99 ХЭРЭГГҮЙ

ТӨРИЙН ТЭРГҮҮН ХОРИГ ТАВИБАЛ ТҮҮНИЙГ ДЭМЖЭЭРЭЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч болгоомжилж байна. Түүнд ингэх шалтгаан бий. 1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан юм. Дараа жилийнх нь мөн сарын 14-нд олон түмэнд мэдэгдэлгүй шахам буюу бараг нууцаар дахин хуульд “гар дүрсэн”. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шалтгаан нь улс төрийн түр зуурын шалтгаан буюу эрх мэдлийн хуваарилалттай шууд холбоотой байв. 1999, 2000 оны долоон өөрчлөлт Үндсэн хуулийн үзэл санаа, баримтлалыг улам дордуулсан гэж хуульчид, судлаачид үздэг. Дээрх өөрчлөлтүүд Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Цэцийн шийдвэр ч бий. Цэцийн дээд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийнх байдаг. Уг өөрчлөлтөөр төрийн эрх мэдэл хуваарилах зарчим алдагдаж УИХ-д Зас гийн газар нь хүчтэй нөлөө үзүүлэх болсон юм.

Мөн УИХ-ын гишүү- дийн саналаа чөлөөтэй гаргах эрхийг хааж, намын хатуу хяналтыг Парламентад тогтоосон юм. Энэ бүхнийг одоогийн Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэднэ. Учир нь тэрбээр 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эрх барих үеийн УИХын гишүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Тийм учраас Үндсэн хуульд ямар санаа, амбийцаар өөрчлөлт оруулсныг сэт гэл санаа, яс махаараа мэдэр сэн хүний нэг. Одоо бол Ц.Элбэгдорж Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Аль нэг намын гишүүн бус. Тэгээд л Үндсэн хуульд оруулах гээд байгаа өөрчлөлтийг бүхэлд нь эсэргүүцэж байгаагаа УИХын удирдлага, Ерөнхий сайд, намын бүлгийн дарга нарыг хүлээж авч уулзах үеэрээ шулуухан хэлсэн хэрэг болов уу.

Ер нь манай эрх баригчид өөрсдөдөө ашигтай гэсэн хууль тогтоол энэ тэрийг батлах, өөрчлөхдөө түмний анхаарал төр, улс төрийн хэрэг явдлаас хөндийрсөн, баяр цэнгэлд умбасан цаг үеийг ёс мэт ашиглаад сурчихсан улс. Үндсэн хуульд оруулсан өмнөх өөрчлөлтүүдийг хийхдээ иргэд, албан байгууллага шинэ жилээ тэмдэглэн бужигнах үеийг эвтэйхэн тааруулсан байдаг. Одоогийн өөрчлөлт оруулах төсөл ерөнхийдөө бэлэн болсон юм байна. Ерөнхийлөгч, Засгийн газар түүнд нь саналаа өгөх ёстой. Төрийн тэргүүн бол шууд л “no” гэнэ. Дараагийн сонгуультай эсэн мэнд золгохын тулд Засгийн газар харин дэмжинэ гэж магадгүй. УИХ-ын 76 гишүүний ярсхийтэл гараа өргөж байгаа дүр алган дээр тавьсан юм шиг л харагдаж байна. Тэд дахин сонгогдох магадлалаа бий болгохын тулд УИХ-ын гишүүний тоог үнэндээ 152 болгохыг ч хүсэж байгаа. 99 гэдгийн хувьд олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн зүгээр л нэг арга гэнэ. Учир нь “9”-ийн тоонд монголчууд “хайртай” гэсэн ядруу санааг хууль санаачлагчид бодож олсон юм байх.

Төсөл санаачлагчдыг Ерөнхийлөгч, Засгийн газраас саналыг нь авах хүртэл цаг хугацаа “хөврөх” нь мэдээж. Төсвийн тодотгол, 2012 оны төсөв, Сонгуулийн хууль гээд Үндсэн хуулиас өмнө шийдэл нь шаардагдсан хууль, тогтоолуудыг чуулганы эхээр хэлэлцэн батлах ёстой гэж бодохоор энэ удаадаа эцэг хуулиа өөрчлөх зав гарахгүй байх талтай. Дахин сонгогдох 76 амбийцтан үгсвэл шинэ жилийн оргилуун дарсны чимээн дор Үндсэн хуулийг өөрчилж мэдэх л юм. Тэгсэн тохиолдолд мэдээж Ерөнхийлөгч хориг тавина. Олон нийт Төрийн тэргүүнийхээ талд бат зогсож Үндсэн хуулиа хамгаалах нь зүйн хэрэг байх билээ. Эсрэг тохиолдолд Үндсэн хуулийн хямрал үүсэх нөхцөл бий болно. Аливаа нийгмийн үл ойлголцол, үймээн самуун ихэнхдээ Үндсэн хуулийн хямралаас болдог гэлцдэг.

АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУХААС АЙХЫН УЧИР ЮУ ВЭ?

Шууд ардчилал гэх нэр томъёоны тухай сүүлийн үед манай дарга, даамлууд ярьдаг болжээ. Түүний нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга юм байна. Шууд ардчилал хөгжсөн ихэнх оронд ялих ялихгүй зүйлээр ч санал асуулга явуулдаг аж. Ийм орнуудын нийгмийн байдал тун тогтвортойд тооцогдож байна. Төрийн дотоод, гадаад бод лого тодорхойлохтой холбоотой асуудлаар ард нийтээр сон голт хийлгэх шаардлага гарсан үед санал асуулга явуулна. Ард түмнээрээ асуудлаа шийдүүлсэн болохоор аливаа хэрүүл тэмцэл өрнөнө гэж үгүй байдаг бололтой. Өнөөдөр дэлхийн олон оронд иргэний дайны гал дүрэлзэж байгаа нь эрх баригчид нь ард иргэдээсээ өрх тусгаарласантай шууд холбоотой нь маргах аргагүй үнэн юм. Тэгвэл манай хууль санаачлагчид Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар иргэдээ сонсоогүй.

Хууль санаачлагчид дорх тайлбарыг өгч байгаа юм. “УИХ-ын Тамгын газарт нийслэл, 21 аймгаас 38800 гаруй санал бичгээр болон факс, электрон шуудангаар ирсэн. Түүний 52.6 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна” гэжээ. Нүглийн нүдийг гурилаар хуурах гэсэн нэг арга гэж үүнийг хэлж болно. Монгол Улсын Ард нийтийн санал асуулгын тухай хуульд “ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэж заасан байна. Гэтэл УИХ энэ хэлбэрийг ашиглахыг хүсээгүй нь бас нэг хардлага дагуулахад хүргэв.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Гэхдээ л ард түмнээсээ асуух нь зөв. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн байдал, сум, хороо, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргыг иргэд нь шууд сонгодог байх, УИХын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахад хязгаарлалт тавих зэрэг зохицуулалтыг Үндсэн хуульд бий болгож өгөх шаардлага бий. Харин 76 гишүүнийг 99 болгохыг ард түмний олонх яагаад ч дэмжихгүй гэдэгт эргэлзээгүй байна. Өнөөдөр тийм шаардлага алга. Хууль санаачлагч зарим гишүүн Монгол Улс эдийн засгийн хувьд хүчирхэгжиж, хүн амын тоо өсөж байна гэж ярих болов. Хамгийн чухал нь намууд цэвэр, сонгууль нь шударга, тогтолцоо нь зөв байхыг л ард түмэн шаардаж байна. Ийм байж чадвал төрийн дархлаа бэхжинэ.

Өнөөдөр Монголын хүн ам гурван саяд дөхөж байгаа нь үнэн. Тэгвэл 1992 онд УИХ-ын сонгуульд сонгогчдын идэвх хамгийн өндөр буюу 95.60 хувьтай байсан бол энэ үзүүлэлт 2008 оны сонгуульд 76.46 хувьд хүрч буурсан байх юм. Эндээс үзвэл УИХ-д итгэх итгэл алдагдсаар байгаа болж таарч байна. Тийм байтал 99 гишүүний тухай ярьж байгааг “дахин сонгогдохын төлөө хийж байгаа аргаа барсан ажил” гэж үзэхээс аргагүй.

А.ИХ-УУЛ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих