Тос тойрсон үлгэр хэзээ жаргах вэ?
Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг өндийлгөж ирэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ Японы Ерөнхий сайд хэлээд буцсан нь бараг түүхэнд үлдэх үг болоод үлдэх нь үү энэ чинь. Харин манай засгийн нөхдүүд түүнийг явсны араас хуралдаад тус үйлдвэрийн төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувьтай байна гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргаж байсан даа. Уг нь өмнө нь энэ компанийн 40 хувийг төрийг төлөөлөн Төрийн өмчийн хороо, харин 60 хувийг нь хувийн хэвшлийг “Петровис”, “Магнай трейд”, “Жаст групп” ХХК болон, Монголсэкию компаниудын оролцоотой байгууллаа гэх мэдээллийг өгч байсан удаатай. Ямартай ч тэр үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийг Япон Улсын холбогдох банк, санхүүгийн байгууллагатай зээлийн хэлэлцээр хийж санхүүжүүлэхээр тогтсон учраас газрын тос боловсруулах үйлдвэрийн төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувьтай байх эрх зүйн болон бусад зохицуулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай болсон гэж байсан юм. Түүнчлэн энэ талаар хувь нийлүүлэгчидтэй тохиролцож, төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувь байхаар холбогдох арга хэмжээ авахыг тухайн үеийн Уул уурхайн сайдад даалгасан. Мөн энэ үйлдвэрт газрын тос боловсруулах тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгасан юм. Гэвч өнөөдрийн өдрийг хүрэхэд юу ч болж, бүтсэнгүй.
Жилд 2 сая тонн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банк, Марубени корпорациуд хамтран урт хугацааны хүү багатай эргэн төлөгдөх зээлийн нөхцөлөөр санхүүжүүлнэ л гэж байсан.Харин цаашдаа 100 хувь Монголын үндэсний компани болно гэж байв. Гэтэл үлгэр үлгэр чигээрээ л байдаг аж. Гэхдээ тэгээд үйлдвэр гээд ярихаар яах аргагүй нэг асуудал босч ирдэг нь түүхий тосоо хаанаас авах вэ гэдэг юм. Тухайлбал, энэ үйлдвэрийн тухайд хамгийн гол асуудал нь боловсруулах түүхий тосоо хаанаас авах вэ гэдэг асуудал л даа.Жилдээ 500 мянган тонн нефтийг Тамсаг, Тосон-Уулын ордоос авах бололцоо бий гэж байгаа ч, үйлдвэр хүртэл машинаар тээвэрлэхэд 1000 орчим км тул эцсийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гарна гэж мэргэжилтэн байр сууриа илэрхийлж байсан бол үйлдвэрийн захирал Т.Намжим “Эхний жилдээ гаднаас түүхий тосоо импортоор авч байгаад цаашид Монголын нутаг дэвсгэрт Тамсаг булагт ч юм уу хангалттай их хэмжээний олборлолт явагдвал дотоодоосоо түүхий тосоо авах чиглэлтэй” гэж байсан. Хэрэв тэгээд энэ үйлдвэр байгуулагдчих юм бол улсын хэмжээнд бензин шатахуун, дизель түлш, нисэх онгоцны түлш, түлшний мазут, авто замын асфальт, битум зэрэг 7 төрлийн бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангах боломжтой болно гэж байв.
Гол нь энэ үйлдвэрийг 2015 оноос буюу өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж байсан ч, өнөөдрийн өдрийг хүрэхэд таг чиг. Тус үйлдвэр хэрэв үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол монголчуудын өнөөдөр хэрэглэж буй 80, 92-ын октантай бензин үйлдвэрлэхгүй. Харин Евро-4 стандартын шаардлагыг хангасан 95-100-гийн октантай бензинээр дотоодын зах зээлээ хангана гэж байв.
Жилд 1 их наяд гаруй нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт 470 тэрбум төгрөгийн орлого оруулж ДНБ-ий өндөр өсөлтийг хангахад дорвитой хувь нэмэр оруулна гэж байсан тус үйлдвэр 4.5-5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөх ашигтай ажиллах тооцоо судалгааг төслийнхөн гаргасан байдаг.
Уг нь энд сануулан өгүүлэхэд Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн билээ. гэсэн ч улстөржөөд гацаачихсан. Түүхий эд нь ойр байгаа үйлдвэрийг гацаагаад нөгөөх л Оросоосоо царай алдах зам руу түрүүлээд алхаж байгаа харагдана. Мэдээж манайд өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй байх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэж ирсэн ч, шийдэх тал дээр улстөржүүлсээр ирсэн юм. Түүнчлэн манайхан дотооддоо ингээд жонхууруулж ирсэн зэрэгцэн Далайд гарцгүй Монгол Улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэртэй байх шаардлагагүй гэсэн агуулгатай байр суурийг ч гадныхан хэлж ирсэн. Тухайлбал, Дэлхийн банкны зүгээс “…Газрын тос боловсруулах үйлдвэрийн нөхцөл нь ямар байх мөн энэхүү үйлдвэрийг ашиг орлоготой ажиллуулахад Засгийн газрын бодлого ямар байхаас шалтгаална… Түлшний хатуу чанга техникийн үзүүлэлт болон дэлхийн нийтээр түлшний эрэлт хэрэгцээ тогтворгүй байгаагаас жижиг бөгөөд энгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд ашиг багатай болсоор байна. Олон улсын өрсөлдөөний үр дүнд газрын тос боловсруулах үйлдвэрүүд ашигтай ажиллахад хүндрэлтэй байдалд байгаа бөгөөд зарим тохиолдолд томоохон иж бүрэн үйлдвэрүүдийн ашиг ч гэсэн хасахтай байна. Жишээлбэл, 2009 оны 1 дүгээр сараас эхлэн Азийн гол төв болох Сингапурын газрын тос боловсруулах бүх хэлбэр, хэмжээний үйлдвэрүүдийн ашиг бага байсан байна. Бусад улс орнуудын туршлагаас харахад дэлхийн стандартаас бага хэмжээний эдийн засгийн хэмнэлттэй гэж үзсэн жижиг газрын тос боловсруулах үйлдвэр шинээр байгуулах нь далайд гарцгүй улс оронд ч мөн санхүүгийн хүндрэлүүдийг үүсгэж болзошгүй юм.
Суурь арчилгаа үйлчилгээнд анхаарлаа сайн хандуулах нь зүйтэй яагаад гэвэл хамгийн сайн ажилладаг боловсруулах үйлдвэрүүд ч гэсэн байнгын арчилгаа үйлчилгээний үеэр хаагдах хэрэгтэй болдог тул ганц газрын тос боловсруулах үйлдвэрт найдах нь тухайн үйлдвэрийг хаагдах үеэр боловсруулсан бүтээгдэхүүний хомсдол үүсч бий болно гэсэн үг. Эцэст нь, дотоод зах зээлийн үнийг хиймлээр тогтоовол газрын тос боловсруулах чадвар сайтай гол томоохон экспортлогчид хүртэл түлш шатахууны хомсдолд орж болно. Дээр дурьдсан улс орнуудаас гадна Аргентин, Иран , Ирак, Нигериа орно. Эдгээрээс харахад дотооддоо боловсруулаагүй газрын тосны нөөц ихтэй болон боловсруулалтын өндөр чадвартай улс орнууд ч гэсэн зах зээлийн журмаар тогтоогддог үнийг бууруулах оролдлого хийх нь эдийн засгийн хувьд өндөр алдагдал хүлээх аюултай байгаа” гэсэн зүйлийг хэлж яриад байгаа юм.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн
URL: