Гамшиг, ослоос хамгаалах тактикийн сургалт зохион байгууллаа
Тахарын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Гамшиг, ослоос хамгаалах тактик сургалт”-ыг энэ сарын 22-24-нд зохион байгууллаа. Сургалтын эхний өдөр буюу 22-нд Тахарын ерөнхий газрын 50 алба хаагчид гамшгийн тухай ойлголт, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх гэсэн сэдвүүдээр сургалт явуулсан.
Мөн сургалтын үеэр гал, үер ус, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх санамж гарын авлагыг албан хаагчдад тараасан юм. Харин гамшиг ослоос хамгаалах биечилсэн дадлага, сургуулилтыг “10.15 минутад Тахарын ерөнхий газрын байранд газар хөдлөлтийн улмаас барилгад аюул үүсч, гал түймрийн аюул гарсан” гэсэн нөхцөл байдал үүсгэн зохион байгуулсан байна. Тодруулбал, Онцгой байдлын албаны дуудлага, мэдээлэл хүлээн авах 101, 105 утас руу мэдээлэл өгч Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, аврах, Гал унтраах 34 дүгээр анги таван минутад Дамбын гал унтраах ангиас ирж аврах ажиллагааг явуулсан юм. Харин аврах анги ирэхээс өмнө төв байранд байгаа нийт албан хаагчдыг байрнаас яаралтай гаргах, аюулгүйн бүсэд цуглуулах, өрөө тасалгаанд хүн үлдсэн эсэхэд хяналт тавих, төв байрны урд авто замын хөдөлгөөнд машин зогсоохгүй байх арга хэмжээг авах, иргэд болон албан хаагчдын обьектод нэвтрэх хөдөлгөөнийг хаасан. Энэ удаагийн гамшиг, ослоос хамгаалах тактикийн сургалтад Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн дарга, ахмад О.Дамдинсүрэн, Гамшиг ослоос хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч С.Хатанболд, салаан захирагч, ахлах дэслэгч Б.Ариунболд нараар ахлуулсан гурван бүлгийн 24 алба хаагч болон дөрвөн автомашинтай Онцгой байдлын бүрэлдэхүүн, Тахарын ерөнхий газрын ажилчид оролцсон юм.
Д.ЦОГЗОЛМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: