Тараагчид хяналтаас гарах нь
Их зохиолч Д.Нацагдорж тэртээ 1935 онд тэмбүүгийн тухай “Өлзийт өвчин” нэртэй шүлэг бичиж байлаа. Тэрээр “Арван хэдтэй яртсанаа, айхтар гайхуулж ярина. Эмнүүлж аргалуулж явсангүйгээ, эрэлхэг баатар болгоно” хэмээн шүүмжилсэн байдаг юм. Харин одоо Монгол Улс яг л 1935 оны байдалтай ижил болчихлоо. Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж хяналтаас гарахад ойрхон байна. Юутай ч Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргасан статистикаас эхлээд сөхье.
2016 оны эхний гурван сарын байдлаар тэмбүү 1551, ДОХ- ын есөн тохиолдол бүртгэгджээ
2015 онд тэмбүү, гонококкт , трихомониазын халдвар эрс нэмэгджээ. Бэлгийн замаар дамжих халдварын 16709 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 28 хувийг эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 1409 тохиолдол буюу 10 мянган хүн амд 3.6- гаар нэмэгдсэн байна.
Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 29.7 хувь нь заг хүйтэн, тэмбүү 46, трихомониаз 25, ХДХВ/ДОХ 0.2 хувийг эзэлж буй аж. Өвчин тээгч хоёр хүн тутмын нэг нь 15-24 насны залуус байна гэсэн мэдээллийг эмчлэгч эмч хэлж байсан. Энэ түгшүүр дагуулах мэдээ биш гэж үү. Иймд манай улс бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх кампанит ажил өрнүүлэхгүй бол төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо нэмэгдэж, шинэ зууны шившиг болж мэдэх нь.
Цаашлаад 2016 оны эхний гурван сарын байдлаар тэмбүү 1551, заг хүйтэн 1119, трихомониаз 324, ДОХ-ын есөн тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн төрөлхийн тэмбүүгийн халдвартай 16 хүүхэд мэндэлжээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт бэлгийн замын халдварт өвчний тархалт хүрээгээ тэлсээр байна. Тодруулбал, Дорнод, Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар аймагт тэмбүүгийн тархалт өндөр бүсэд багтжээ.
Харин Дорноговь, Орхон аймгууд болон Улаанбаатар хотод, заг хүйтэн өвчний тархалт их байна. Мөн Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Дундговь, Булган, Ховд аймаг болон болон Улаанбаатар хотод трихомониазын тархалт улсын дунджаас өндөр гарсан байх юм. Өнгөрсөн жил төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол бүртгэгдсэн нь 2014 оныхоос 22-оор нэмэгдсэн үзүүлэлт. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 19 нь нас барсан байна.
Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэмэгдсэн нь жирэмсний хяналтын чанар, хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой гэдгийг эмч нар анхааруулав. Нөгөөтэйгүүр жирэмсэн эмэгтэйчүүдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалдагийг мартаж болохгүй. 2015 онд бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн нийт тохиолдлын 80 гаруй хувь нь жирэмсний хяналтад огт хамрагдаагүй, эсвэл хожуу үедээ оношлуулсан байв. Ийм байдлаар бэлгийн замын халдварт өвчний тархалт хяналтаас гарсаар. Эрх чөлөөт иргэд байтугай эрхээ хасуулсан хүмүүсийн дунд ч тэмбүүгийн халдвар илэрсэн нь Эрүүл мэнд, спортын яам, “Глобаль” сангийн дэмжлэгээр хийсэн судалгаанаас харагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хоригдлуудын дунд бэлгийн замын халдварт өвчний тархалтын талаар судалгаа явуулсан аж.
Уг судалгаанд 20 хорих ангийн 1000 гаруй хоригдлыг хамруулсан бөгөөд оролцогчдын дундаж нас 33 байв. Энэ үеэр хоригдлуудаас ХДХВ/ДОХ-ын халдвар илрээгүй боловч тэмбүүгийн халдвар тээгчид цөөнгүй байжээ. Тухайлбал, 30-44 насны хоригдлуудын 8.9 хувь нь тэмбүүгийн халдвартай. Халдвар тээгчдийн 19.2 хувь нь ганц бие, 10.8 хувь нь хамтран амьдрагчтай байв. Энэ нь ямар эрсдэл дагуулж буйг ойлгох биз ээ.
Уг нь энэ төрлийн өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сурталчилгаа хангалттай байдаг ч хүмүүс төдийлэн анзаардаггүй гэнэ. Өрхийн эрүүл мэндийн төв, бусад хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд гэхэд л бэлгийн замын халдварт өвчнөөс сэрэмжлүүлэх зурагт хуудас өлгөөстэй харагддаг. Гэвч энэ нь олон нийтэд хүрсэн сурталчилгаа, сэрэмжлүүлэг болж чадахгүй байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан бэлгэвч тараадаг ч залуус бараг авдаггүй гэсэн мэдээллийг угтах үйлчилгээний ажилтан ярьж байв. Ер нь иргэдийн дунд бэлгэвчний хэрэглээ хязгаарлагдмал байдаг аж. Энэ нь бэлгийн замын халдварт өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг талаар эмч нар хэлж байгаа юм.
Эрүүл мэнд, спортын яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс эмэгтэй биеэ үнэлэгч нарын дунд бэлгэвчний хэрэглээний талаар судалгаа явуулсан байна. Судалгаанд оролцсон биеэ үнэлэгчдийн дийлэнх нь бэлгэвч хэрэглэхийг шаардахад үйлчлүүлэгч дургүйцдэг гэж хариулжээ. Мөн зарим нь хэрэглэхгүй бол өндөр төлбөр төлдөг гэсэн байна.
Энэхүү эрсдэлт бүлгийнхний дунд бэлгэвчний хэрэглээ өсөхгүй байгаа нь бэлгийн замын халдварт өвчин тархах үндэслэл болж буй гэж үзэх ч хүмүүс байна. ХӨСҮТ-ийн Бэлгийн замаар дамжих халдварын кабинетаар үйлчлүүлсэн эрчүүдийн бэлгэвчийн хэрэглээ буурсан дүн гарчээ. Бэлгийн замын халдвар тарааж болзошгүй эрсдэлт бүлгийн хүмүүсийн дунд бэлгэвч хэрэглэх байдал буурсанд эмч нар санаа зовж буйгаа ярив.
Төрөлхийн тэмбүүгийн халдвартай 16 хүүхэд мэндэлжээ
Ингэхэд нийгмийн халдварт өвчин тараагчдыг хуулиар шийтгэдэг ямар зүйл заалт байдаг юм бол?. Манай улсын Эрүүгийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн гуравт дархлалын олдмол хомсдолын өвчнөөр өвчилснөө мэдсэн хэрнээ бусдад халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Мөн эмнэлэг, эм хангамжийн болон бусад байгууллагын ажилтан дархлалын олдмол хомсдолын өвчний нян илрүүлэх шинжилгээ хийлгээгүй цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтнийг борлуулсны улмаас тухайн өвчнийг бусдад халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. Харин бусад өвчний тухайд хүлээлгэх хариуцлага одоогоор алга.
Уг нь тэмбүү бүрэн эмчлэгддэг өвчин. Хувь хүн хариуцлагаа ухамсарлаж, эмчилгээ хийлгэвэл төгс эдгэрдэг. Гэтэл халдвартай гэдгээ мэдсэн хэрнээ нуун дарагдуулж, бусдад тараадаг адгийн хүмүүс байсаар байгаа нь эмгэнэл юм. Тиймээс халдварт өвчний нян тээж яваа хэрнээ бусдад “бэлэглэдэг” нөхдүүдийг хуулиар шийтгэдэг болмоор байна. Ийм хариуцлага тооцож эхэлснээр бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүүгийн тархалтыг зогсоож чадна хэмээн салбарынхан үзэж байна.
Б.Гандолгор
URL: