“Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэнд хохирсон иргэд олноор нэгджээ

420

“Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” төрийн бус байгууллага “Газраа алдвал бүхнийг алдана” нэртэй үзэсгэлэнг төв талбай дээр гаргаж байгаа. Тэд үзэсгэлэндээ 2012 оноос өмнө хууль бусаар олгосон газрыг авсан эзэн, олгосон албан тушаалтны гарын үсэгтэй нь дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 21-нээс эхэлсэн бөгөөд газраа булаалгасан, газрын эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа гээд эрх нь зөрчигдсөн олон иргэнээр хүрээгээ тэлжээ. Учир нь иргэд газартай холбоотой маш олон гомдол, саналаа тэдэнд илэрхийлж байгаа юм байна.

 

Үзэсгэлэн нээсэн өдрөөс хойш л гэхэд 100 гаруй иргэн газартай холбоотой гомдлоо бичгээр гаргажээ. Мөн 258 иргэн амаар гомдол гаргаж нийт 300 гаруй иргэний гомдлыг тус төрийн бус байгууллагынхан хүлээн авчээ. Энэ мэтчилэн газрын харилцаатай холбоотой маш олон хохирсон иргэд бий. Иргэдээс гадна аж ахуйн нэгж, албан байгууллага ч олноор ханддаж буй гэнэ.

 

Тиймээс “Зүтгэл сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ынхан олон улсын хүний эрхийн байгууллага болон Өмгөөлөгчдийн холбоонд хандахаар төлөвлөжээ. Учир нь тэд газартай холбоотой асуудлыг хөндөж ил гаргаж тавьснаар янз бүрийн эрсдэлтэй учирч болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. Иргэд ч нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх хүсэлт гаргажээ. Тиймээс нийгэмд ил ч дуугардаг нь цөөн энэ сэдвийг олон хүнд хүртээмжтэй байлгахын тулд үзэсгэлэнгээ дүүрэг бүрт аялуулахаар болжээ. Үүний тулд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай учраас хандивын данс нээснээ С.Отгонцэцэг өнөөдөр мэдээлэв. Мөн олон жил ажилласан газрын албаны дарга, газар олголтын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар материал бүрдүүлж байгаа талаар ч дуулгав.

 

Дээрх төрийн бус байгууллагын тэргүүн С.Отгонцэцэг 400 ам.метр газрынхаа төлөө 12 жил тэмцэж байж эргүүлж авч байжээ. Энэ хооронд эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол амссан. Тиймээс өөртэйгээ адилхан хохирсон олон хүнд газрын харилцаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл өргөх зорилгоор ТББ-аа нээж ажиллуулсан байна. Үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд маргаашаас бусад дүүрэгт дэлгэгдэх аж. Тэд энэ асуудлаа сонгуулийн үеэр дэлгэж байгаагаа улстөрчид сонгуулийн үеэс бусад цагт чих нь таглаатай байдагтай холбоотой гэж тайлбарлаж байв.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗҮТГЭЛ, СЭТГЭЛ, ИТГЭЛ-ЭХ ОРОН” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА


URL:

Сэтгэгдэл бичих