Хятадын хөрөнгө оруулалттай компани Монголын сонгуулийг шийдэж байна

527-14675970683fa2e581e658c9bbig2004 оноос хойш 2005, 2008, 2009, 2012, 2013, 2016 гээд олон сонгуульд нэр дэвшсэн, ажилласан миний хувьд 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль “ер бусын” болж өнгөрлөө.

Сонгуулийн сурталчилгааны явцад хэт улс төржих, намууд нэгнийгээ газар доогуур ортол муулах, санал авахын тулд яахаас ч буцахаа больж улайрах, элдэв арга сэдэх, санал илүү дутуу тооллоо гэж маргалдах зэрэг бол байдаг л ердийн үзэгдэл. Царцааны нүүдэл ч шинэ юм биш. Тэгвэл яагаад, юугаараа ер бусын болов? гэж асуух байх. Энэ нь нэг үгээр тайлбарлахад түвэгтэй асуудал учраас тогтож ярьцгаая.
Улс төрийн тэмцэл дотоодын асуудал биш болсон
2016 оны сонгууль намуудын хооронд бус Ардчилсан нам ба нам дамнасан бүлэг, тэдний ард нуугдаж байгаа гадны хөрөнгө оруулалтын хооронд өрнөлөө гэдгээс эхлэе.
Царцааны нүүдэл гэх бохир аргачлалыг улс төрийн нам бус гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ашиглаж, монгол төрийг сонгох явцыг будлиантуулсанд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байгааг би хэлэх гээд байгаа юм.
MCS групп өөрийн харьяа охин компаниудаас 7000 ажилтныг дайчлан компанид нь хамаарал бүхий нэр дэвшигчдийг дэмжүүлэхээр Хөвсгөл, Баянхонгор, Увс аймгууд руу түр шилжүүлсэн нь маш олон баримтаар нотлогдсоор байна.
Увсын 31 дүгээр тойрогт (2778), Хөвсгөлийн 39 дүгээр тойрогт(2400), Баянхонгорын 9 дүгээр тойрогт(1913) шилжин санал өгөгсөд орон нутгийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж, нутгийнхан 4 жил “өөрсдийн бус” төлөөллийг УИХ-д суулгах ёстой болж таарав. Намайг унасандаа гоншгонов, ялагдаж сураагүй байна гэх мэтээр яаран муулах гэж байгаа хүмүүст би нэг зүйлийг хэлье.
Хэрвээ орон нутгийн иргэдийн саналаар УИХ-ын гишүүнийг сонгохгүй юм бол яах гэж 76 тойрогт хуваасан байх вэ? Орон нутгийнхны сонголт хамаагүй гэх байсан бол хувь тэнцүүлсэн сонгууль явуулаад, Монгол Улсыг бүхэлд нь 1 тойрог гэж үзэх ёстой байсан.
Чухамдаа газар нутаг, иргэний харьяаллыг хамгийн ихээр харгалзан үзэх, Монгол Улсын засаг захиргааны нэгжүүдэд амьдарч байгаа иргэд төрд төлөөллөө жигд сонгох үүднээс мажоритар системээр сонгууль явуулсан шүү дээ.
MCS бол Үндэсний компани! гэж хэлэх хүмүүс хэрүүл хийх ээлжээ хүлээж байгаа байх. Би тэр хүмүүст яаран өмөөрөх гээд байгаа компанийхаа танилцуулгыг ахин дахин унш гэж зөвлөе.
Энэ компанийн голлох хөрөнгө оруулалт “Kерри групп” гэх БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс, Хонгконгт төвтэй аварга корпорациас хийгдсэн болохыг одоо монгол хүн бүхэн мэдэх болжээ. Ухаа худгаас уруудаад Централ тауэр, Шангри ла, MCS кока кола гээд бараг бүх компанид нь Хятадын эзэмшил бий.
Үүн дээр MCS-ийн оролцоотой ММС гэж Ухаа худгийн ордыг эзэмшиж байгаа мөн “Kерри групп”-ийн эзэмшлийн компани БНХАУ-ын төрийн өмчит “Шенхуа энержи” хэмээх аварга компанитай хавсран ард түмний эзэмшилд байгаа том Тавантолгойг гартаа оруулах гэрээ хийхээр удаа дараа оролдож ирснийг сана!
Мэдээж хэрэг бизнест гадны хөрөнгө оруулалт байх л зүйл. Харин хөрөнгө оруулагч тал Монголын дотоод улс төрд гар хуруугаа дүрээд зохицуулаад эхлэж байгаа бол энэ ТҮГШҮҮР!  Монголын баялагт эзэмшлээ тогтоох санаархлаа хууль тогтоох байгууллага, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч институцид өөрсдийн хүнийг олноор шургалуулах замаар хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ АЮУЛ ! Яагаад аюул, түгшүүр зарлаад байгаа юм гэж гайхашрах хүн байгаа бол би ахиад давтан хэлье.
Би урьд нь ч хэлж байсан. БНХАУ бол гадаад бодлогын, аюулгүй байдлын үзэл баримтлалдаа гадаадад байгаа өөрийн иргэдийн болон төрийн өмчлөлийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах шаардлага тулгарвал цэргийн хүч ашиглах талаар хуульчилсан улс. Энд л бүх зангилаа байгаа юм.
Тийм учраас царцаа нүүлгэх замаар нэг компанийн сонирхлыг, түүний цаана байгаа гадныхны эрх ашгийг Монголыг төрд оруулах гэж байгаа асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авч, хэлэлцэн, нягтлах ёстой. Төрийн эрхийг хууль бусаар авах аргачлал энэ сонгуулиар хэрэгжчихлээ.
Сонгуулийг шийдвэрлэх мөнгө хаанаас гарсан бэ
Асар олон тоогоор, хол газарт, олон хоногоор хүмүүсийг шилжүүлэх, байрлуулах нь асар их мөнгөний асуудал гэдэг нь ойлгомжтой. Дээр нь сонгогчдод тараасан бэлэн мөнгийг тооцохоор MCS гэж санхүүгийн хүндрэлд орчихоод байгаа аж ахуйн нэгжээс гармааргүй их мөнгө саяын сонгуулиар урсжээ.
Ил болсон мэдээллээр Ч.Хүрэлбаатар гэх MCS-ээс дам хамааралтай нэр дэвшигч Увсын сонгогчдод 50 мянган төгрөг тараасан байна. Энэ нь 2 сартай нярайн эндэгдлээр ил гарлаа. Үрээ алдсан эцэг, эх Ч.Хүрэлбаатараас авсан 100 мянган төгрөгийнхөө төлбөрт 150 км газар олон хүнтэй чихцэлдсэн, агааргүй орчинд удаан явснаас ийм юм болсныг зарлаж, хэн мөнгө өгснийг илчиллээ.
Ч.Хүрэлбаатар хэдэн санал авсныг золгүй эцэг, эх хоёрын авсан мөнгөөр үржүүлбэл ямар их тоо гарах вэ? Хамгийн багаар 5000 хүнд 50000 төгрөг тараасан  гэж тооцоход л СЕХ-ноос тогтоосон сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг хэд дахин нугалахаар мөнгө (2 тэрбум 500 сая төгрөг) тэнд тараагджээ.
Дам хамааралтай улстөрчдөө ийм хэмжээний мөнгө зарцуулсан юм чинь шууд хамааралтай Л.Энх-Амгалан, Л.Элдэв-очир хоёрын төлөө илүүг зарцуулсан байх магадлалтай. Дээр дурдсан 3 аймагт Увсад зарсан хэмжээнийхээ мөнгийг тараасан гэж үзвэл 7 тэрбум 500 сая төгрөгийг сонгогчдод тараасан байх нь.
Үүн дээр царцааны нүүдлийг зохион байгуулсан, нүүлгэсэн, байрлуулсан, хооллож ундалсан зардлыг тооцвол 10 тэрбум төгрөгийг ил тод болсон 3 нэр дэвшигчийг сонгуулахад зарцуулжээ гэж багцаалж болохоор юм.
Цаана нь МАН-ын авсан 62 суудал бий. Зөвхөн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ц.Сандуй гэхэд тусгайлан барьсан 2 гэрт сонгогчдыг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж оруулаад, гар утсыг хураан, чагнах, бичлэг хийх төхөөрөмж байгаа эсэхийг сайтар шалгаж нэгжсэний дараа хүн бүрт 200 мянган төгрөг өгсөн гэх мэдээллийг тойргийн сонгогчид хэлж байжээ. Энэ бол нягтлах, шалгах ёстой мэдээлэл.
Гэтэл хачирхалтай нь, Цагдаагийн байгууллага сонсохгүй байна, харахгүй байна, мэдэхгүй байна, нотлогдохгүй байна гэж үглэсээр сонгуулийг дуусгав.
Ц.Сандуй олонд ил болсон мэдээллийн дагуу албан тушаал зарж олсон мөнгөөрөө сонгуульдсан байж мэдэх сэжүүр энд байгааг хууль хяналтынхан үл тоож байна.  Эдгээрийг түр орхиод сонгууль худалдаж авахад зарцуулагдсан асар их мөнгө хаанаас гарсан байх талаар магадлал хийе. Сонгуулийн өмнөхөн цацагдаж байсан хэвлэлийн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
мэдээ. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар 2016 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юүн Шань МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.
Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол орны нийгэм, эдийн засаг, ажил амьдралтай холбоотой хоёр асуудлыг судлан үзэхийг хүссэн ба үүнд нэгдүгээрт, Монгол Улсын нийт хүн амын 40-50 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн байдалд хүрээд байна.
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах манай намын зорилго дундаж амьжиргаатай өрхийн тоог нэмэгдүүлэх ХКН-ын үзэл баримтлалтай утга агуулгын хувьд ижил байна … МАН-ын даргын саналыг Хятадын тал нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
зар мэдээ. МАН-ын дарга М.Энхболд БНХАУ-д хийсэн айлчлал, эдийн засгийн хямралаас гарах гарц, цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. 04.12-нд UBS-18:30, Ийгл-20:00, MN25-22:10 цагуудаас хүлээн авч үзнэ үү.
илтгэл. МАН-ын дарга М.Энхболд намынхаа Бага хурлын III хуралдаанд тавьсан улс төрийн илтгэлдээ “БНХАУ-ын Коммунист намтай тогтоосон уламжлалт харилцаа холбоогоо өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэв.БНХАУ-д намын шугамаар орон нутгийн ажилтнуудыг сургах сургалт тогтмолжиж байна”
мэдээ. НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны урилгаар албан айлчлал хийв.
мэдээ. Монгол Улсын шилдэг 100 залуу 4 дүгээр сарын 5-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин,Нинбо хотуудаар айлчлал хийгээд ирлээ.
мэдээ. Монголын Үндэсний Телевиз ирэх таван жилийн турш Хятадын уран сайхны болон цуврал кинонуудыг гаргахаар тохиролцлоо гэсэн мэдээ МАН сонгуульд үнэмлэхүй ялсны дараахнаас бүх хэвлэл мэдээллээр цацагдаж эхэллээ.
МАН болон түүний дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагууд ээлж ээлжээр хятадад айлчлан, МАН-ын дарга нь ХKН-ын зорилттой өөрсдийн үйл ажиллагааг уялдуулах тухай, тэндээс санхүүжилт татах тухай, ажилтнуудаа Хятадад тогтмол сургалтанд хамруулах талаараа ил тод ярьсан иймэрхүү мэдээнүүд хаваржингаа хөвөрсөн.
Харамсалтай нь, хэн ч тоож шиншилсэнгүй. Одоо Монгол Улс орон даяарт Хятадын соёлын нөлөөллийг тогтоож, түүгээр дамжуулан ээнэгшүүлэх, дасгах, тархийг нь угаах боломжийг шууд нээж өгч байгаа нь тохиолдол гэж би үзэхгүй байна.
300 саяыг Хятадын соёлыг дэлгэрүүлэх зорилгоор цацах гэж байгаа нь гайхалтай. Үндэснийхээ соёл урлагийг дэмжихэд 3 сая төгрөг  гаргахаас татганадаг манай төр ямар өгөөмөр болоо вэ?
Хуулийн засаглал гэж хашгирагчид хаана байна аа?
МАН-ын нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн хуулийг маш олон зүйл заалтаар зөрчсөн баримтууд илэрсээр байгаа ч Монголын төр, хууль хяналтын байгууллагууд хууль сахиулах гэж огтхон ч хүсэхгүй, хөдлөхгүй байгаа гэмээр дүр зураг нийтлэг байна. Зүүн хязгаарт байх Дорнодод нэр дэвшигч Х.Болорчулуун мөнгө тарааж, хүн зөөсөн баримт илэрлээ.
Баруун хязгаарт орших Увсад царцаа олноор нүүдэллэн, МАН-ын нэр дэвшигч мөнгө тарааж, хүн зөөснөөс улбаалан нярай хүүхэд амь эрсдлээ. Анхаарч байгаа, шалгаж нягталж байгаа цагдаа, прокурор байна уу? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн үр дүнд хамгийн баяртай байгаа гэж хэвлэлүүд дуу дуугаа авалцан мэдээлж байгааг юу гэж ойлгох вэ?
Тавантолгойн ордыг Хятадын Шенхуа Энержи, МCS-ийн хамсалд 60 жилээр эхлэж өгөөд цааш сунгах санаачлага, гэрээний ард Ц.Элбэгдорж байсан нь одоо нууц биш болсон.
Ерөнхийлөгч энэ санаархалдаа саад болсон бүхнийг замаас зайлуулахыг энэ сонгуулиар хүсч, хууль хяналтын байгууллагынханд МАН-ыг дагнан дэмжих, тэдний зөрчлийг үл хэрэгсэн, Ардчилсан намынхныг өчүүхэн төдий зөрчил гаргавал чангалах зааврыг ч Цагдаагийн даргаар дамжуулж өгсөн гэх яриа ч ортой санагдаж байна.
Сонгуулийн өмнө Цагдаагийн газрын дарга Р.Чингис Увс, Баянхонгор аймгийн цагдаагийн дарга нарыг хууль зөрчин солихоор зэхэж байсан нь ч үүнтэй холбоотой. Одоо болж байгаа бүх явц, хуулийн байгууллагын назгайрал, үл тоомсорлол Ц.Элбэгдоржтой холбоотойг үгүйсгэх хүчин зүйл одоогоор харагдахгүй байна.
Төрийн бүх шатны албан тушаалыг мөнгөөр үнэлж зарах, 60 тэрбумаар сонгуулийн зардлаа босгох тухай яриа, хуйвалдаан хийгдсэн баримтын хажуугаар хуулийн засаглал, шудрага ёс тогтоох тухай яригчид, чангаар хашгирагчид яагаад дуугүй сууна вэ?
Ирэх 4 жилийн турш авлига цэцэглэх, мөнгөөр суудал авсан хүмүүс зарцуулсан мөнгөө нугалж олох уралдаан өрнөх нь тов тодорхой болчихоод байхад цагдаа, прокурор, шүүх Төрийн бүхий л шатанд “сонсохгүй байна, харахгүй байна” гэсээр өнгөрүүлэхээр шийдээ юу?
Шудрага ёс, хуулийн засаглалын талаар амаа чилтэл ярьж тунхагладаг Ц.Элбэгдорж өнөөдөр хуулийг бүхий л хэлбэрээр зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авчихаад сууж байгаа улс төрийн хүчнийг дэмжиж, төрөлх намаа үл тоомсорлон гадуурхаж байгаагийн цаад учир юунд байгаа юм бол?
Энэ бүхэн өнгөрсөн түүхийг эрхгүй санагдуулна.
Тусгаар тогтнол алдагдаж асан түүхэн мөчлөгүүд
Түүх судалдаг эрдэмтэй хүмүүс өнөөгийн Монгол улс 1913-1915, 1921-1935 оны үест гадныхны нөлөө, хяналтанд орж байсан үестэй адил нөхцөлд орж байна хэмээн дүгнэж байгааг би хүлээн зөвшөөрч байна.
1911 онд Манжаас тусгаарлаж, бие даасан улс болсноо зарласан Монголын ноёд эдийн засгийн хүндрэл бэрхшээлд шантрахдаа, эрх мэдэл булаалдан тэмцэлдэхдээ Хятадаас тусламж гуйж, улмаар гурван гүрний гэрээгээр тусгаар тогтнолоо алдан Хятадын нөлөөний улс болон хувирч байлаа.
Үүнд нь саад болсон эх орончдыг ил далд аргаар хөнөөж устгасан нь ч түүх. Хятадууд энэ тохиролцоог баталгаажуулахын тулд Сю Шү Жан генералыг 10 мянган цэрэгтэй Монголд оруулсан байдаг. Сю Шү Жан шанзав Г.Бадамдорж, хичээнгүй сайд Б.Цэрэндорж тэргүүтэй Хятадын талыг баримтлагчдыг төрийн удирдлагад байлгахад онцгойлон анхаарч байжээ.
1921 онд хятадаас салах Үндэсний эрх чөлөөний тэмцлийг ашиглан Оросууд монгол улсыг нөлөөндөө оруулах гэж хичээсэн явуулга 1935 онд бүрэн хэрэгжиж 1990 он хүртэл Зөвлөлтийн дагуул улс болон хувирсан түүх бий.
И.Сталин Монголын удирдагчдад Оросын дагуул улс болсноо хүлээн зөвшөөр гэдгийг зөөлөн, хатуу янз бүрийн аргаар ойлгуулах гээд бүтэхгүй болохоор хэлмэгдүүлэлт хэмээх Их хядлагыг зохион байгуулж, Орост үнэнч өөрийн хүмүүсийг(Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал)Монголын төрд тавьснаар бүх асуудал шийдэгдэж 1990 он хүртэл нөлөөллөө бүрэн тогтоож байсан.
1990 онд жинхэнэ утгаараа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан монголчууд 26 жилийн дараа гадны нөлөөлөлд ахин орох нөхцөл үүсээд байна. Хоёр хөрш өөрсдийн бодлогыг тулгах, гүйцэлдүүлэхийн тулд тэдэнд барьцаалагдсан, тэднээс хамааралтай болчихсон улс төр бизнесийн бүлэглэлийг төрийн эрхэнд байрлуулж, өөрсдийн нөлөөлөл, бодлогыг тулган хэрэгжүүлэх гэж байгаа шинж тэмдэг тодорхой байна.
Энэ нь сүүлийн хоёр жилд Монголын эргэн тойронд болон дотоодод өрнөж байгаа олон үйл явдлаас улам бүр илэрч байгаа бөгөөд миний бие үүнийг ард түмэндээ анхааруулж, харанга дэлдэх үүргээ биелүүлж, энэхүү бичвэрийг тэрлэлээ.
Хэрвээ тэмцэж олсон тусгаар тогтнол, эрх чөлөөг гадны гар хөл бологсдын харгайгаар алдаж, ахин дагуул улс болбоос энэ нь хавь мөд шийдэгдэхгүй ужгирсан зовлон, доройтлын үүдийг нээх болно.
МоАХ анхнаасаа тусгаар тогтнол, эрх чөлөөт Монгол хүн, Монгол улсын төлөө тэмцэж, зүтгэж ирсэн. Энэ чанараасаа хэзээ ч буцаж, ухрахгүй гэдгийг ялдамд дуулгая.
Намайг Тавантолгойн ордыг ард түмний өмчлөлд авч үлдэх, эх орноо үйлдвэржсэн,экспортын олон тулгууртай бодлоготой, дэд бүтцийн хувьд бусдаас хамааралгүй, эдийн засаг нь бэхжиж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс байлгахын төлөө хамаг бүхнээ зориулан ажилласны төлөө өнгөрсөн 3 жилд хангалттай баалж доромжлон, гүтгэж, гүжирдэн улс төрөөс зайлуулах гэж бүхий л аргаа шавхаж байгаа нам дамнасан бүлэглэл зорьсондоо хүрлээ.
Та нар, “нүүрсчин бүлэглэлийнхэн” ингээд л Монгол Улсыг өөрсдийн шунал хүсэлд захируулан гадныханд өгөх, хувааж идэх замаа нээчихлээ гэж бодож байгаа бол эндүүрэл. Баярлах цаг чинь болоогүй гэдгийг хатуу сануулъя. Намайг амьд байхад гадны гар хөл бологсод, урваач шарваачид дардан замаар давхихгүй ээ.
МоАХ-ны дарга Х.БАТТУЛГА

URL:

Нэр: зочин Огноо: 4 July 2016

баттулга аа одоо больчих. хийвэл бүү ай гэдэг шдээ. хийсэн хэргээсээ мултрах зам чинь их хурлын гишүүн болох юм уу. ялагдаж сур. буруу зүйл хийсэн бол түүнийгээ хүлээж сур.

Нэр: Irgen Огноо: 4 July 2016

Женко ялагдаж сур.

Сэтгэгдэл бичих