Усны хэрэглээг зөв хуваарилна

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн хүрээнд Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээнд хяналтын хаалттай 10 худаг суурилуулжээ.

Төсөл хэрэгжүүлснээр хотын цэвэр усны шугамын 10 цэгээс мэдээллийг Ус сувгийн удирдах газрын Диспетчерийн албанд хүлээн авч, улмаар зардлын хэмжээ, даралт, температурын мэдээллийг цаг тухай бүрт нь авдаг болох аж.

Түүнчлэн даралтыг хасах буюу нэмэх шаардлагатай цэгүүдийг тодорхойлж, шугам сүлжээний тогтвортой байдлыг хангадаг болох ажээ. Нийслэлийн цэвэр усны шугам сүлжээнд хяналтын хаалттай 10 худаг суурилуулсан энэ арга хэмжээний тууз хайчлах ёслол өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Улаанбаатар хотын НААСТ-ийн удирдагч Л.Бадамхорлоо, УСУГ-ын үйл ажиллагааны хяналт удирдлагын газрын дарга Ш.Ганзориг нар оролцсон юм.

Одоогоор нийслэлд 33 худагт усыг зөв менежментээр удирдах даралт тохируулах хаалттай болжээ. Цаашид 1000 цэг хамруулах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ нь хүн амын цэвэр усны хэрэглээг зөв хуваарилах боломжийг бүрдүүлж байгаа юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих