Э.Бадар-Ууган: Одоо цагт богино хугацаанд хэрхэн олимпийн аварга болох вэ гэдэг арга замыг хайж байна
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай ярилцлаа.
-Бээжингийн олимпоос алтан медаль аваад хүнд бэртэл авсан. Бэртэл нь яаж байна вэ?
-Дэлхийн олимпийн өдөр саяхан болж өнгөрлөө. Энэ өдөр танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Олимпийн хороон дээр очиж үг хэлсэн л дээ. Амжилт гаргаж байсан үе үеийн тамирчид цугласан байна лээ. Сайхан өдөр байна. Ингээд бодоход найман жил өнгөрсөн байна шүү дээ. Ер нь тамирчин хүн болгон л олимпийн аварга болно гэж зорьдог байх. Дээд оргил нь олимп юм шүү дээ. Миний зорилго бол олимпийн аварга болох байсан. Тэгээд зорилго биелсэн ч нэг талаараа хэцүү байсан. Учир нь амжилтыг дагаад бэрхшээл ирсэн. Дахиад бэлтгэл сургуулилтаа хийгээд явъя гэсэн боловч гэмтэл авсан. Тиймээс дөрвөн жилийн хугацаа хүнд өнгөрсөн гэж хэлж болно. Эрүүл байх нь амьдралын гол үндэс юм байна гэдгийг ухаарсан. Бэртэл гэмтэлтэйгээ тэмцэж, өөрийгөө ялан дийлж явна даа. Мөн гэр бүл, үр хүүхдүүддээ эрүүл энх байж түшиг тулгуур нь болж явах ёстой шүү дээ. Спорт бол залуу насны бүтээл юм байна гэдгийг сайн ойлгосон.
-Таныг албан ёсоор зодог тайлаагүй гэж дуулсан. Гэхдээ спортоо орхисон юм уу?
-Яг албан ёсоор зодог тайлаагүй. Гэхдээ спортоо орхисон гэж хэлж болно. Надад харамсаад байх зүйл байхгүй. Бие нь өвдөөгүй хүн өвдөж байгаа хүнийг ойлгодоггүй. Би ч гэсэн өвдөхөөсөө өмнө өвчин гэдэг зүйлийг мэдэрдэггүй байлаа. Удахгүй зүгээр болно гэж боддог байсан. Өвчнийг биеэрээ мэдрээд эхлэхээр өвдсөн зовсон хүнд тусалж, дэмжье гэж боддог болсон доо. Цаг хугацааг ухрааж болохгүй. Тиймээс би хэзээ ч харамсахгүй. Нэгэнт ийм байдалд орсон учраас тэмцэж явна. Цаашдаа арай өөр зүйл хийнэ гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго надад бий. Гэхдээ миний амьдрал бокстой үргэлж холбогддог. Боксын спортоороо бахархаж явдаг. Дараа дараагийн шилдэг тамирчдыг бэлтгэх, залуу хүмүүст үүд хаалгыг нь нээж өгөх үүднээс энэ салбартаа боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Мэргэжлийнхээ зөвлөлийг хариуцаад бокстой холбоотой асуудлаа бүгдийг нь шийдээд ажиллаж байна даа.
-Та олимпод оролцоход бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бэ?
-Бэлтгэл сургуулилтыг долоо хоногийн зургаан өдөр хийдэг байсан. Ганцхан ням гаригт амардаг. Өдөрт гурван удаа бэлтгэл хийнэ. Өглөө долоогоос, өдөр дөрвөөс, орой найман цагаас хийдэг байлаа. Бэлтгэл хийдэг байхад өдөр маш хурдан өнгөрдөг байсан шүү.
Ер нь бокстой амьдралаа холбосон нь миний сонголт. Боксын спортын тавцанд амжилт гаргасан ч гэсэн гэмтэл авсан. Хурдан эдгэхийг хичээж, эрүүл мэнддээ их анхаардаг болсон. Мэдээж амжилтад хүрэхэд маш их золиос гардаг. Тэр дундаа олимпийн аваргын шалгуурт нийцтэл бэлтгэл хийнэ гэдэг бол хүнд хэцүү бэрхшээл бүхнийг давдаг. Тамирчин хүнээс маш их хичээл зүтгэл, золиос, тэсвэр тэвчээр шаарддаг. Боксчин хүн спорт бол маш хүнд хүнд цохилтыг өөр дээрээ авна. Дэлхийн хэмжээний шилдэг тамирчидтай тулалдана гэдэг бол том хариуцлага. Тэднийг давж хол хаяж байж хождог болохоос зодуулж, цохиулахаас айгаад ч юм уу бэрхшээлээс зугтаад байвал хэзээ ч аварга болж чадахгүй.
- Олимпод оролцож байхад шантраад хасагдчихмаар үе байсан уу?
-Олимпод ялалт байгуулах бол миний туйлын зорилго байсан. 2007 оны дэлхийн аваргын мөнгөн медалийг Америкт хүртээд Монголдоо ирэхэд боломж байгаа гэж ойлгосон. Хичээх юм бол жиндээ нэг номер байж чадах юм байна гэдгийг өөртөө хэлж, өөрийгөө хурцалж эхэлсэн. Тэгээд зорьсныхоо дагуу амжилтад хүрч, санасандаа хүртэл тоглож чадсан юм шүү дээ.
Олимпод ялалт байгуулахад миний сэтгэгдэл их өндөр байсан. Монгол Улсынхаа далбааг нөмрөөд Ш.Гүрбазар гуайн “Би Монголоороо гоёдог” гэдэг шүлгийн “Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд гоёдог. Би Монголоороо гоёдог” гэсэн мөрийг хэлсэн. Олимпийн хотхонд тамирчид улс орноо сурталчилж, их бахархдаг юм л даа. Ер нь энэ шүлгийг аварга болбол уншина даа гэсэн бодол байсан шүү. Харин монголчуудын сэтгэл хөөрөөд намайг шүлэг уншиж байгааг анзаараагүй л дээ (инээв). Ингээд ялалт байгуулсны дараа бүх зүйл дуусаж байгаа юм шиг өдрүүд ирсэн. Тэр үед гэр бүлийнхэн маань миний ард бат зогсож байсан даа. Эхнэр маань намайг удирдаж, жолооддог байлаа. Гурван хүүхдийнхээ сайн сайхны төлөө зүтгэж, цаашид хийх гээд чадаагүй зүйлийг үргэлжлүүлэх алтан замыг нь нээж өгөх ёстой юм шүү гэж зорьсон. Эцэг эх гэдэг үр хүүхдийнхээ гүүр нь болж явдаг шүү дээ. Энэ хэцүү цаг үеийг давахын тулд гэр бүлийнхнийгээ харж тайтгардаг байсан даа.
-Таны хувьд тамирчин хүний бусдаас ялгарах давуу тал юу вэ?
-Хувийн сахилга бат маш чухал гэж боддог. Тамирчин хүн ёс зүйгүй байж болохгүй. Бэлтгэл сургуулилтын үеэр өөрийгөө хуурахгүй, багшийгаа хуурахгүй байх ёстой. Бэлтгэлдээ чинь үнэнчээр ханддаг байх хэрэгтэй. Яг л тэр хүртэл гүй гэвэл тэр хүртэл л гүйх ёстой. Би тэр болгонд маш идэвхтэй байсан. Багшийнхаа үгэнд сайн ордог. Гадуур тэнэж, цагийг дэмий өнгөрүүлдэггүй байсан л даа. Янз бүрийн зүйлээс өөрийгөө татаж, өөрийгөө ялан дийлж чаддаг байсан. Боксын спортыг шатрын спорттой төстэй гэж хэлж болно. Шатрын спорт бодоод нүүдэг бол бокс бол бодсоноо бие буюу үйлдлээрээ үзүүлдэг юм шүү дээ. Толгойдоо шатрын нүүдэл шиг бодно. Яаж цохивол оновчтой вэ гэж ур ухаан, авхаалж самбаагаа уралдуулдаг. Үйлдэлтэй харьцаж тоглодог гэх юм уу даа. Ер нь спорт дундаа хүнд спортод тооцогддог. Олимпийн төрөлд ч тэр. Маш их тэсвэр хатуужил шаарддаг. Олон өдөр жингээ хасна. Олимп 16 хоног болдог. Бокс бол олимпийн эхний өдрөөс сүүлийн шат хүртэл үргэлжилдэг. Тэр хооронд хоол сойж, маш их тэсвэр хатуужилтай байж, бусад ур чадвараа нээдэг. 2008 онд олимп дуусангуут медалиа авч таарсан. Олимпод ялалт байгуулах зорилго л тавьсан учраас олимпийн хотхонд өөр бусад зүйлийг үзэж чадаагүй л дээ (инээв). Энэ чинь спортын мөн чанар юм шүү дээ.
Энэ спортыг сонгож хичээллэх хүмүүст хандаж хэлэхэд маш их тэсвэр хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй, өөрийгөө ялж чаддаг байх хэрэгтэй шүү. Өөрийгөө ялах л хамгийн том ялалт гэж би боддог. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн өөрийгөө ялж сурах ёстой. Хоол идэхгүй гэж бодох л юм бол бат зогсох ёстой шүү. Дараа нь болъё гээд маргааш их хэмжээгээр хоол идээд эхэлбэл өөртөө ялагдаж байна гэсэн үг. Тамирчин хүний хувьд би өөрийгөө их барьж чаддаг. Мөн тэсвэр тэвчээр, хатуужилтай байсан учраас алтан медаль ирсэн юм болов уу гэж боддог.
-Та олимпод шавь бэлтгэж байна уу?
-Тамирчдыг бэлтгэж байгаа. Өөрөө гар бие оролцож, клуб нээж ажиллаагүй байгаа л даа. Гэхдээ клуб нээж ажиллана гэсэн зорилго бий. Заримдаа ганц хүүтэй айл өөрийн чинь шавь болгох гэсэн юм аа гэсэн санал тавьдаг. Тэгэхээр өөрийн эрхгүй багш болно гэж бодогддог. Цаг хугацааны хувьд арай л эрт байна. Залуу хүний хувьд хийж бүтээх зүйл их байна. Олимп бол олон мянган тамирчдийн мөрөөдөл, хүсэл тэмүүлэл байдаг. Гагцхүү өөрийнхөө төлөө зүтгэж, өөрийгөө дайчлах ёстой. Би шалгарах уу, олимпийн аварга болох уу гэсэн хүсэл цаанаа маш их ухаан, маш их тэсвэр хатуужлыг агуулдаг. Тэр дундаас “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг монгол ардын зүйр үгний утга учир гарч ирдэг. Даалгавар, хариуцлагаа ухамсарласан хүн л байгалийн шалгарлаар гарч ирдэг юм болов уу гэж боддог. Нэг үеэ бодоход Монгол Улс хөгжиж байна. Өмнө нь урт замыг туулж байж өндөрлөгт хүрдэг байж. Миний үед ч гэсэн. Харин орчин цагт богино хугацаанд хэрхэн олимпийн аварга болж болох вэ гэдэг арга замыг хайж, бодож, сэтгэж явна даа. Хоёрдугаарт, спортынхоо зүтгэлтэн болно. Миний хувьд боксын спорт амьдралын минь салшгүй нэгээхэн хэсэг болж үлдэнэ.
-Та бага насныхаа дурсамжаас хуваалцаач?
-Миний бага нас Баянзүрх дүүргийн Шархадны техникийн захын хойно өнгөрсөн. Би хоёр дүүтэй. Айлын том хүүхэд болохоор аав, ээж хоёр захидаг байсан л даа. Чи дүү нартаа үлгэр жишээ болж, хариуцлагатай байх ёстой шүү гэж. Буруу үйлдэл хийвэл хоёр дүү чинь дуурайна. Хоёр дүүдээ яаж зөв үлгэр жишээ болох вэ гэж бодсоор өнөөг хүрсэн минь ийм учиртай. Манайх гэр хороололд амьдардаг байсан. Би усаа авч, түлээгээ хөрөөдөж, хоолоо хийж өссөн. Гэр хорооллын ажил маш их хөдөлмөр шаардсан байдаг шүү дээ. Хүнийг их ажилч хичээнгүй болгодог. Манай аав, ээж хоёр их хөдөлмөрч хүмүүс. Одоо ч гэсэн би гэртээ зүгээр сууж чаддаггүй. Хүүхдүүд маань бага байгаа учраас жижиг сажиг хог, энэ тэрүүгээр эмх цэгцгүй байдал харагдвал шууд цэвэрлэдэг. Мөн аяга угаана, шалаа угаана нарийн ажлыг хүртэл хийнэ дээ. Манай ээж их цэвэрч нямбай хүн юм. Эхнэр маань намайг эрэгтэй хүн гэхэд их цэвэрч нямбай, зарчимч хүн шүү гэдэг. Хааяа яагаад ийм болчихдог байна аа гэдэг л дээ. Би хариуд нь аливаа сурсан зүйлийг сураар боож болохгүй юм даа гэдэг юм (инээв).
Сүүлийн үеийн залуучууд залхуу болох хандлага ажиглагдсан. Би хүүхдүүдээ ажилсаг, хичээнгүй байдлаар сургаж, хүмүүжүүлнэ гэж зорьдог. Учир нь хүн сайн ажил хийж сурах ёстой. Багаасаа ажилсаг болоод хэвшвэл ерөөсөө алга болохгүй. Х”үн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж монгол ардын зүйр үг байдаг. Энэ яг үнэн. Хамгийн гол нь гэр бүлийн хүмүүжил чухал юм шүү дээ.
Хүүхэд насандаа сахилгагүй байсан. Манай аав Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн л дээ. Манай ээжийн аав буюу өвөө маань Увс аймгийн заан цолтой Дорлигсүрэн гэж хүн байсан. Үндэсний бөхөөр барилддаг хүн байлаа. Намайг бага байхад барилдуулна гэж хэлдэг байсан л даа. Өвөө, эмээ хоёр маань таван охинтой байсан. Охидоос нь гарсан хүүхдүүд мөн л охин байсан болохоор ганц эрэгтэй хүүхэд нь би байлаа шүү дээ. Тиймээс багадаа дураараа хүүхэд байсан л даа. Ганц хүү маань барилдаж удам залгана гэж боддог байсан. Миний өссөн Шархад догшин газар шүү дээ. Атман ихтэй хоорондоо зодолдоно. Хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхдүүд ихтэй. Тэр дундаас гарч ирнэ гэдэг бол бас хэцүү ш дээ. Ангийн нэгдүгээр атаман, хоёрдугаар атаман гэх мэт янз бүрийн атаман их байдаг байж дээ. Чи нөгөө ангийн атамантай зодолдох уу гэхээр айгаад байж болохгүй. Тэгье гээд зодолддог байсан. Ингэж явж байгаад бокстой холбогдсон доо. Сахилгагүйгээсээ болж нэг хүүхэд зодоод сургуулийн захирал дээр орж байсан удаатай. Аав, ээж хоёр маань намайг битгий хүүхэд зодоод бай. Боксчин болмоор байвал зөвшөөрөлтэй газар очиж бэлтгэлээ хий гэдэг байсан. Анх боксын спортоор 1998 онд хичээллэж эхэлсэн.
-“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлэгтэй болсон чинь их сонин түүхтэй. Энэ талаар ярихгүй юу?
- “Өөжинмед” эмнэлгийг нээсэн түүх их сонин л доо. Олимпийн дараа улсдаа хэрэгтэй ямар нэгэн зүйл заавал хийх хэрэгтэй гэж боддог байлаа. 2009 онд Асашёорюү Д.Дагвадорж аварга намайг Японд урьсан юм. Тэр үед Японд үр шилжүүлэн суулгах шинжлэх ухааныг нээсэн “Като Лэдиес” клиникийн захирлыг надад танилцуулсан. Эмнэлгийн захирал Като үр шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн хүн шүү дээ. Мөн боксын спортыг сонирхож дэмждэг хүн байсан учраас санаа нийлж, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай ярьж эхэлсэн л дээ. Тухайн үед би шууд хариугаа хэлсэн. Би эмнэлэг байгуулах саналтай байна гэсэн. Намайг маш сайн ойлгож, дэмжсэн л дээ. Монголд дэлхийд номер нэгд тооцогддог эмнэлгээ байгуулъя, хамтран ажиллана хэмээж байсан. Энэ бол хэдэн ч төгрөгөөр үнэлж баршгүй зүйл юм шүү гэж хэлж байсан. Тэгээд эхнэртэйгээ ярилцаж, үргүйдлийн чиглэлээр анагаах төгссөн мэргэжилтнүүдэд санал бодлоо хуваалцаж, сонгон шалгаруулалт хийсэн. 2009 онд шалгарсан таван хүнийг Япон улс руу явуулж сургалтад суулгаж байсан. Шалгаруулалтад эмнэлгийг хариуцсан захирал Э.Одхүү эмч тэнцэж, ахалж явж байлаа. Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 23-нд нээж байлаа. Миний хувьд энэ өдөр их бэлгэшээлтэй өдөр л дөө. Эмнэлгийнхээ нээлтэд Д.Дагвадорж аваргыгаа урьж байсан л даа. Аваргадаа их баярлаж, талархаж явдаг юм.
-Эмнэлгийн нэр ямар утгатай вэ?
-Өөжин гэдэг бол монгол нэр. Сүүлийн үед монгол гэх тодотголтой зүйлүүд мартагдах гээд байх болж. Өөжин гэдэг бол хүүхдийн өлгий, ор гэсэн үг. Дууны үгэнд хүртэл байдаг даа. Хүүхэдтэй холбоотой учраас бэлгэшээж өгсөн. Ер нь эмнэлгээ нээхийн өмнө монгол нэр өгнө гэж бодож байсан. Мөн яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазар ахаасаа асууж, зөвлөгөө авсан л даа. Гүрээ ах маань нэлээн олон нэр хэлж байгаад, сүүлд энэ нэрийг өгвөл зүгээр гэж хэлсэн. “Өөжинмед” эмнэлэг одоо мэргэжлийн хориод хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай эмнэлэг нэг жилийн ой дээрээ зуун арваад хүнийг эмчилсэн байна. Жирэмсэн болсон буюу үр тогтсон бүртгэлтэй хүмүүсийн тоо л доо. Одоогийн байдлаар 13 хүүхэд хорвоод мэндэлсэн байна. Ийм үр дүнтэй явж байна. Энэ сарын 25-нд эмнэлгийн нэг жилийн ой болно. Японоос эмнэлгийн дарга, удирдлагууд ирнэ. Америк, Филиппинээс хүмүүс ирж байгаа. Ойн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмч болон эмнэлгээр үйлчлүүлж буй үргүйдлийг эмчлэх чиглэлийн хүмүүст лекц, семинар, уулзалт зохион байгуулж байгаа юм. Японы эмч нар ирж манай эмнэлгийг хэд хэдэн удаа шалгаж байсан. Одоо бол 100 хувь Монголын эмнэлэг. Нэг жилийн ойн хүрээнд Японы эмч мэргэжилтнүүд ирж, ямархуу үйл ажиллагаатай явж байгааг хянана, шалгана, зөвлөгөө өгнө. Монголын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралд цаг агаар нь ямархуу байна, ямар үед үргүйдлийг эмчлэхэд тохиромжтой байдаг талаар янз бүрийн туршлага судалгаа хийдэг. Монголын эмч нар Японы эмч нараас дутахааргүй чадвартай. Тоног төхөөрөмжийн хувьд дэлхийд номер нэг үзүүлэлттэйгээр эмчилдэг. Үйлчлүүлэгчдийн хувьд Орос, Хятадаас хүмүүс ирж, нэмэгдэх төлөвтэй байгаа.
-Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
-Манай эхнэрийг Х.Азжаргал гэдэг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүн л дээ. Бид хоёр найм, есдүгээр ангид байхдаа л үерхдэг байсан. Одоо гурван хүүхэдтэй. Миний том охин Б.Нандин арван настай. “Элит” олон улсын сургуульд сурдаг. Дунд охин маань зургаан настай Б.Наран-Мишээл гэдэг. Цэцэрлэгт явдаг. Бага хүүг Б.Бадруун гэдэг. Дөрвөн настай. Манайх хувиараа цэцэрлэг ажиллуулдаг. Их Монгол хороололд “Жаргалтай хотхон” гэсэн нэртэй цэцэрлэг бий. Цэцэрлэгээ байгуулаад дөрвөн жил болж байна. Бага хүүгээ хувийн цэцэрлэгтээ явуулдаг. Эхнэр маань эмнэлгийн ажлыг хариуцан ажиллаж байгаа. Эмчээс гадна бичиг цаасны нарийн ажлыг хийж байна.
Б.Уранчимэг
URL: