М.Энхсайхан: Монголын төр хүн амын 80 хувийг дарамтад оруулжээ

МАХН, МҮАН хоёр эвсэл байгуулаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа бөгөөд  тэд энэ удаад “МАХН ба МҮАН-ын зөв­лөлдөх уулзалт”-ыг зохион байгуулсан. Тус зөвлөлдөх уулзалтад МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” болон бусад албаны хүмүүс илтгэл тавьж санал асуулга явуулав.
МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог “Оюутолгойн гэрээ бол янаглан хорлох гэрээ мөн” гэсэн илтгэлдээ “Оюутолгойн гэрээ байгуулсан гурван сайд бол залуу хүүхдүүд. Тэд нэгэн цагт эх орноосоо урвасан гэж Арслан тайж шиг толгойгоо авахуулж болох юм. Үүний ар талд С.Баяр байгаа шүү дээ. Залуу хүүхдүүд болчимгүй зүйл хийж байна. Тэгэхээр бид энэ мэт зүйлийг зөв замд нь оруулахын тулд ирэх сонгуульд ялалт байгуулах хэрэгтэй” хэмээсэн бол “Эх орон шударга ёс, тусгаар тогтнол” хөдөлгөөний тэргүүн Ц.Цолмон “Амлалт бол тамлал” илтгэлдээ “Төр барьж байгаа эрхмүүд өнгөрсөн сонгуульд нийтдээ 60 триллион төгрөг хаяж байж гарч ирсэн. Энэ нь нийтдээ Монгол Улсын 20 жилийн төсөв гээд бод. Үүнд орон сууцжуулах хөтөлбөр, нийгмийн эмзэг давхаргын халамж үйлчилгээ болон бусад халамж болон иргэн бүрт амласан 2.5 сая төгрөг юм. Бид эхний нэг жил амлалтаа биелүүлэх болов уу гэж горьдож байсан. Одоо бол итгэл алдарсан. Тэгэхээр одоо бид мөнгө нэхэх биш, эх орноо нэхэх үлдлээ. Амлагчдын шилийг нь харах цаг болжээ” хэмээн ширүүхэн дуугарсан.
Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Тавантолгойн орд газрын гэрээг эдийн засгийн нарийвчилсан тооцоон дээр үндэслэсэн илтгэл тавьж, энэ ордыг 100 хувь ард түмэнд өмчлүүлэх боломжтойг дуулгасан. Харин МҮАН-ын дарга М.Энх­сайхан “Өвгүй Монгол” илтгэл тавьсан юм.Тэрбээр илтгэлийнхээ өмнө “Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Тавантолгойн асуудлаар илтгэл тавилаа. Бид анх “Эрдэнэсийн хувь” гэх нь буруу юм,  “Эх орны хишиг” гэх нь зөв хэмээн Ерөнхийлөгч дээр ярьж байлаа. Миний ярих зүйл бол “Өвгүй Монгол” хэмээх өнөөгийн эдийн засаг Монгол Улсын их өрийн талаар байх болно” хэмээсэн. Ингээд түүний илтгэлийг ямар нэгэн дүгнэлтгүйгээр түүвэрлэн хүргэж байна.
Тэрбээр  “Өнөөдөр Монголын хаа ч очсон Тэтгэвэр тэтгэмжийн болон Хүний хөгжил сангийн дэвтрээ банк, дэлгүүр, ломбардад тавьсан байх жишээтэй. Ингээд бодохоор зээл хүний амьдралд хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Өнөөдөр Монгол малчин айлын 10 гаруй сая мал банкны барьцаанд байна. Малаа зараад хот хүрээ бараадъя гэж байгаагийн цаана ийм л зүйл болдог. Нөгөө талаар энэ нь МАНАН-гийн 2.5 сая төгрөгт хууртсан явдал юм. Өнөөдрийн байдлаар манай улсын 150 мянган албан хаагч цалингийн зээлтэй, сар бүр 4.2 хувийн хүү төлж байна. Мөн тэтгэврийн зээлд 165 мянган хүн хамрагджээ. Эд мөн сард 1.2-2.2 хувийн төлж буй. Уг нь энэ өгч байгаа хүүгээс харахад Монголын эдийн засаг өсч байх учиртай. Гэтэл огт өссөн үзүүлэлт алга. Энэ нь юуг хэлэх гээд байна вэ гэвэл энэ хүүг халаасалж суудаг банк санхүүгийн албан тушаалтнууд бий.
Зурагтаар, хэвлэлээр хөргөгч, зурагтнаас эхлээд электрон барааг өдөр шөнөгүй сурталчилж, бага хүүтэй урт хугацааны зээлээр авах боломжтойг дуулгасаар. Энэ урхинд 130 мянган хүн оржээ. Электрон бараа авсан 130 хүн тус бүр сард дөрвөн хувийн хүү төлдөг. Энэ хүү банк санхүүгийн байгууллагын хэдхэн хүний халаасанд ордог юм. Манай өнөөдрийн банк санхүүгийн тогтолцоо бол мөнгө хүүлэх газар болж хувирсан. Хэдхэн жилийн өмнө бид Орос улсад төлөх их өрийг тэглэж баярлаж байв.
Гэтэл өнөөдөр энэ өр хэд дахин өссөн. Гудамжинд машин багтахгүй баян чинээлэг юм шиг амьдарч, гэртээ дүүрэн цахилгаан эд хэрэглэж, хэдэн төгрөг банкнаас зээлж байгаа нь өнөөдөртөө сайхан хэрэг юм шиг харагдавч өнөөгийн төр Монголын хүн амын 80 хувийг дарамтад оруулжээ. Монголд 10 гаруй банк бий. Ихэнх нь ил далд хэлбэрээр гадаад эзэнтэй. Үнэндээ Засгийн газар, Их хурал Монголын эдийн засгийг удирдаад байгаа юм биш, тэр гадаад эзэд нь удирддаг. Тэд гадны хүний удирдлагаар хэлж ярьдаг. Өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөөр инфляц өслөө гэдэг худлаа, тэр банк санхүүгийн байгууллагын хүү өсч байгаатай холбоотой. Манай улс төр их өндөр боловсролтой хүмүүсээр дүүрэн байна. Бүгд худлаа, тэнд нэг ч уншиж сэтгэдэг хүн алга. Дандаа гадны хүний толгойгоор ярьж бичиж явна. Би ийм учраас өргүй Монгол гэсэн томоохон асуудлыг дэвшүүлээд байгаа юм.
Энд хэдэн зорилтот зүйлийг дэвшүүлсэн байгаа. Малаар барьцаалсан зээлийг хүчингүй болгох, Тэтгэврийн зээлийг суллаж хүчингүй болгох, Цалингийн зээлийг суллах, Төр нийгмийн ба халамжийн мөнгөний барьцаат зээлийг суллах, Орон сууцны зээлийг суллах, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн тав хүртэл сая төгрөгийг хүчингүй болгож суллах, Банк санхүү нэрийн дор мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцох зэрэг арваад зүйлийг төлөвлөсөн байгаа. Энэ бол хийхэд маш амархан зүйл. Бас нэг том асуудал бол Монгол Улс алт олборлодог ч дотооддоо хадгалж болдоггүй. Гадаадын банкинд аваачиж хадгалуулдаг. Түүнийхээ оронд доллар нэртэй хэвлэсэн цаас авч ирээд хүүтэй тараадаг. Сүүлдээ өрөнд орохоороо хэвлэсэн цаасныхаа оронд алтаа өгдөг. Үүнийг болиулж, дотооддоо хадгалуулахаас эхлэх хэрэгтэй. Ерөөсөө ертөнц чинь хэдхэн мөнгө хүүлэгчийн гарт байна. Үүнийг ойлгохоос эхлэх хэрэгтэй юм” хэмээсэн.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих