“Чингис хаан Гранпри”-д 134 жүдоч өрсөлдөнө

r2ukpm5h0n2ku9fbkorin31b0Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ. Тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

 

Тус тэмцээнд 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 тамирчин өрсөлдөхөөр Улаанбаатар хотноо ирээд байна. Тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаан долдугаар сарын 1-нд 13.00 цагт эхлэх юм. Энэ өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болох аж. Дараагийн өдөр нь эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ийн жинд аваргууд тодрох юм байна. Харин тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 90% -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ийн жингийн барилдаан тус тус явагдана.

 

Тэмцээнд манай улс зохион байгуулагч орны давуу хувиарын дагуу 56 тамирчнаа оролцуулахаар болжээ. Харин БНХАУ 23, БНСУ 6, ОХУ 14, Азербайжан 9, Хорват 3, Куба 3, Чех 2, Япон 7, Казахстан 4, Кыргызстан 3, Люксембург 1, Словен 3 тамирчнаа оролцуулж байгаа юм байна. Мөн түүнчлэн энэ удаагийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдын олимпийн эрхийн оноо “Рио 2016” олимпийн оноонд нэмэгдэхгүй. Харин ирэх 2020 оны олимпийн оноонд тооцогдох ажээ.

 

Тэмцээний талаар Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат “Гранпри тэмцээнийг жил бүр Монгол улс зохион байгуулж байна. Урьд жилүүдтэй харьцуулахад энэ жилийн тэмцээн олимпоос нэг сарын өмнө болж буйтай холбогдуулан маш цөөхөн орны тамирчид ирээд байна. Гэхдээ Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон учраас  манай жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа. “Рио 2016” наадамд оролцох тамирчдад маш том бэлтгэл болно гэж бодож байна” хэмээв.

 

Тус тэмцээнийг Олон Улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Эрүүл мэнд спортын яам, Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнд долдугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд үргэлжилж найм дахь жилдээ Гранпри эзнээ тодруулах юм.

 

Г.Тэгшсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих