Олон овоотын орд тойрсон ажиллагаа хийгээд эрхэм гишүүний чармайлт

-УИХ-ын ажлын хэсгийг О.Чулуунбат ахалж буй нь хардлага дагуулж байна-
“Зоос”, “Анод” гээд хоёр ч банкны бодийг хөтлөхөд хувь нэмрээ оруулсан, бас зарим банкны үйл ажиллагааг дэнжигнүүлж дөнгөөд байгаа гэх Олон овоотын ордтой холбоотой нэгэн ажлын хэсгийг УИХ-аас гаргажээ. Зорилго нь уг ордын банкуудад учруулсан болон учруулж болзошгүй хор хөнөөлийг тодруулах гэнэ. Хамгийн сонирхолтой нь энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Чулуунбат ахалж буй. Олон овооттой холбоотой элдэв асуудалд гүн гүнзгий холбогдсон эрхэм гишүүнээр ахлуулсан нь олон хүний сонирхол татаж байна. Хоёр ч банк дампууруулж, бас бусдынх нь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж чамгүй сандаргаад амжсан энэ ордыг гадны компанид барьцаалаад бага биш мөнгө авахад зуучилсан хүн нь О.Чулуунбат. Тэр үүнийгээ ч нууж хаагаад байдаггүй юм.
Зуучилсныхаа шанд бас цөөн биш “ногоон”-оор бэл хөрөнгөө баяжуулсан ч гэдэг. Тиймээс УИХ-ын ажлын хэсгийг О.Чулуунбат гишүүн ахалдаг нь Олон овоотын  өрийг улсын төсвөөс барагдуулах алхмын эхний шат хэмээн хардаж буй улсыг буруутгах аргагүй. Мөн эрхэм гишүүнийг “Голдман сакс” компанитай хийсэн булхайгаа дарахын тулд хийж байгаа ажил гэж үзэх ч хэсэг байна. Магадгүй экс банкирыг Олон овоотын лицензийг гадныханд өгөх гэсэн санаархлаа Их хурлын нэр барин ил тодоор хийх гэж буй хэрэг биш биз гэх хардлагыг ч анзаарахгүй өнгөрч боломгүй. Юутай ч энэ олон асуудлыг үүсгэж, өдгөө талцаж зодолдоход ч бэлэн халуун сэдвийн нэг болоод буй Олон овоотын өдгөөгийн эзэмшил хийгээд, үйл ажиллагааных нь талаар үнэн түүхийг дахин нэг сөхье.
Өмнийн говьд барж идэхээргүй баялаг нөөцтэй алтны орд эзэмшиж буйгаа дэлхийгээр нэг зарласан “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр Олон овоотыг хамтарч эзэмших саналыг “Жаст” группийн захирал Ш.Батхүүд 2006 онд тавьсан юм билээ. Асар их нөөцтэй хэмээсэн уг ордод “Жаст”-ыг татах гол зорилго нь алтны уурхайд хамгийн их хэрэгтэй дизель шатахууныхаа зардлыг даалгах байсан бололтой. Тиймээс хамтарсан компани байгуулахаар болж “Олон овоот гоулд” гэж компани мэндэлсэн гэнэ. Хамтарсан компанийн 60 хувь “Монгол газар”-ынх, үлдэх 40 хувь нь “Жаст” группийн мэдэлд байхаар гэрээ хэлэлцээрээ үзэглэж ажил хэрэгч хүмүүсийн ёсоор айхавтар шуурхай асуудалд хандаж эхэлсэн гэдэг. Гэвч 2008 он гартал уг ордыг ашиглах өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжийг “Жаст”-д олгоогүй, зөвхөн удахгүй ашиг нь ирэх асар их алтны тухай үлгэр ярьж хоёр жил хэртэй болсон гэдэг. Нэгэнт ёроолгүй сав руу хувин хувингаар нь асгаж буй аятай хөрөнгө мөнгөө Олон овоот руу цутгачихаад ашиг орлогын тухай ам ангайхгүй суухад нь үргэлжлүүлэн тэжээх сонирхол хэнд байх билээ. Тиймээс “Жаст” уг ордыг хамтарч ашиглахаас татгалзахаар шийдэж оруулсан 20 гаруй тэрбум төгрөгөө буцааж авах санал тавьсан гэнэ.  Ц.Мянганбаяр захирал ч тэдний саналыг зөвшөөрч авсан мөнгөө хуваарь гарган төлж барагдуулахаар дахиад л гэрээ бичиг үйлдсэн гэдэг. Гэсэн хэдий ч 2009 оны дөрөвдүгээр сар хүртэл “Монгол газар” сохор зоос ч төлөөгүй. Нэг үгээр луу унжсан юм байна. Яг энэ үед “Зоос” банкныхан “Жаст” группт Олон овоотын асуудлаар хандаж таарсан юм билээ. “Монгол газар” Олон овоотын алтны ордод оруулах хөрөнгө оруулалт нэрээр банкнаас авсан зээлээ төлөхгүй байна. Тиймээс энэ зээлийг төлүүлэх тал дээр хамтарч ажиллаач гэсэн санал тавьжээ. Хэдэн тэрбумаар нь Олон овоотод мөнгөө оруулчихсан “Жаст”-ын хувьд энэ нь анхаарал тавихгүй өнгөрч болохгүй асуудал байсан гэдэг. Тиймээс “Монгол газар”-т тухайлан Ц.Мянганбаярт ханджээ. Харин тэр өөдөөс нь санхүүгийн байдал хүнд байгаа, өрөө төлөх ямар ч боломжгүй тул хүндрэлийг давахад туслаач хэмээсэн гэж байгаа. Их хэмжээний авлагаа буцааж авах аргаа хайж байсан”Жаст”-ын хувьд Олон овоотын үйл ажиллагааг нь жигдэлж байж ашиг олохоо байг, оруулсан хөрөнгөө олж авах тооцоо хийснээр энэ хоёрын нэгдэл дахиад эхэлсэн. Гэхдээ энэ удаа хамтарсан компанид “Жаст” давуу эрхтэй байхаар тогтож, улмаар Олон овоотын уурхайн үйл ажиллагааг “Жаст” удирдахаар болсон гэнэ. Ц.Мянганбаяртай Олон овоотын алтны орд дээр хамтран ажиллах санамж бичиг үйлдэн, компанийн гэрээ, дүрэм гээд шаардлагатай бүхий л зүйлийг ном журмын дагуу бүрдүүлэн ажилдаа орсон хэмээн “Олон овоот гоулд”-ынхан ярьдаг юм. Уурхайн нөөц тодорхой бишээс гадна уулын ажил нь номоороо явагдаагүй, алтыг нь аль болох хөрсний өнгөн хэсгээс нь, бас нөөц ихтэй хэсгээс нь өм цөм сорчлоод авчихсан, машин техник нь эвдэрхий, ажилчид нь хэдэн сараар цалингийн бараа хараагүй, нийгмийн даатгал, татвар гээд олон газарт төлөх өр нь үстэй толгойноос ч их болчихсон байсан гэдэг. Үнэндээ 186 тэрбум төгрөгийн өр төлнө гэдэг гэв гэнэт эрдэнэс дүүрэн чихээстэй агуй л олдоггүй юм бол хэцүү. Хамгийн наад зах нь ажлын маш нарийн зохион байгуулалт, санхүүгийн чанд сахилга батыг барьж байж зугуу зугуухан төлөх ганц л арга байгаа. Сахилгагүйгээрээ зартай Ц.Мянганбаяр болон сахилга батыг тунхаг болгодог “Жаст” хоёрын дунд удалгүй зөрчил гарч, “Жаст” нь дахиад хэдэн тэрбумыг зарлагадаж Ц.Мянганбаяраа гаргаад, ордыг 100 хувь эзэмших болсон байна.
“Олон овоотын үйл ажиллагааг жигдлэхээс илүүтэйгээр ордыг дагаж ирсэн өрийн асуудлыг шийдэх л хамгийн хүнд байсан, одоог хүртэл байсаар байна” гэж “Олон овоот гоулд”-ын гүйцэтгэх захирал П.Энхбаяр ярьж байна билээ. Юуны өмнө том, жижиг компани, иргэдэд төлөх ёстой  4.4 тэрбум төгрөгийг “Жаст” өөрөөсөө гаргаж өгснөөр юутай ч ажлыг нь хийлгэхгүй, үүд хаалгыг нь сахиж овоорч байсан 70 орчим хүнээс салж амарсан гэв. Түүнчлэн үйл ажиллагааг чинь зогсооно хэмээн өдөр бүр дарамтлах төрийн байгууллагуудад “Монгол газар”-ын төлөх ёстой өрийг ч мөн “Жаст”-аар төлүүлсэн. Их хэмжээгээр хуримтлагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд очоод байсан гэнэтийн ашгийн татварын өрийг хуваарь гарган төлөхөөр тохирчээ. Түүнчлэн “Анод”, “Зоос” гээд банкуудаас шилжүүлж авсан өрийг төлөх хуваарийг ч тэдэнтэй тохирсон гэнэ. Ингэснээр цаана нь “Голдман сакс” хэмээх компанид төлөх 15 сая ам.долларын өр үлджээ. Энэ өрийн хамгийн аюултай нь Олон овоотын алтны ордыг барьцаалсан, өр төлөгдөхгүй тохиолдолд ордыг хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр худалдан борлуулж өрөө төлүүлэх давуу эрх “Голдман сакс”-т олгосон гэрээ байжээ. Иймээс “Голдман”-ыхан Олон овоотын алтны орд нь “Жаст”-ын мэдэлд очиж, ордоос олох орлогоор 186 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэх ажиллагаа хийж эхэлснийг дуулангуутаа ордыг 15 сая ам.доллараар борлуулж, зээлүүлсэн мөнгөө авна, тэр компанийн бусдад төлөх өр төлбөр бидэнд хамаагүй хэмээн мэдэгдсэн байна. Олон овоотын алтны ордод “Анод”, “Зоос” гээд хэд хэдэн банк зээл олгосон байхад яагаад орд тэдний барьцаанд биш, ганцхан “Голдман сакс”-ын барьцаанд байдаг билээ гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдаж байгаа биз. Судлаад үзвэл “Голдман сакс”-аас авах мөнгөөрөө танай зээлийг хаачихна гэж хэлээд “Анод”, “Зоос”-оос барьцаагаа суллаж авчихаад, гол гаргачихсан байгаа юм. “Барьцаагүй юм чинь танай зээлийг төлөхгүй” гэж уг нь “Олон овоот гоулд”-ынхан гүрийж болох юм билээ. Гэвч тэд тэр өрийг төлнө, үүний тулд уурхайг ажиллуулж ашиг орлого олтол хугацааг нь сунгаж өгөөч гэсэн хүсэлт тавьжээ. Удалгүй “Голдман сакс” компанид лиценз барьцаалсан бүртгэлийг нь хууль бусаар хийсэн нь тодорхой болж, Ашигт малтмалын газраас энэхүү хууль бус барьцааны бүртгэлээ хүчингүй болгосноор Олон овоотын алтны орд “Голдман сакс”-ын барьцаанаас суларч, “Олон овоот гоулд” ХХК-ийн мэдэлд шилжжээ.
“Голдман сакс” компани “Монгол газар”-т зээл олгохдоо Ц.Мянганбаярт итгэж өгөөгүй нь ойлгомжтой. Үүнд манай нэр бүхий эрхэм зуучилж, арыг нь даахаар тохиролцсон ч гэдэг. Тэр ч бүү хэл, зуучлалын хөлс гэж гурван сая ам.доллар авсан гэдэг яриа ч байдаг бөгөөд “Голдман сакс”  одоо түүнээс зуучлалын хөлсөн өгсөн гурван сая “ногоон”-оо буцааж нэхэж байгаа гэх сураг ч байна билээ. Тиймээс энэ асуудлаар УИХ ажлын хэсэг гарган анхаарал тавьж буйн цаад зорилго  нь хэн нэгнийг “Голдман сакс”-ын өмнө хүлээсэн хариуцлагаас мулталж, хүлээх ялаас нь хөнгөлөхөд чиглэж байж магадгүй бололтой. Учир нь Олон овоотын алтны ордыг одоо эзэмшиж буй эзнээс нь хурааж олон улсын зах зээл дээр борлуулах хэрэгтэй гэж О.Чулуунбат гишүүн ярьдаг юм. Түүнээс гадна эрхэм гишүүний хэлснээр ордыг худалдаад “Голдман сакс”-т төлөх ёстойгоос илүү гаргаж үнэ хүргэж чадсангүй гээд бусад  өрийг нь хаяна гэж тохиролцсон гэх яриа хөөрөөг ч чихнийхээ хажуугаар өнгөрөөж болмооргүй санагдаж буй юм.

Н.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих