Экспортын гинжин нөлөө

ba1518_mcs_x974Экспортын төлөө дэлхий даяараа өрсөлддөг. Өрсөлдөөн маш хатуу ширүүн явагдана. Экспортоос болж олон орон хоорондоо муудаж бас сайдаж байсан. Экспортын төлөөх тэмцэлд ялсан нь хөгжинө, ялагдсан нь хямарна, доройтно.

Хятадын үсрэнгүй хөгжил бол экспорт дагасан хөгжил юм. Улс орныг экспортоор нь таньж, түүгээр төлөөлүүлж нэрлэх нь бий. ‘’Miningolia’’ гэдэг нэршил санамсаргүй үүсээгүй. Монголын экспортыг эрдэс баялаг бүрдүүлдэг болохоор тэгж нэрлэсэн хэрэг л дээ. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн таван жилд 5.5 их наяд төгрөгийн экспорт хийжээ.

Харин Оюутолгой 3.1 их наяд, М Си Эс групп 2.8 их наядаар үнэлэгдэх бүтээгдэхүүн гадаадын зах зээлд гаргасан байна.

Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ уналаа гэсэн ханшийн муу мэдээ зөвхөн Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, М Си Эс-д нөлөөлдөг, маньд ямар хамаатай юм гэж бодож байна уу? Үгүй дээ. Үнийн уналт Монголын экспортын орлогод шууд нөлөөлж, Монголын эдийн засгийн өсөлтийн хувийг цөөлж, энэ нь Монголбанкны валютын нөөцөд хүрч, улмаар ам.долларын ханш өссөнөөр  таны авдаг, импортын шатахууны үнэ нэмэгдэхэд хүргэдэг. Шатахууны үнэ нэмэгдсэн л бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг жамтай.

Шууд хэлэхэд, манай улсын экспортын хэмжээ багасахад таны гэрийн хөргөгч дагаж хоосордог гэсэн үг. Эдийн засгийн гинжин нөлөө гэж үүнийг хэлнэ. Чухам ийм учраас, ‘’гаднаас олж ирсэн экспорт’’-ын орлогоо улсдаа, бие биендээ шингээхийн тулд солонгосчууд манай оронд жуулчилж ирэхдээ солонгосын онгоцоор нисэж, солонгосын зочид буудалд бууж, солонгос ресторанд хоол идэж байгаад явдаг. Уйтгартай байх л даа. Гэхдээ экспортоос орлого олохын хэцүү, экспортын өрсөлдөөний хатуу хүтүүг мэдэрсэн ард түмний хандлага юм даа.

Т.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих