Монгол Улсын эдийн засаг оны эхний хагас жилд

188074-30062016-1467254915-6598284-1

Энэ он гарсаар инфляцийн түвшин буурсан хэдий ч эдийн засгийн өсөлт саарч, ам.долларын ханш 2000 төгрөгөөс дээш давсан ч экспортын орлого буурсан, аж ахуй нэгжийн Төрд төлөх татварын орлого буурснаар төсвийн алдагдал эрчимтэй нэмэгдсэн гээд дотоод эдийн засгийн орчинд багагүй сорилттой хугацаа байлаа.

Эхний хагас жилийн байдлаарх эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс харахад хамгийн эерэг үзүүлэлт гэж хэлж болох инфляцийн түвшин жилийн 1.8 хувьтай байгаа нь 2002 оноос хойш байгаагүй доод түвшин болж байна. Хамгийн сүүлд эдийн засгийн өсөлт хасах утга руу шилжиж 1.3 хувиар буурч байсан жил 4.2 хувьтай байсан нь бага үзүүлэлт болж байсан юм.

Харин энэ удаад эдийн засаг өсөлтийн бүсэд байгаа энэ үед инфляци доогуур түвшинд байгаа нь зээлийн хүүг бууруулах зэрэг бодлогын сонголт олгож байна гэж эдийн засагчид дүгнэж байна. 2015 оны эцсээр 2.3 хувийн өсөлттэй гарсан Монгол Улсын эдийн засгийг Азийн Хөгжлийн банкны зүгээс энэ онд 0.1 хувийн өсөлттэй байхаар таамаглаад байна.

Харин Дэлхийн банкнаас энэ онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөв 0.8 хувьтай байхаар тооцоолжээ. Дэлхийн зах зээлд гол түүхий эдийн үнэ ханш буурснаар экспортын орлого энэ оны эхний таван сарын байдлаар 1.77 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 5 хувиар буураад байна.

Мөн импортын хэрэгцээ буурч, хөрөнгө оруулалтын шинж чанартай бараа, бүтээгдэхүүний худалдан авалт буурснаар нийт импорт тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 19 хувиар огцом буураад байна. Импорт буурч байгаагаас валютын эрэлт багасаж, ханш тогтворжиж байгааг шинжээчид онцоллоо. Нийт худалдааны эргэлт саарч татварын орлого буурснаар төсвийн алдагдал 877 тэрбум төгрөгөөс давж огцом нэмэгдээд байна.

О.Одгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих