З.Энхболдыг 24 цагийн дотор огцрохыг шаардлаа
АН-ыг шинэчлэх Түр хорооны гишүүд намын дарга З.Энхболдыг өөрийн биеэр журмын нөхдөөсөө уучлалт гуйж, 24 цагийн дотор огцрохыг шаарджээ.
Тэд энэ талаар мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Намын доторх фракци хоорондын тэмцэл, нам дамнасан эдийн засгийн бүлэглэл, зөрчилдөө хэт автан 1996-2000 оны гашуун түүхээ давтсан. Мөн алсын хараагүй шийдвэрүүд гаргаж, ард түмнийхээ дуу хоолойг боомилж, улс төрийн алдаатай бодлого явуулсан удирдлагуудын байр суурь зэрэг нь намын нэр хүндийг унагаж, энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд АН-ыг бүрэн ялагдууллаа” хэмээжээ.
Мөн мэдэгдэлд нийгэм АН-ыг намын үндсэн дүрмийн шинэчлэлтийг хийж, бодлогын нам болж төлөвшихийг шаардаж, дүнгээ тавьсан гэдгийг онцолсон байна.
Тиймээс АН-ыг шинэчлэх Түр хорооныхон намын дарга З.Энхболдыг огцрохыг шаарджээ. Түүнчлэн 48 цагийн дотор ҮЗХ-г хуралдуулж, АН-ын Их хурлыг наймдугаар сарын 15-ны дотор зарлахыг шаардсан байна.
URL: