Британи гарах болсны дараа Европ даяар доргиж эхэллээ

0f9210_brexit_cameron_johnson_x974Их Британи Европын Холбоог орхих шийдвэрт хүрсний дараа Европ тив даяар “даалууны эффект” өрнөж эхэллээ. “Даалууны эффект” нь нэг даалуу унахдаа нөгөөгөө дарж унаган цааш үргэлжлэн хөврөх үзэгдлийг хэлдэг.

Саналаа өгсөн Британичуудын 52 хувь нь Европын Холбооноос гарахыг дэмжсэн бол 48 хувь нь үлдэх саналтай байлаа.

Үүний дараа Шотландын тэргүүн сайд Никола Старгеон мэдэгдэл хийж Шотландчуудын дунд санал асуулга явуулан Нэгдсэн Вант улсаас салан Европын Холбоонд үлдэх эсэхийг шийднэ гэжээ.

Шотландчууд Британий олонхийн эсрэг байж нэгдмэл Европт үлдэх саналтай байгаа нь өчигдрийн үр дүнгээс харагдсан юм.

Үүнтэй зэрэгцэн Ирландын улс төрийн нам Шин Фэйн мэдэгдэл гаргаж Нэгдсэн вант улсын захиргаанд байдаг Умард Ирландад санал асуулга явуулж Британиас салган бүх Ирландыг нэгтгэхийг уриаллаа.

Шин Фэйний тэргүүн Деклан Кирней мэдэгдэлдээ “Умард Ирландыг Англичууд Европын Холбооноос чирж гаргасан явдал боллоо” гэжээ.

Нэгдсэн Вант улс дотор ийм яриа өрнөсөн бол Европын бусад улсуудад үүний эсрэг үзэл бодол яригдаж эхэллээ.

Франц, Нидерланд зэрэг Европын Холбооны гишүүн улсуудад Британитай адил холбооноос гарах санаа гарч эхэлсэн байна.

Францын хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт намын дарга Марин Ле Пэн Британичуудын шийдвэрийг алга ташин хүлээж авчээ.

Тус намын дэд дарга Флориан Филиппот Францыг Европын Холбооноос гаргах тухай санал асуулга явуулахыг уриалсан байна. Филиппот энэ тухай “Хүмүүсийн эрх чөлөөний төлөө тэмцэл үргэлж ялалтаар төгсдөг! Браво Нэгдсэн Вант улс!” гээд “Одоо бидний ээлж!” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.

Франц улс нь ЕХ дотроо нэгдсэн Европын үзэлд хамгийн их үл итгэгчидтэй оронд тооцогддог. Тэдний 61 хувь нь ЕХ-нд таагүй ханддагаа судалгаагаар илэрхийлж байсан юм. Тэгэхэд энэ үзүүлэлт Унгарт 37 хувь, Польшд 28 хувьтай байгаа ажээ.

Мөн Францчуудын 25 хувь нь Британичуудын ЕХ-ноос гарах сонголтыг сайшааж байгаагаа илэрхийлсэн нь бусад гишүүн улсуудаас өндөр хувь юм.

Нидерландын хэт барууны үзэлтэй Эрх чөлөөний Намын тэргүүн Гирт Уилдерс мөн адил Европын Холбооноос гарах санал асуулга Нидерландад явуулахыг уриалжээ. Уилдерс мэдэгдэлдээ “Нэгдсэн Вант улс эрх чөлөөт ирээдүйд хүрэх замыг нээлээ” гээд “Бид дахин өөрийн орны эзэн болж өөрийн мөнгөө, хил хязгаараа, цагаачлалын бодлогоо мэддэг болох хэрэгтэй” гэсэн байна.

Тэгвэл дөнгөж сая Их Британий ерөнхий сайд Дэвид Камерон ирэх намар албан тушаалаасаа буух болсноо зарлалаа. Тэр Европын Холбоонд гишүүн хэвээр үлдээх хөдөлгөөнийг тэргүүлж байсан юм.

 

Эх сурвалж: Business Insider


URL:

Сэтгэгдэл бичих