ХУУРАЙ НИЙСЛЭЛ
Метрополис Улаанбаатарт нэмэгддэггүй нэг л зүйл байна. Тэр нь нийслэлийг чийглэг, өнгө үзэмжтэй, нийслэлчүүдийг эрүүл, үзэж харах, сэтгэлээ баясгаж байдаг усан оргилуур. Жил бүрийн хавар хэвлэл мэдээллийнхэн “Улаанбаатар хотын захирагчийн албаныхнаас “Энэ жил хэчнээн усан оргилуур нэмж байгуулах вэ” хэмээн шалгаадаг ч мэргэжилтнүүд нь “Байгаа 125 байгууламжийнхаа ажиллахгүй байгааг чадлынхаа хэрээр нэмнэ” гэдэг. Гэсэн ч бахь байдгаараа байсаар хүйтний улиралтай золгодог.
Долоо, наймдугаар сар бол Монголын хувьд халуун, хуурай өдрүүд үргэлжилдэг үе. Сүүлийн жилүүдэд дээрх саруудад ихэвчлэн 34-37 хэм хүрч халж байв. Энэ л үед нийслэлчүүдэд, хүүхэд багачуудад усан оргилуур, усан толио хамгийн чухал. Гэвч өдгөө 125 байгууламжийн 18 нь байнгын, 13 нь хааяа ажиллаж байна. Хэвийн ажиллаж байгаа усан оргилууруудын олонх нь албан байгууллагын үүдэндээ хийсэн байгууламж. Түүнээс биш нийслэлчүүдэд зориулж байгуулсан байнгын, орчин сайтай усан оргилуур хуруу дарам цөөхөн. Үлдсэн нь усан оргилуур байсан эсэх нь танигдахгүй болтлоо “орхигдож”, олонх нь хогийн цэг болжээ. Гэтэл хөдөө орон нутаг, тэр тусмаа аймаг бүр шахуу хүүхэд, багачуудад зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулж, усан оргилууртай болж байна. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд өнгөрсөн мягмар гарагт Өмнөговь аймгийн төвд Монголын хамгийн өндөр оргилдог усан оргилуур байгуулж, нээлтээ хийсэн. Харин нийслэлд өнгөрсөн хавар нэг ч усан оргилуур шинээр ашиглалтад орсонгүй.
Улаанбаатарт усан оргилуур олон байх тусмаа сайн. Агаарын бохирдол, хуурайшил жил ирэх тусам нэмэгдэж буй энэ үед нийслэлчүүдэд усан оргилуур юу юунаас чухал. Гэхдээ олныг байгуулах тухай ярихаас өмнө нэгэнт байгуулсан усан оргилуур, усан хөшгөө арчилж, додомдох тухай ярих нь зүйтэй. Одоогоос дөрвөн жилийн өмнө нийслэлийн хэмжээнд усан оргилуурын 22 байгууламж байсны тав нь ажилладаг
Улаанбаатарт усан оргилуур олон байх тусмаа сайн. Агаарын бохирдол, хуурайшил жил ирэх тусам нэмэгдэж буй энэ уед усан оргилуур юу юунаас чухал
байв. Энэ тоо богино хугацаанд 125 болж нэмэгдсэн ч олонх нь нүд аниад байгааг дээр дурдсан. Үүний цаана байгуулсан усан оргилуураа арчилж, хамгаалдаггүй, хариуцаж чаддаггүй байдал хэвээр байгаа юм. Энэ тухай Захирагчийн албаны мэргэжилтэн Эрдэнэбат “Хөрөнгө гаргаж, гудамж, талбайд усан оргилуур барьж байгуулсан атлаа усны асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, ус ашиглалтын төлбөрийг хариуцдаггүй, байнгын хараа хяналтад байлгадаггүй, орчны ариун цэвэр сахиж чаддаггүй учраас байгаа усан байгууламжуудаа ашиглаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, усан оргилууруудад хариуцах эзэн алга. Ус ашиглалтын зардлыг хэн, хаанаас гаргах нь тодорхойгүй усан оргилуурын тоо нийслэлд 40 орчим бий” гэв. Тиймээс усан оргилуур барьж, байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, дарга, иргэн ус ашиглалтын зардлаа тооцож, тухай бүрт гаргадаг байх шаардлагатай юм. Үүнээс Улаанбаатарыг усан оргилууртай байлгах уу, хуурай үлдээх үү гэдэг хамгийн их хамаарахыг мэргэжилтнүүд учирлаж байгаа юм.
Өндөр хөгжилтэй орныхон бараг барилга байгууламж бүрийнхээ гадна усан оргилуур барих гээд байдаг нь цаанаа учиртай. Японы Токио, Осака хотод 1990-аад онд амиа хорлох явдал ихэсчээ. Үүний эсрэг арга хэмжээ авахаар сэтгэлзүйчид, эрдэмтэд сайтар судалсны эцэст усан оргилуур олноор байгуулахаар болсон гэнэ. Японы ард түмэн тухайн үед “Амьдралын чанар ийм муу байхад юун усан оргилуур” хэмээн буруушааж байсан гэдэг. Гэтэл үр дүнд нь амиа хорлох иргэдийн тоо эрс багассан байна. Шалтгаан нь сэтгэл сэргээх шийдэлтэй усан оргилуур гэнэ. Барууны эрдэмтэд усан оргилуурын дэргэд 30 минут саатсан хүний алжаал ядаргаа 60-80 хувь тайлагддаг. Мөн хотын хуурайшилт, уур амьсгал зөөллөхөд тустай хэмээх дүгнэлт гаргажээ. Тиймээс Япон, БНСУ, Франц, АНУ зэрэг оронд барилга барьж байгаа нөхцөлд гадна талдаа заавал усан оргилуур барих ёстой гэсэн хатуу дүрэм үйлчилдэг байна.
Харин манайд шинээр барьж буй хотхон, хороолол, байгууламжуудыг усан оргилууртай байлгах тухай ярьдаг ч биелэлээ олдоггүй. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат “Шинээр барьж буй хотхон, орон сууцны хорооллууд, албан байгууллагууцын барилгын зураг төсөлд усан оргилууртай байх шаардлага оруулж байгаа. Хяналт тавьж байгаа. Гэхдээ юмпани, аж ахуйн югжүүд зураг төслийн дагуу үйл ажиллагаа хийх, барилга байгууламжаа барихгүй байх тохиолдол бий” гэсэн юм.
Х.БӨРТЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: