Мансууруулах бодисоос хамааралтай 29 сая хүн байна
Дэлхийн хэмжээнд мансууруулах бодисоос хамааралтай болсон насанд хүрсэн хүмүүсийн тоо сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаагаа нэмэгдсэн байна гэж НҮБ-ын саяхан гаргасан тайлан мэдээнд дурджээ.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газраас гаргасан “Дэлхийн мансууруулах бодисын талаарх тайлан-2016”-д дурдахдаа “дэлхийн хэмжээнд мансууруулах бодисоос хамааралтай болсон 29 сая насанд хүрсэн хүн байна. Энэ нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх тайланг гаргаж байсан үеийнхээс 2 саяар нэмэгдсэн үзүүлэлт” гэсэн байна.
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг мансууруулах бодисуудын тоонд героин оржээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд баруун Европын улсууд болон Хойд Америкт героиныг хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо эрс өсчээ.
Мөн ХДХВ/ДОХ-той хүмүүст мансууруулах бодис судсаар тарьж байгаа нь түгшүүр төрүүлсэн асуудлуудын нэг болоод байна. Энэ тарианы сөрөг үр дагаврыг НҮБ “гамшиг” гэж тодорхойллоо.
НҮБ мэдэгдэхдээ “Мансууруулах бодис тариулдаг 12 сая хүний 14 хувь нь ХДХВ-тэй” гэв.
Хүмүүс янз бүрийн шалтгааны улмаас мансууруулах бодис хэрэглэж байна. Тайланд дурдсанаар “Ядуурал болон амьдрахад таагүй нөхцөл байдал нь хүмүүс мансууруулах бодисоос хамааралтай болж байгаагийн цаадах гол учир шалтгаан” ажээ.
URL: