“Ард түмэн та нарыг дийлнэ ээ” гэсэн Ц.Нямдорж гишүүний үг биеллээ

ard tomen nyamdorjОдоогоос сар хагасын өмнөхөн юм. Сонгуулийн санал хураалт болох нь байтугай намууд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулаагүй байхад чуулганы хуралдааны танхимд нэгэн яриа өрнөж байлаа. Яриа гэхээсээ эрх баригч АН-д дайсан шүүмжлэл хийгээд сануулга.

Тэр нь сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг УИХ-аар батлах үеэр “Та нар дийлчихлээ гэж өнөөдөр их баярлаж байх шиг байна. Ард түмэн та нарыг зургаадугаар сарын 29-нд дийлнэ ээ” хэмээн эрх баригч  АН-ынханд дайсан Ц.Нямдорж гишүүний үг.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах, тойрог, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох, мандат хуваарилах нь дан ганц намын хийх ажил биш ч Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн саналыг АН-ынхан нэг гишүүнийхээ өрөөнд ноороглож, парламентын босго давуулсан нь хашир туршлагатай улстөрчийн эгдүүцлийг ийн төрүүлсэн хэрэг. Гэхдээ товчлуурын илүүгээ ашиглаж сонгуулийн газрын зургийг өөрсдөдөө ашигтайгаар зурлаа гээд АН-ынхан санасандаа хүрч чадаагүйг хоёр хоногийн өмнө улс орон даяар болж өнгөрсөн санал хураалтын үр дүн хангалттай харуулж орхив.

 

Эсрэгээрээ УИХ, нийслэл, орон нутгийн сонгуульд олуулаа биш олонх болох томоохон акц өрнүүлсэн АН-д УИХ-д ес, нийслэлд 11 сууцлыг ногдууллаа. 2012 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-д 31 гишүүнтэй, 2016 ээлжит сонгуульд УИХ-ын 37 гишүүнтэй болтлоо өргөжиж оролцсонтой харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлт гэсэн үг.
Нөгөө талаар тав дараалсан ялалтдаа эрдэж УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар зургаа дахь ялалтаа баталгаажуулахын тулд юу ч хийхээс буцахгүй явсан АН-д ард түмэн хатуухан хариуцлага тооцсон хэрэг. Яг л Ц.Нямдорж гишүүн “Ард түмэн та нарыг зургаадугаар сарын 29-нд дийлнэ ээ” хэмээн хэлсэн шиг. Сонгууль болохгүй, суудлаасаа буухгүй юм шиг аяглаж явсан АН-ынханд Ц.Нямдорж гишүүний хэлсэн үг том сургамж болон буусан хэрэг. Олуулаа биш олонх болох зорилт тавьж УИХ, нийслэл, орон нутгийн сонгуульд томоохон акц өгч байсан АН-д энэ нь том цохилт болсон нь тодорхой. Улс төрд түүх давтагдана гэдэг нь энэ ажээ. Гэхдээ эндээс нэг л асуулт гарч ирнэ. Юу гэхээр Ц.Нямдорж гишүүний үг биеллээ олж бодит хөрсөн дээр буух шалттаан юу байв, ард түмэн яагаад АН-д хариуцлага тооцов гэдэг асуудал. Хариулт маш энгийн бөгөөд тодорхой.

 

Ард түмэн АН-д итгэл үзүүлдэг ч засгаа өөрсдөө унагаж, ялалтаа хамтдаа үгүйсгэдэг нь тэдний гэм биш зан. “Ардчилсан холбоо” эвсэл анх удаа засагласан 1996-2000 оны үеийн түүх үүний бэлээхэн жишээ. Тэгэхэд “Ардчилсан холбоо” эвслийг бүрдүүлж байсан намууд гурван Засгийн газар огцруулж, дөрөв дэхтэйгээ сонгуультай золгосон бол энэ удаад нэгийг нь огцруулж, хоёр дахьтай нь сонгуультай золголоо. Ялгаатай нь, парламентын босгоор давж буй хууль бүр зөвшилцлийн замаар бус эрх баригчдын үзэмж, хэн нэгний ашиг сонирхлын үүднээс хандаж ирсэнд сөрөг хүчин гэхээсээ ард түмэн тохирсон дүнгээ тавчих шиг боллоо. Өнгөрсөн дөрвөн жилийн түүхийг харсан ч ийм зураглал харагдаж байна.

Жишээ нь, үе үеийн парламентад бодитоор хадгалагдаж ирсэн зөвшилцөл хэмээх ухагдахуун АН эрх барьсан үед үндсэндээ алга болсон байдаг. 2012 оны сонгуулиар гэхэд аль ч нам олонх болж, Засгийн газраа дангаараа байгуулах хэмжээнд хүрээгүй. Ийм атал тухайн үед УИХ дахь суудлынхаа тоогоор 31 гишүүнтэй байсан АН УИХ-ын даргын асуудлыг хүч түрэн шийдэж билээ. Бүр УИХ-ын гуравны нэгийг бүрдүүлэх хэмжээний суудлыг авсан МАН-ын оролцоогүйгээр шүү дээ. Үүнд нь эгдүүцсэн МАН-ынхан УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн З.Энхболдыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээсэн ч АН-ынхан гэдийсээр санасандаа хүрч л байв. Араас нь УИХ-д бүлэг байгуулах МАН-ын бүрэн эрхийг хэсэгтээ хазаарласаар эцэстээ хуулиа дагахаас аргагүйд хүрсэн билээ. Ер нь л АН парламентад олуулаа болсноос хойш томоохон олон шийдвэрийг товчлуурын илүүгээр дангаараа хүч түрэн гаргах нь саяхныг хүртэл үргэлжилсэн нь нууц биш.

Бүр ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх шийдвэрийг хүртэл гаргаж байсныг олон нийт одоо ч мартаагүй. Хэдийгээр сөрөг хүчин МАН оролцоогүй ч ирц хүрсэн гэх үндэслэлээр АН тоглолтын санаачилгыг гартаа авч “ялалт” байгуулсан нь энэ. Ирц хүрсэн гэдэг талаас нь харвал хууль зөрчөөгүй ч юм шиг. Харин сөрөг хүчний оролцоогүйгээр шийдсэн гэх талаасаа парламентын засаглалын мөн чанарыг алдагдуулсан үйлдэл болсныг нэр бүхий хуульчид одоо ч ярьдаг. Энэ мэтчилэнгээр АН-ынхан эдийн засаг, нийгмийн томоохон шийдвэр гаргах бүртээ дангаараа хүч түрж, сөрөг хүчнийхээ байр суурийг сонсох, зөвшилцөх парламентын засаглалын механизм, упс төрийн соёл талаасаа муухай харагдах болсон билээ. Бүр сүүлдээ эрх баригч намын дарга “Биднийг олонх болгоод өг. Тэгэхгүй бол ажил урагшлахгүй. Улс орон хөгжихгүй” хэмээн ил цагаан шаардаж эхэлсэн нь тосон дээр давс нэмсэнгэй агаар нэг харагдах болсон. Ямар ч байсан сонгууль болдгоороо болж сонгогчид саналаа өгдгөөрөө өглөө. Үр дүнд нь сөрөг хүчний эгнээнд явсан МАН үнэмлэхүй ялалт байгуулж ирэх дөрвөн жилд улс орны хөгжлийн завийг залуурдах эрхтэй болж байна.

“Ард тумэн та нарыг зургаадугаар сарын 29-нд дийлнэ ээ” хэмээх Ц.Нямдорж гишүүний үг ийнхүү бодит хөрсөн дээр буулаа. Түүний хувьд хахир хатуу үгтэй ч аливаа улс төрийн асуудлын голыг нь олоод хэлчихдэг нэгэн. Мөн улс төрийн ирээдүйг харж хэлсэн үг нь биеллээ олох нь олонтаа. Сар хагасын өмнө хэлж байсан үг нь ч өнгөрсөн сарын 29-нд баталгаажсан нь үүний энгийн жишээ юм.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих