Эрх мэдлийн түлхүүр буюу 48\28, 38\38
Үе үеийн парламентын шийдэж чаддаггүй асуудал нь УИХ-ын Сонгуулийн тухай хууль юм. 2008-2012 оны сонгуулийн дараа долдугаар сарын нэгний аймшигт, эмгэнэлт үйл явдал болж таван хүн амь эрсдэж, олон зуун залуус аавын хаалга татаж байсан. Ийнхүү асар өндөр үнээр олдсон 76 суудлыг эзэгнэсэн түшээд ирэх сонгуулиар дээрх гашуун түүхийг гаргуулахгүйн тулд Сонгуулийн хуулийг шинэчилнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.
Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал тохирсон хувилбарыг сонгоно гэдгээ амласан. Өнөөдрийн байдлаар өмнөх сонгуулиар амалж байсан 1.5 сая төгрөгөө урагшаа харж инээж, хойшоо харж уйлж байж дөрвөн жилийн хугацаанд увуулж цувуулсаар өгөж дуусгах нь. Үүнийгээ амлалт юм хойно өгөлгүй яахав гэх. Үүгээрээ эрх баригч хоёр намынхан амалж ч чаддаг, өгч ч чаддагүй гэсэн ойлголтыг өгч байгаа юм.
Харин өнөөх гунигт түүхийг саринаах гол тулгуур хууль болох Сонгуулийн хуулиа шинэчлэх эсэхдээ өнөөдрийг хүртэл санал нэгдэж эцсийн хэлэлцүүлгийг нь эхлүүлж чадаагүй байна. Хаврын чуулганаар Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлж өргөн бариад байгаа хоёр ч хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулан хэрдээ санаа тавьсан.
Хэдий санаа байвч сэтгэл дутсан болоод тэрүү өнөөдрийг хүртэл өөрсдийн санал болгосон дөрвөн тоог нэгтгэж чадаагүй байгаа юм. Хөндлөнгөөс харахад дөрвөн тооны харьцаа мэт харагдаж байгаа боловч улстөрийн намуудын хувьд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, хүчтэй байх эсэхийг шийдэх хамгийн гол түлхүүр нь юм. Нэг үгээр хэлбэл эрх мэдлийн түлхүүрээ зөв тааруулахгүй бол улстөрийн тавцангаас арчигдах гээд хүндхэн байгаа. Тиймээс өөрсдийн гаргасан тооны хувилбар дээр хатуу зогсоно гэж намууд гэдийгээд байгаа хэрэг. АН-ын хувьд хаврын чуулганаас эхлээд 38\38 гэдэг хувилбарыг гаргаж ажил хаялт хүртэл зарлаад авсан.
Энэ нь намрын чуулганаар давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Айлын эрх хүүхэд шиг аашилж байгаа тус намын хувьд гишүүд гэхээсээ илүүтэй намын нэрэндээ найдвар тавиад байгаа. 38\38 буюу тэгштгэх сонгодог хувилбар нь манайхны хуулийг нь хуулах дуртай ХБНГУ-ын сонгуулийн хувилбар. Энэ хувилбараар тус улс өнөөдрийг хүртэл Бундестагийн гишүүдээ сонгосоор ирсэн аж. Сонгуулийн дараа ямар нэг хэрүүл тэмцэл дэгдээд байдаггүй юм байна. МАН-ынхан харин хатуу үгтэй аавыг санагдуулах.
АН-ынхныг ажил хаяхад аргадаж дагаж гүйгээгүй. Намрын чуулган эхлээд сонгуулийн хуулийг хэлэлцэж эхлэхэд арай гэж нэг буулт хийн 48\28 хувилбарыг гаргасан. Үүнээс цааш буулт гэж байхгүй гэдгийг өчигдөр хатуу мэдэгдсэн. Тэгэхээр МАН-ынханд үүнээс цааш тооны хувилбар байхгүй, байлгах ч шаардлагагүй болж байна. Парламентад дийлэнх олонхийн санал авч хамтран эрх барьж байгаа хоёр намын хувьд эрх мэдлийн түлхүүрийг гартаа атгах гэсэн хүсэл нь улстөрийн гацаанд хүргэхэд ойрхон байна.
Ах, эгч намууд тохиролцоонд хүрч хууль батлагдлаа гэхэд бусад зүйл ногоон гэрлээр явна. Дөрвөн тооны нийлбэр хараад байгаа болохоос бусад асуудал болчихсон гэдгийг хуулийн төслийн ажлын хэсгийнхэн учирлах. Өчигдөр гэхэд Сонгууль явуулах, санал тоолох тоног төхөөрөмжийг сонгосон байна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж Сонгогчийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох техник хэрэгслийг судалж улмаар сонгох талаар Ажлын хэсгийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, сонгуулийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох ажлыг автоматжуулахад БНСУ-ын “Miru Data System” компанид үйлдвэрлэсэн сонгогчийн бүртгэлийн машин, АНУ-ын “ ES&S” компанид үйлдвэрлэсэн санал авах, тоолох DS200 машиныг авч ашиглах тухай Ажлын хэсгийн санал дүгнэлтийг зөвшөөрч уг шийдвэрээ УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын Хороонд танилцуулахаар болсон байна.
Тэгэхээр хоёр намын нөхөд амбицаа дарж зөвшилцөхөд Сонгуулийн хууль батлагдах болчихоод байгаа юм. Бусад намуудын хувьд пропорциональ давамгайлсан хувилбарыг сонгоосой. Ингэсэн тохиолдолд парламентад сууж хүрд эргүүлэх болмож олгоно хэмээн найдвар тавин хүлээнэ.
Ц.Ургамал
URL: