Саналын хайрцагны лацыг хуулж, хуудсаа хийсэн зөрчил гарчээ

imagesУИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн явцын талаар дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчдын 23.3 хувь нь саналаа өгөөд байна. Санал хураалт хэвийн үргэлжилж байгаа ч өглөөнөөс хойш Сонгуулийн ерөнхий хороонд санал хураалттай холбоотой хэд хэдэн гомдол иржээ. Тухайлбал, санал өгөх байранд иргэний бүртгэлийн компьютер дээр хурууны хээ танихгүй байгаа хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн мэдээллийн явуулын баг ажиллаж байгаа бөгөөд иймэрхүү гэмтэл гарвал тэр дор нь засч байгаа аж.

Түүнчлэн Сонгуулийн хуулийн дагуу хурууны хээ унших төхөөрөмж нь ажиллахгүй бол иргэний үнэмлэхээрээ сонгуулиа өгөх боломжтой юм байна.

Мөн Өвөрхангай аймгийн Төгрөг суманд тог тасарснаас саналын хуудас уншуулж байсан автомат машин гацсан тохиолдол гарчээ. Түүнчлэн Увс аймаг болон Хан-Уул дүүрэгт тог цахилгааны хэлбэлзэлтэй холбоотой гомдол гарсан байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох албаныханд мэдэгдэж, цахилгааны хүчдэлийг сайн байлгахыг даалгасан байна.

Үүнээс гадна нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  71 дүгээр тойргийн 3 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгч байсан иргэн саналын хайрцагны лацыг хуулж, хуудсаа хийсэн байна. Тухайн иргэнийг Тагнуулын байгууллагынхан зогсоосон хэдий ч саналын хуудсаа хайрцаг руу хийж амжжээ.

Яг ийм үйлдэл Баянгол дүүргийн 97 дугаар тойргийн 14 дүгээр санал авах байранд мөн гарсан байна. Хоёр өөр газар ийм ижил үйлдэл гарсан нь санал өгөх ажиллагааг будлиулах гэсэн зохион байгуулалттай ажил байж магадгүй бөгөөд Цагдаагийн байгууллага болон Тагнуулын ерөнхий газраас хамтран шалгаж байгаа гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэллээ. Мөн фэйсбүүк хуудсаар санал өгөхдөө сонгогчдыг өөрсдийнхөө үзэгтэй очихыг уриалж байна гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн байна. Тиймээс иргэдийг ингэж төөрөгдүүлсэн, санал авах ажиллагааг будлиантуулах гэсэн энэ мэт үйл ажиллагааг тэр дор нь таслан зогсоож байгаа гэдгийг мөн хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих