Тайландчууд Монголын уул уурхайд хөл тавихаар зэхэж байна
Монголд нүүрсний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй Австралийн “Хүннү Коал” компанийг Тайландын нүүрсний магнат “Ваnpu Minerals” компани 477 сая ам.доллараар худалдаж авах санал тавьжээ.
“Banpu Minerals” компани нь өнгөрсөн гуравдугаар сард “Хүннү Коал” компанийн 12.39 хувийг 45 сая ам.доллароор худалдаж авсан. Харин үлдсэн хувийг нь өөрийн болгоход шаардлагатай зөвшөөрлийг Австралийн гадаадын хөрөнгө оруулалтыг хянах зөвлөл, Тайландын банкнаас авсан байна. Тиймээс “Хүннү коал” компани удахгүй “Banpu Minerals” компанийн мэдэлд очих нь.
“Хүннү Коал” компани Монголд 14 төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний дунд Дундговь дахь “Үнст худаг”, Өмнөговь дахь “Цант уул”, Говь-Алтай дахь “Алтай нүүрс” зэрэг гурван төсөл гол байрыг эзэлдэг. “Цант уул” нь 90 сая тоннын “Жорк”-ийн аргаар тооцоолсон нөөц бүхий коксжих нүүрсний төсөл бол, “Үнст худаг” нь мөн л дээрх аргаар тооцоолж гаргасан 324 сая тонны нөөцтэй эрчим хүчний нүүрсний төсөл юм.
“Алтай нүүрс” коксжих нүүрсний төслийн үйл ажиллагаа хайгуулын шатандаа өрнөж байгаа бөгөөд 250-500 сая тонн нөөц илрэх магадлалтай аж. Харин Тайландын “Banpu Minerals” компанийн толгой компани болох “Banpu Public” нь Индонез дахь нүүрсний ордуудаасаа жилд 20 гаруй сая тонн нүүрс олборлодог байна.
Одоогоор тус компанийн эзэмшдэг нүүрсний ордуудын эдийн засгийн үр ашигтай нөөц нийтдээ 600 сая гаруй тоннд хүрчээ. Түүнчлэн “Banpu Public” нь Тайландад нүүрсний болон хийн хоёр ч цахилгаан станцад хөрөнгө оруулсан юм байна. Тэгэхээр Монголын нүүрсний салбарт тайландчууд хүч түрэн орж ирэх нь.
URL: