээр гарна. Сард худал хэлсэн хүнд хоёр удаа хог ачдаг байсан цаг ард хоцорч, хашаандаа хогоо овоолоод, аргаа барахдаа өөрсдөө хаана ч хамаагүй аваачиж хаядаг эртний “сайхан” цаг эргэж ирэх нь бололтой. Ийм сэтгэлзүй ч иргэдэд төрөөд эхэлчихэж. Ямар ч байсан ойрын үед төрийн албаныхныг хараад нэмэргүй нь. Ядаж байхад зуны амралтууд эхэлж байгааг ч хэлэх үү. Долоо, наймдугаар сард төрийн албыг хуйгаар нь солиод, есдүгээр сараас нэг юм ажлынхаа учрыг олох гэсэн баахан нөхдүүдтэй ард түмэн үзэлцэх болох нь дээ. Одоо яая гэхэв, бид ийм л сонголт хийсэн хойно. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч ханахгүй л ард түмэн юм даа. МАН-ын дарга нарын төлөвлөгөө хэрэгжиж дуусахыг хүлээгээд бухимдаж, уурлаад л явж байхаас. Төрийн албан хаагчид ч гэсэн байрны мөнгөө хэрхэн төлөх, найман хувийн найдваргүй зээлдэгч болохгүйн тулд амарч зугаалахаа азнаж зуны турш ажил хайсан ч гэмгүй биз.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: