Орос, Монголын харилцаа хаана явна вэ

Орос-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа юу? Энэ асуултыг монгол хэл дээр явуулдаг “Оросын дуу хоолой” радио станцын сонсогчдоос аваад хоёр орны харилцааг санагалзагч хэн хүнгүй тавьсаар ирсэн. Харамсалтай нь үүнд хариу олж чадаагүй өдий хүрсэн билээ.

Нэг. Хоёр орны хамтын ажиллагаанд хэн нь илүү ач холбогдол өгч байна вэ?

Орос, Монголын харилцааг өнөөдрийн өндөрлөгөөс дүгнэх юм бол олон жилийн хуучны хамтын ажиллагаа унтарсанаас хойш В.Путин, Н.Энхбаяр, С.Баяр, Д.Медведев нарын хийсэн өндөр хэмжээний хэд хэдэн айлчлалыг эс тооцвол “Эрдэнэт”, “Монросцветмет”, хувь нийлүүлсэн “Улаанбаатар” төмөр зам зэрэг хамтарсан хэдхэн үйлдвэр, аж ахуйн нэгж л өнөөдөр хоёр орны хамтын ажиллагааг тодорхойлж байгаа. Түүнээс биш шатахуун, цахилгаан нийлүүлдэг “хуучин” салбаруудаас өөр шинэ худалдааны талбар гарч ирээгүй. Үнэндээ өнөөдөр хоёр орны харилцаа Москва, Улаанбаатарын хооронд гэхээсээ Эрхүү, Улаан-Үд, Алтанбулаг, Сэлэнгэ, Дарханы хооронд оросууд цемент авах, монголчууд овьёос оруулж ирэх төдийгээр хийгдэж байна гэхэд хилсдэхгүй.

Хоёр орон зах зээлд шилжснээс хойшхи сүүлийн 20 жилд томоохон хөрөнгө оруулалт ганц ч хийгдээгүй ирсэн. “Эрдэнэт” шигээ байг гэхэд жижигхэн ч болтугай ганц цахилгаан станц хоёр орны “дунд” баригдчихаагүй. Тэгсэн хэрнээ хоёр орны харилцаа бас тасарчихаагүй. Үүнийг тасалчихгүйхэн шиг цааш нь өргөжүүлэх талаар хоёр талаас хүчин чармайлт тавьж байгаа юу гэвэл бас хичээдэг гэж хэлж болно. Энэ нь гэхдээ юугаар, яаж илэрч байна вэ гэхээр бас учир дутагдалтай. Эртний уламжлалт харилцаат хоёр орныг холбох ямар ашиг сонирхол өнөөдрийн өндөрлөгийн цаана нуугдаж байна вэ гэдгээр хоёр орны өнөөдрийн харилцаа хэмжигдэхээс бус өмнө нь юу л байна, түүгээр “дайлдаг” байсан тогтолцоо байхгүй болсон учраас тэр үе өнгөрсөн билээ.

Хоёр орны хамтын ажиллагаанд хэн нь илүү ач холбогдол өгч байна вэ? Үүнд оросууд бол лавтай үгүй гэж хариулахаар байгаа. Асгатын мөнгөний ордыг нэг хэсэг сонирхож байснаас биш Монголыг гээд хоёр гараа дэлгээд байгаа юм одоохондоо оросуудад байхгүй. Гэхдээ тэнд төрийнх нь эрх ашиг байсан уу, эсвэл зөвхөн хувь бизнесменүүдийн сонирхол байсан уу гэдэг өөр асуудал. Оросууд өнөөдөр Монголоос хэрэгтэй, эсвэл хямд зүйлийг л авахыг хүсч байгаа болохоос бус Монголыг төдийлөн сонирхохгүй байгаа. Уг нь Оросын зах зээлийг манай өмнөх хөрш, Оростой харьцуулахад харьцангуй халуун бүсийн Хятадтай харьцуулахад ОХУ-ын зах зээл арьс шир, савхи, нэхий, хивс, үслэг эдлэл, мах зэрэг Монголын түүхий эд, бүтээгдэхүүнд дасан зохицсон, хэрэгцээ, эрэлт нь байгаа зах зээл юм. Хуучин зах зээлээ алдахгүй гэсэн утгаар манайхан Оросын зах зээлд ач холбогдол өгдөг. Гэвч визтэй, хорио цээр ихтэй гэх мэт саадууд бий. Жишээ нь, манайхан Сибирийн зах зээлийг монгол хонины махаар хангах зорилготой байдаг боловч оросууд Аргентин, Австралиас мах, махан бүтээгдэхүүн хэдийнэ авдаг болчихжээ. Эсгий, ноосон эдлэлийг бараг эдлэхээ больж, хиймэл бүтээгдэхүүн хэрэглэдэг болж, натураль хэрэгцээний жаахан эрэлт хэрэгцээгээ Казахстанаас хангадаг болсон байх жишээтэй. Тиймээс одоо том  салбарууд гэхээсээ илүү орон нутгийн чанартай бүс нутгийн хоёр талын зах зээлийн худалдаа хоёр орны хооронд нэг хэсэгтээ нэлээд давамгайлж өрнөх хандлагатай байгаа аж. Үүний цаана хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хуучин зах зээлээ шинэ нөхцөлд эргүүлж сэргээж авах дараагийн алхамаа хийх санаа манай төр, засгийн хэмжээнд бий гэнэ. Манайхан Оросоос шинэ техник, технологи нутагшуулах, нүүрнээс шингэн түлш гаргах, хүнсний аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж байгаа туршлагаас аваад өөрийн ХАА-н уламжлал бүтээгдэхүүнээ сайжруулж гаргах гэх мэтээр хоёр орны харилцааг сэргээхийг чармайж байгаа аж.

Хоёр. Манайхан ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийг хүлээж байна

Мөн манай улс ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийг хүлээж байна. Тэгвэл харилцан бизнес хийж буй хоёр орны хооронд адил үнийн тариф нэг түвшинд байх олон улсын зарчим үйлчилж эхлэх юм. Тэгэхгүй бол өнөөдөр махан дээр ойролцоогоор 30 хувийн экспортын татвар төлдөг, консерв гэх мэт эцсийн бүтээгдэхүүн хигээд гаргалаа гэхэд кг-аар нь үнэлээд түүнийгээ еврод шилжүүлээд 42-43 хувийн татвар авдаг зэрэг хүндрэлтэй зүйлүүд бий. Эдгээрийг халчихвал манай мах Орост чөлөөтэй гарах боломжтой болох юм. Харин Оросын талын хувьд Монгол Улс стратегийн ямар сонирхолтой байгаа нь төдийлөн тодорхой бус, ойлгомжгүй байсаар…

Оросын  хувийн томоохон бизнесменүүд л манай Тавантолгой, Оюутолгой зэргийг сонирхоод байхаас биш Оросын төрийн сонирхол уранд гэхээс биш манай бусад салбарт төдийлөн илрээгүй. Энэ мэтээр дээрээ ч тэр, дундаа ч тэр, доороо ч тэр хоёр орны эдийн засгийн сонирхол өнгөрсөн хугацаанд төдийлөн гаралгүй ирснийг мэргэжилтнүүд дүгнэж байна. ОХУ том гүрний хувьд ч тэр, хэрэв Монголд хандарч эхэллээ гэхэд тэр томоохон сонирхолыг заавал улс төрийн эрх ашиг дагалдах нь мэдээж гэж улс төр судлаачид үздэг. Уг нь бол “эрт дээр” бол Оросоос Хятад руу байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих тухай яригдаж, гурван талын хэлэлцээр хийж байсан сайхан үе бий.

Гэвч өнөөдөр тэр нь зөвхөн сайхан дурсамж болон үлджээ. Энэ мэтээр хоёр орны харилцааг яавал сэргээж, сайжруулах талаар манайхан Ерөнхий сайдын удахгүй ОХУ-д хийх айлчлалын өмнө сөхөн хөндөж эхэллээ. Лавтай мэдээгээр Орос, Монголын ажил хэргийн зөвлөл байгуулагдаж буй сурагтай.

Б.ДӨЛГӨӨН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих