З.Энхболд намаа ялагдуулсан хариуцлагаа хэзээ шударгаар хүлээж, АН-ынхан хэзээ “тахимаа” өгч сурах вэ

3dc5f83256cd3fd54c1b85e69b893f83a8380b98Би л биш бол хэн ч биш гэдэг үзэл зарим хүмүүст болон зарим намд хэтэрхий суучихжээ. Ард түмэн сонголтоо өнгөрсөн долоо хоногт хийсэн. Тэд өнгөрсөн дөрвөн жилд төрийн эрхийг барьж хамаг юмыг “самарсан” АН-ынханд дүнг нь тавьж 76 нэр дэвшигчээс нь ердөө 9 хүнийг нь л УИХ-ын гишүүнээр томилохоор шийдвэрлэсэн.

Харин сонгогчид алдагдсан бүхнээ нөхөхийн тулд, үнэндээ туйлдаж гүйцсэндээ МАН-ыг олонхоос олонх болгож 65 нэр дэвшигчийг нь УИХ-ын гишүүнээр сонгов. Ингээд Х.Баттулга, Д.Ганбат тэргүүтэй хүмүүсийн шүүхэд гаргасан гомдлыг эс тооцвол Монгол төрийн сонгууль долоо дахь удаагаа маш амжилттай болж өнгөрсөн.

Үүнийг ч одоогийн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хүлээн зөвшөөрч сонгуулийн дараагаар шуурхай мэдэгдэл хийж “Монгол төрийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Ялалт байгуулсан МАН-д баяр хүргэе. Генсэк бид хоёр зохих хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдээлж зогссон. Үүнийг нь харсан монголчууд улс төрийн томоохон хүчин нэр төртэй шийдвэр гаргалаа. Дарга нь ч өөрийнхөө хариуцлагыг ухамсарлалаа хэмээн ам сайтай хүлээж авсан юмсан.

Гэтэл тэр дөрөвхөн өдрийн дараа хэлсэн бүхнээсээ буцаж олны нүдийг орой дээр нь гаргалаа. Өнөөдөр тэрбээр Төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулж мэдэгдэл хийв. Тэрбээр “Маргааш шинэ парламентийн Анхдугаар чуулган зарлагдсан. Гэхдээ Ерөнхийлөгч тус чуулганыг хийхийн өмнө УИХ-д суудалтай намуудтай зөвшилдөх ёстой. Энэ зөвшилцөх ажил хийгдээгүй байгаа учраас бид чуулганыг хийх нь зохимжгүй гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл олон зөрчил илэрсэн. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо тоохгүй байгаа учраас өнөөдөр бид мэдэгдэл хийж байна” гэв.

Түүний хэлснээр энэ удаагийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байж болох дөрвөн асуудал байгаа аж. Нэгдүгээрт, МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын 60 тэрбумаар төрийн албыг худалдаж, түүгээрээ сонгуульд оролцох тухай бичлэгийг хууль, хяналтын байгууллагынхан шалгасангүй. Хоёрдугаарт, Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт улсын бүртгэлд бүртгэгдээгүй 234 саналын хуудас илэрсэн. Энэ асуудлыг 76 тойргоор нягтлан шалгахгүйгээр тооцож болохгүй ээ. Гуравдугаарт, Зарим аймгуудад канондсон буюу батлагдсан загвараас өөр хүчингүй саналын хуудсаар иргэдээс санал авсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Дөрөвдүгээрт “18 мянган сонгогч нэг газраас шилжиж, нөгөө газарт очиж санал өгсөн байгаа юм. Баянхонгор, Увсын царцааны нүүдлийг Ерөнхийлөгч, Сонгуулийн ерөнхий хороо дахин нягталж, МАН-аас хэдийг нь төрд оруулах эсэхээ шийдэх учиртай гэв.

АН-ын даргын хэлж байгаа шиг бичлэгийн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаагүй зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаас хийх ёстой ажлаа хийсэн. Хуурамч бичлэг гэдгийг нотолсон гэдгийг МАН-ын дарга нар хангалттай олон нийтэд мэдээлсэн. Гэтэл сонгуулийн сурталчилгаа дуусахаас өмнө З.Энхболдын сайт гэгддэг сайтаар уг асуудлыг шалгаагүй гэх худал мэдээллийг цацаж, түүнийгээ ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулсан мэтээр оруулсан юм. Харин үүнийг нь ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга үгүйсгэж “огт тийм яриа өгөөгүй. Сэжигтнээр татагдаад буй хоёр этгээдийг шалгаж байгаа” гэх мэдээллийг албан ёсоор өгч байсан. Тиймээс өнөөдрийн З.Энхболд даргын хэлж байгаа шиг шалгаагүй зүйл байхгүй.

/Мэдээ.мн сайт дээр гарсан худал мэдээллийг З.Энхболд дарга твиттер хуудсаарRetweeted хийсэн байдал/

/ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн манай сайтад өгсөн албан ёсны тодруулга. Энд дарж уншина уу/

Саналын хуудас дутсан асуудал МАН-тай ямар ч холбоогүй. Намууд Сонгуулийн Ерөнхий Хорооны ажилд оролцохоо байгаад удаж байгаа. Үүнийг хамгийн сайн мэдэх хүн бол АН-ын дарга. Өөрөө харин Хууль зүйн байнгын хороог хуралдуулж СЕХ болон холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөх гэж оролдож байна. Энэ бол нэг талаасаа нөлөөлж буй хэлбэр юм.

“Царцааны нүүдэл”-ийн хувьд хамгийн их маргаан дагуулаад сүр бадруулж яваа нь Баянхонгорын 9 дүгээр тойрог. Х.Баттулга гишүүний хэлсэн шиг “царцаанууд” түүний эсрэг санал өгсөн гэдэг нь логикоор зөрж байна. Учир нь түүний хэлж байгаа шиг “царцааны” хөлд нирвэгдсэн гэх бараг бүх хороо дээр Х.Баттулга илүү санал авсан. Гэтэл “царцаануудыг” ойртуулаагүй гэх газруудад өрсөлдөгч нь илт давуу ялалт байгуулсан. Энэ бол “царцаанаас” болж ялагдсан гэдгийг үгүйсгэж байгаа үзүүлэлт. Бусад асуудлыг СЕХ бие даан шийдвэр гаргаж бүх зүйлийг хууль дүрмийн дагуу хийсэн юм.

Тэгвэл 1908 сонгогч хаана шилжин ирээд, тэнд хэн нь ялж, хэн нь ялагдсаныг хамтдаа харцгаая.

Сонгуулийн хэсгийнхороо Саналаа өгөхөөр шилжин ирэгчдийн тоо Хэн ялав?
Баянхонгор сумын 3-р баг 422 Х.Баттулга 75 хүний саналаар
Баянхонгор сумын 5-р баг 397 Х.Баттулга 17 хүний саналаар
Баянхонгор сумын 6-р баг 342 Л.Элдэв-Очир 55 хүний саналаар
Эрдэнэцогт сум 141 Х.Баттулга 62 хүний саналаар
Галуут сум 371 Нутгийн иргэд шилжин ирэгсдийн саналыг өгүүлсэнгүй.
Баян-Овоо сум 186 Л.Элдэв-очир 23 хүний саналаар
Заг сум 5 Х.Баттулга 6 хүний саналаар
Жаргалант сум 35 Х.Баттулга 44 хүний саналаар

Ер нь АН-ынхан ялагдаж сурах хэрэгтэй. Ялагдсан гэдгээ шударгаар хүлээж “тахимаа” өгчихдөг зангарагтай байх нь зүйтэй. Алийн болгон би л биш бол хэн ч биш гэсэн сэтгэл зүйгээр бүх зүйлд хандах гэсэн юм бэ. Өнгөрсөн дөрвөн жилд хууль тогтоомжуудыг өөрсдөдөө тааруулж баталсаар ирсэн бол одоо бүр дэндэж ард түмний сонголтыг баллуурдах гэнэ. Энэ бол арай хэтэрсэн зүйл шүү. Та бүхэн тэртээ 2008 оны сонгуулийн дараа болсон үйл явдлыг эхлэлийг тавьж байсан гэдгийг сануулъя.

З.Энхболд гэдэг хүний ам ажил дандаа зөрдөг болох нь өнөөдөр бас дахин нотлогдлоо. Үнэхээр тийм байсан юм бол асуудлыг эртхэн хэлж ярьж шийдүүлэх юу хийсэн юм бэ. Яг чуулган хуралдаж төрийн ажил үргэлжлэх гэхэд ингэж саад хийж байгаа нь хаанахын  ёс вэ.

Өнөөдөр тэд Хууль зүйн байнгын хороог хүчээр хуралдуулах гэсэн шалтаг нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, СЕХ-д үүрэг чиглэл өгөх байжээ.

З.Энхболд намаа ялагдуулсан хариуцлагаа хэзээ шударгаар хүлээж, АН-ынхан хэзээ “тахимаа” өгч сурах вэ. Парламентад суудалтай намуудтай зөвшилцөх тухай З.Энхболд ярих хамгийн зохимжгүй бус уу. Тэрбээр дөрвөн жилийн өмнө тэрбээр асуудлыг хэрхэн хүчээр шийдэж байлаа. Парламентад 20 гаруй суудалтай намыг бүлэггүй болгож, байнгын хороодод гишүүдийг нь оруулахгүй байсан хүн бол тэр. Арга ядсан МАН-ынхан жагсаал цуглаан, суултандаа тулж байж арай гэж асуудлыг шийдвэрлэж байсан. Гэтэл тэр өнөөдөр дөнгөн данган бүлэг байгуулах эрхтэй болчихоод ийм зүйл ярьж ард түмний сэтгэл зүйгээр тоглож байгаагаас ичих хэрэгтэй. Үүнийхээ оронд намын залуусынхаа шаардсан шаардлагыг биелүүлж зүгээр л 24 цагийн дотор намын даргаа өгчих. Улс төрд зангараг гэж байдаг юм шүү дээ. Дөрвөн жил лааз өшиглөлөө гээд ямар насан туршдаа улс төрөөс хөндийрчих биш дээ. Ингэж тав алхахгүй улс төр хийж намаа ч, өөрийгөө ч муухайгаар харагдуулах хэрэг байсан уу. Бодох л хэрэгтэй байх.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих