Улаанбаатар утаагүй болох уу?
Монголын Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр агаарын” төслөөс МҮХАҮТэнхим дээр зохион байгуулсан олон улсын үзэсгэлэн гурван өдөр ажиллаад өчигдөр дүнгээ гаргалаа.
Товчхондоо хэлэхэд Турк улсын “Силвер” группынхны оруулж ирсэн ширмэн зуух манай нийслэлийн хойд хоймроос суунаглах 160 мянган утлагын цооногийг өөрчлөх боломжийг бидэнд нээгээд өгчих шиг боллоо. Шийдэл нь тун энгийн. Монголчууд бид галын дөл өөдөө гэж ярьдаг бол энэ нутаг дээр эрт дээр үед амьдарч байсан Түрэг угсаатнуудын өнөөгийн удам нөгөө галын дөлийг маань дээш нь биш доош нь чиглүүлсэнд л технологийн гол нууц орших аж. Өөрөөр хэлбэл тэдний бүтээсэн давхар цамцтай зузаан ширмэн зуухны ёроолд нь нүүрсээ овоолоод дээр нь мод цаасаа тавиад асаахад галын дөл шүүр рүүгээ доошоо сорогдож, гарсан утаа нь уугиж буй нүүрсэн дундуур орж дахин шаталтанд орсноор нүүрс нь бүрэн шатаж дуусдаг юм байна. Үзэсгэлэнгийн гадаа барьсан гэрийнх нь яндангаар бөртийх утаа ч гарахгүй байгаа нь олны гайхшралыг төрүүлж байлаа.
Бид иймхэн зүйлийг олж харалгүй тун олон жил харанхуй утаан дотроо мунгинажээ. Үнэ нь одоохондоо тогтоогдоогү байгаа ч тийм ч их тэнгэрт тулсан үнэ хэлэхгүй бололтой. Энэ зуухыг зуучлан оруулж ирсэн “Сэлэнгэ констракшн” группынханд Улаанбаатарчууд бид баярлалаа гэж нэгэн дуугаар хэлэх ёстой болов уу гэж бодож байна.
Дараачийн нэгэн баярлууштай зүйл нь Монголд өнөөдөр хэт улаан туяаны технологи тун хурдан орж ирлээ. Хэт улаан туяа гэдэг нь шинээр бий болгосон зүйл огт биш бөгөөд хэдэн тэрбум жилийн турш эх дэлхийгээс 150 сая км хол орших нар маань биднийг мөнхөд халаасаар ирсэн, гэхдээ нарнаас ирэх гэрлийн туяа нь дэлхийн гадарга дээр тусч эргээд газраас ойхдоо хэт улаан туяа болон хувирч биднийг дулаацуулж байгааг онолын хувьд одоогоос 200 жилийн өмнө эрдэмтэд нээн илрүүлсэн байдаг. Харин үүнийг сүүлийн үед тусгай тоног төхөөрөмжийн туслалцаатайгаар гарган авч дөнгөж саяхнаас ахуй амьдралдаа хэрэглэж эхэлсэн билээ.
Үзэсгэлэнд хэт улаан туяагаар халаадаг АНУын цахилгаан халаагч, Солонгос улсаас орж ирсэн хана, шал зэргийг тавьсан нь олны анхаарлыг нилээд татаж байлаа. Солонгос технологиор хийгдсэн хэт улаан туяагаар халаадаг хулдаас мэт нимгэн материалын шоо метр бүр нь 50-60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд монгол гэрийн шаланд суурилуулахад хэмжээнээсээ хамаарч сая гаруй төгрөгийн үнэтэй байх тооцоо гарч байна. Хэт улаан туяаг гаргадаг төхөөрөмж нь цахилгаан бага хэрэглэдэг учир эдгээр халаагч нь ус, тосон тень мэтийг бодоход цахилгааны зардал маш бага байгаагаараа онцлогтой юм билээ. Жишээ нь “Алтантэвш Орд” компаний оруулж ирсэн АНУ-ын “Modern Flames” компаний халаагч л гэхэд 30 кв.метр хүртэл талбайг халаадаг мөртлөө өдрийн цахилгааны өртөг нь 900-1800төг. цахилгаан хямдралтай шөнийн цагаар ажиллуулахад ердөө 500 төгрөг юм байна. Дөрвөн уулаар хүрээлэгдсэн хотын хонхорт тогтох утааны дийлэнх нь нар салхигүй шөнийн цагаар хуримтлагддаг ба өглөө нар хөөрөх үед аажмаар нүүж сарнидгийг эрдэмтэн судлаач гэхгүйгээр иргэд бид нар өөрсдөө харж байгаа. Хэрэв дээрх халаагчийг ашиглаад шөнө болгон гэрээ дулаан байлгахын тулд хийдэг хувин нүүрсээ больчих юм бол 160 мянган айл хоногт 1500 тонн түүхий нүүрс шатаахын шаардлагагүй болж, гэр хорооллоос гарах утааг 50-60 хувиар багасгаж болох тооцоо гарч байгаа юм. “Тэр хорин мянган төгрөгнийхөө оронд шөнийн цахилгааныг нь маань тэглээд өгвөл мөн хэрэгтэй еэ” гэх хүн тэнд олон байлаа.
Хотын утааны ихэнх хэсгийг эзэлдэг гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь хоногийн хоол түлэх түлшнийхээ мөнгийг арай ядан залгуулдаг борчууд. Энэ хүмүүсийн амьдарч буй гэр байшин нь дулааны алдагдалтай тул түлшний зарцуулалт их байдаг. Гэр, байрны дулаалгыг сайжруулахад зориулан Мянганы Сорилтын Сангаас тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр болсон юм. Эсгий, сентофоноос эхлээд эслэг хавтан, хөөсөнцөр блок гээд барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг компаниудын бүтээгдэхүүн нийт үзмэрийн нилээд хувийг эзэлж байлаа. Үзэсгэлэн гурван өдрийн турш хөл хөдөлгөөнөөр тасарсангүй, гэвч МҮХАҮТэнхим рүү явах нийтийн унаа тээвэргүй хотын төвөөс зайдуу тул сонирхсон болгон нь ирж чадахгүй байгаа талаар хүмүүс гомдоллож байлаа.
Ш.Пүрэвсүрэн
URL: