“Зовох цагт нөхрийн чанар танигдана”

..Өнгөрсөн сарын сүүлээр Индиана мужид Ажаа Гэгээнтэй уулзаж явахад, тэрээр надад нэгэн хүсэлт тавьсан юм.

“Америкт байгаа нэг Монгол залуу цусны хорт хавдар тусч нилээд хэцүү байгаа юм байна. Би түүнд туслах гэсэн юм. Та миний өгөх гэсэн зүйлийг тэр залууд хүргэж өгч болох уу?” гэж. Мэдээж би зөвшөөрсөн л дөө. Тэндээс буцаж ирснийхээ дараа энэ залуу хаана байгааг хайлаа. “Үгүйлэн санана” нэвтрүүлгийн зохиогч Н.Батцэцэгийн хийсэн бичлэгүүд фейсбүүк дээр нилээд эрт тавигдсан байсан болохоор тэндээс хайв.

Нэвтрүүлгийг үзээд тэд Миннеполис хотод байгааг мэдсэн юм. Ажил амьдралын боломжоо зохицуулж байгаад 10 сарын 07-нд Миннеполис руу нислээ.

Вашингтон ДС-ээс 3 цаг гаруй нисч Миннеполисийн онгоцны буудалд газардахад эмч П.Солонго намайг тосч авав. Бид хамтдаа онгоцны буудлаас холгүй байгаа Б.Гүнбилгүүний гэрт нь очлоо. Б.Гүнбилгүүн ээжтэйгээ хамт жижгэвтэр 2 өрөө байранд амьдардаг аж. Би тэднийг эмнэлэгт байгаа байх гэж төсөөлж байсан юм. Эмнэлэгт яаралтай арга хэмжээ авч нилээд хүчтэй химийн эмчилгээ хийж хөл дээр нь босгоод, дараагийн эмчилгээ хийхийн өмнө гэрт нь түр гарган “тордлого” хийлгэж байгаа тухай П.Солонго эмч надад тайлбарласан л даа.

Б.Гүнбилгүүний ээж Б.Оюундалай биднийг тосч, бид тэдний гэрт нилээд удаан ярилцаж суулаа.

…Одоо 21 настай Б.Гүнбилгүүн Улаанбаатар хотод “Глобал удирдагч сан”-гийн Дээд сургуульд суралцаж байгаад 4 жилийн өмнө АНУ-д суралцахаар зорьж ирсэн аж. АНУ-д ирээд Normandale Community College-д суралцаж байгаа төдийгүй ирэх хавар төгсөх гэж байгаа аж. Хүүтэйгээ 2-уулаа л амьдралын төлөө зүтгэж байсан болохоор, хүүгээ Америк явснаас хойш санаа нь зовсон ээж нь 6 сарын дараа араас нь АНУ-д ирсэн гэнэ. АНУ-д боловсрол эзэмших гэж зорьсон ганц хүүтэйгээ хамт байж, сургалтын төлбөрийг нь төлөхөд туслах гэж хоолны газар ажиллаж, хэрдээ л “ар талыг нь дааж” зүтгэж байгаа аж. Нэг удаа ажлаасаа ирэхэд нь амьдарч байсан байр нь шатаж, өмссөн хувцастайгаа үлдэж байсан удаа бий гэнэ.

Эв эрүүл, ажил хичээлдээ шамдаж явсан хүү нь энэ намар хичээлдээ очсон эхний өдөр гэнэт бие нь мууджээ. Тэвдсэн ээж нь “байдлыг жаахан харзнахыг хүссэн” боловч асар хурдацтай тархаж буй өвчний байдал тэднийг яаралтай эмнэлэгт хандахад хүргэжээ. Эмчийн үзлэг болон шинжилгээний дараа тэдэнд тайлбарласан Acute plasma cell leukemia буюу “Цусны хорт хавдар” гэсэн онош нь тэдний хувьд “тэнгэр ниргэсэн” мэт л болов. “Цусны хорт хавдар” нь дотроо олон янз байдаг хэдий ч Б.Гүнбилгүүнд илэрсэн энэ өвчин нь маш ховор тохиолдол төдийгүй 21 настай залууд илэрснээрээ АНУ-д анхны тохиолдол юм байна. Ийм өвчлөлт нь ихэвчлэн 50-иас дээш насныханд илэрдэг хэдий ч ийм тохиолдол нь АНУ-ын хэмжээнд 300 орчим л байсан гэнэ. Азаар эхнээсээ сайн чадвартай эмнэлэг, эмч нартай учирч, тэд “анхны тохиолдол” хэдий ч боломжтой бүх арга хэмжээг авч байгаа юм байна.

Эхний удаад биеийн байдлыг нь сайжруулах зорилгоор химийн эмчилгээг эрчимтэй хийж дараагийн шатны эмчилгээнд бэлтгэж байгаа аж. Хорт хавдар нь нугас болон чөмгөнд нь нөлөөлж эхэлсэн учир дараагийн эмчилгээ нь “чөмөг шилжүүлэн суулгах” мэс ажилбар. Энэ нь өндөр өртөгтэй төдийгүй, заавал донор эрхтэн хэрэгтэй гэнэ. Эмчилгээний зардлыг нь шийдэхээр Minnesota Medical ASsistance хөөцөлдөж байгаа бөгөөд энэ явц дунд бусдаас “хандив” авахгүй байхыг санал болгосон гэнэ. Магадгүй эмчилгээний зардал олоход таагүй байдлаар нөлөөлж болох юм гэж тэд үзсэн байж болох. Зардал шийдэгдсэн нөхцөлд хүндрэлтэй асуудал нь яг таарах “чөмөгний донор” олох асуудал юм байна.

Хэрэв яг төрсөн ах дүү аль нэг нь байсан бол шууд “донор” болох боломжтой. Өөрөөр аав ээж, хамаатан садан хэн ч байлаа таарахгүй гэнэ. Тэд хүүд таарах “чөмөгний донор”-ыг өөрсдийн шугамаараа хайж эхэлсэн гэнэ. Гэхдээ энэ ажилд хэр хугацаа зарцуулахыг таахын аргагүй аж. Энэ тухай ээж Б.Оюундалай ярихдаа “Монгол бүсгүйчүүд бид нэг хүүхэд гаргаад л боллоо гэж боддог. Яг ийм тохиолдол дээрээс харахад ядаж л 2-3 хүүхэдтэй байх нь хэрэгтэй юм байнаа. Хэрэв би залуудаа ахиад л нэг хүүхэд төрүүлсэн бол өнөөдөр хүүгийнхээ өвчлөлд “донор” хайхгүй л байсан шүү дээ” гэж харамсан өгүүлж байсан. Бодох л асуудал.

Б.Гүнбилгүүний найз нөхөд нь эмнэлэгт байхад нь өдөр болгон ээлж гарган хоол цайг нь зөөж байсан гэсэн.

Ээж хүү 2-т Ажаа Гэгээнтний илгээсэн “Манал” бурхан, хадаг, арц утлага, хувиасаа өгсөн 1000 доллар болон Чикагод болсон арга хэмжээний үеэр хүмүүсийн хандивласан мөнгөн хандив зэргийг хүлээж аваад тэд маш их баярласан. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэгчлэн Б.Гүнбилгүүн хүүг өвдөж зовох цагаас эхлээд л чин сэтгэлээсээ санаа тавин тусалж, дэмжлэг үзүүлж байгаа П.Солонго эмч болон Миннеполисд ажиллаж амьдарч байгаа Монголчууд, энэ тухай мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэн, байнга л сэтгэл санааны дэмжлэг болж байгаа Н.Батцэцэг, бусад бүх Монголчууддаа маш их баярлан талархаж байгаагаа тэд өгүүлж байлаа. “Бид Ажаа Гэгээнтнийг маш их хүндэлдэг. Энэ их мундаг хүн хүү бид 2-т санаа тавьж, ингэж хэрэгтэй зүйлийг илгээсэнд баярлаад хэлэх ч үг олдохгүй нээ. Хүү бид 2 их хувь заяатай юм гэж сүслэн энэ өвчнийг даван гарч эрүүл саруул болохын төлөө чадах бүхнээ хийнээ. Бид эдгэрч гараад та нарынхаа сэтгэлийн их ач тусыг заавал хариулах болно” гэж хэлснийг дамжуулж байна.

УЧИРЛАЛ:

Би тэдэнтэй уулзан ярилцаж, байдлыг нь нүдээр харан мэдэрч байхдаа тэднээр бахархаж байсан. Хүнд өвчинд нэрвэгдэж, түүнийг даван туулахын төлөөх хатуу чанга сэтгэлийн зоригийг мэдрэхдээ “монголчууд бид ийм тохиолдолд л эр зориг, тэсвэр хатуужлаа харуулж чадах юм даа” гэсэн өөдрөг бодол төрж байлаа. Бас тэдний төлөө сэтгэл зовж туслахыг хүсч байгаа олон монголчуудыг мэдэрч байна. Нэг талаас эмчилгээний зардлыг нь Америкийн талаас шийдэж болох ч ээж хүү 2-т амжиргааны зардалд нь туслах хэрэгтэй байна. Хүүгээсээ алхам ч холдолгүй сахиж, гэрийн эмчилгээг нь өөрөө гардан хийж байгаа ээжийн сэтгэлд нь “боломж гарвал цагийн ажил хийгээд ч болов амжиргааны зардалдаа нэмэр болох” хүсэл байсан. Нэг удаа хүү нь бараг 4 цаг цус алдаж тэвдүүлэхэд нь ” алхам ч холдож болохгүй” гэдгийг ойлгосон гэдэг.

2 өрөө байрны түрээс  болон бусад амжиргааны бусад зардлаа төлөхөд сардаа 1000 нилээд гаран долларын зардал хэрэг болох бололтой.

Хэрэв тэдэнд туслахыг хүсвэл:
Шуудангийн хаяг нь: 80 w 78 street apt#202 Richfield MN 55423
Ээж Б.Оюундалайн утас нь 612-590-3907
э-майл хаяг нь: ogdii@yahoo.com

Зовлонгийн зовлон гэж хэлэгддэг хүнд өвчинтэй харь оронд ч сэтгэлийн тэвчээр, эр зориг гарган тэмцэж байгаа Б.Гүбилгүүн болон түүний ээж Б.Оюундалайд чин сэтгэлээсээ туслан, дэмжлэг үзүүлж байгаа Миннесотад ажиллаж амьдарч байгаа монголчуудад, их эмч П.Солонгод, түүний охин П.Дэлгэржаргалд, жүжигчин Н.Батцэцэг танд, Ажаа Гэгээнтэн болон түүний хамтран зүтгэгчид нарт, хандив өргөн тусалж байгаа сайхан сэтгэлт монголчууддаа, миний Миннесота явах зардлын талыг нь даасан анд найз Ганаа, Сараа нартаа чин сэтгэлээсээ талархаж байнаа.

Монгол эр хүний цуцашгүй эр зориг, мятрашгүй тэвчээр хатуужил, барагдашгүй саруул ухаанаар энэ өвчинг ялан, давж гараарай гэж Б.Гүнбилгүүн болон ээж Б.Оундалай нарт ерөөе.

“ХЭЛЖ ИРДЭГГҮЙ, ХИЙСЧ ИРДЭГ өвчинд ЗОВОХ ЦАГТ НӨХДИЙН ТУС хэрэг болдог.

Г.Галбадрах gala_mn@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих