Европын Парламентын төлөөлөгчид бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Европын Парламентын төлөөлөгчид бараалхав. Уулзалтад Европын Парламентын гишүүн Лаима Люсиа Андрикиенэ тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа.
Уулзалтын эхэнд Европын Парламентын гишүүн Лаима Люсиа Андрикиенэ Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, монголчууд чухал сонголтоо хийж буй өдөр төрийн тэргүүнтэй нь ярилцан сууж байгаадаа сэтгэл хөдөлж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ Европын Парламентын зургаан хүний бүрэхдэхүүнтэй баг Улаанбаатар хотноо өнгөрөгч ням гаригт хүрэлцэн ирж, Багануур, Дархан, Улаанбаатар хотын сонгуулийн санал хураах үйл ажиллагаатай танилцаж буй тухай дурдав. Одоогийн байдлаар сонгуулийн үйл ажиллагаа тайван, хууль журмын дагуу үргэлжилж, тус байгууллагын гишүүдэд ямар нэгэн санал гомдол ирээгүй болохыг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч дөнгөж саяхан сонгуульд саналаа өгсөн тухай дурдаж, Монгол Улс ардчиллын замыг сонгоод сонгуулийн тал дээр алдаа дутагдал, амжилт ололт олныг туулсан бөгөөд энэ хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан сонгуулийн тогтолцоог улам сайжруулахын төлөө ажиллаж байгааг дурдав. Энэ чиглэлээр саналаа өгөх цахим төхөөрөмжийг ашиглах гэх мэт дэвшил гарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монголын гадаад бодлогод Европын Холбоотой харилцах харилцаа онцгой чухал байр суурь эзэлдэг. Манай чухал гуравдагч хөршийн нэг юм. Иймээс Монгол Улс Европын Холбооны гишүүн бүртэй харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрмэлздэг. Сонгуулийн үр дүнгээс үл хамаараад Монгол Улсын Европын Холбоо болон дэлхийн орнууд, олон улсын байгууллагуудтай харилцах харилцаа өөрчлөгдөхгүй, улам бүр эрчимжин сайжрах болно” хэмээв.
Уулзалтын үеэр Монгол Улс, Европын Холбоо 2013 онд гарын үсэг зурсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг онцолж, энэхүү хэлэлцээр нь Европын Холбооны гишүүн орнуудтай харилцах Монголын харилцааны баталгаа, дэмжлэг болно гэдгийг дурдлаа. Энэ харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэгтэй Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг Европын Парламент баталж, уг баримт бичгийг дотооддоо соёрхон батлаагүй Европын Холбооны зарим гишүүн орныг батлахад нь дэмжинэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхийлөгч илэрхийлэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сайн оюутан хөтөлбөр манай боловсролын салбарыг дэлхийн жишигт дөхүүлсэн бас нэг алхам болсон байна лээ
СХД иргэн таны сонголт мэргэн байх болтугай.