NBA: NBА-ын эзэд болон тоглогчдын хооронд ямар нэг хэлэлцээр алга
Сүүлийн долоо хоногуудад NBА-ын ажил хаялттай холбоотой талууд хэлэлцээр хийсээр байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт чухал уулзалтууд болж ирэх долоо хоногийг буюу АНУ-ын цагаар даваа гаригийг хамгийн чухал өдрүүдэд нэрлээд байгаа. Харин хамгийн сүүлийн уулзалтын мэдээллээр ямар нэг хэлэлцээрийн үе шатанд ороогүй байгааг талууд мэдэгдэж байна.
Тэд АНУ-ын цагаар ням гаригт таван цагийн турш хэлэлцэж ямар нэг шийдэлд мөн л хүрээгүй ажээ. Энэ тухай Лэйкэрс багийн тамирчин болон Тоглогчдын холбооны ерөнхийлөгч Фишер:
-“Бид өнөөдрийн хуралдаа ямар нэг эерэг үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ маргааш бид дахин хэлэлцэх болно” хэмээжээ.
Хэрвээ энэхүү байдал удаан үргэлжилвэл NBА коммисинар Дэвид Стерн NBА-ын улирлын тоглолтын эхний хоёр долоо хоногийг цуцлана гэдгээ мэдэгдээд байсан нь бараг л 100%-тай болж байх шиг байна.
Юутай ч талууд аль аль нь ойрын үеийн уулзалтад нилээн анхаарал хандуулаад байгаа бололтой. Учир нь Дэрэк Фишер Лос Анжелэст болох уулзалтаа цуцлан дахин хэд хоногийн хугацааг Нью-Йоркт өнгөрүүлэх нь тодорхой аж.
Г.Зол-Эрдэнэ
URL: