Завхан, Ховд аймгийнхан Хөгжлийн хувьсгал хийхийг уриаллаа

6-22-2_700x700С.УЯНГА

 

УЛИАСТАЙ СУМ ХОТ БОЛЖ НИЙСЛЭЛТЭЙ ХУРДНЫ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОГДОНО

 

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр баруун аймгуудад ажиллаж байна. Тэрээр өчигдөр Завхан, Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзаж намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Улиастай хотод УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрогт МАХН-аас Малчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан  Д.Балдан-Очир, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт хуульч Б.Батхуяг нар нэр дэвшиж байгаа юм.

Улиастай хотын иргэд намын дарга Н.Энхбаяр болон нэр дэвшигчдийг халуун дотноор хүлээж авав. МАХН-аас УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Батхуяг хуульч төрийн удирдлагын менежер мэргэжилтэй бөгөөд оюуны өмчийн газар, Соёл спорт аялал жуулчлалын яам, Монголын олон улсын ба үндэсний арбитрын шүүхэд шүүгч, Шадар сайдын зөвлөх зэрэг олон алба хашиж байсан туршлагатай сэхээтэн төдийгүй нутгийн унаган хүүхэд гэдгийг иргэд хэлж байлаа. Б.Батхуяг сонгогчидтой хийх уулзалтын үеэр “Сүүлийн арваад жил төлөвлөлтгүй явсан байна. Тиймээс одоо хөгжлийн төлөвлөгөө хэрэгтэй. Бидэнд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх чадварлаг баг бий. Улиастай сумыг Жаргалын найман хотын нэг  болгон хөгжүүлэхээр зорьж байна. Шашин шүтлэг, өв уламжлал талаасаа Отгонтэнгэр, олон хутагт хувилгаадын өлгий нутаг зэргээр орон нутгаа түшиглэн  аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Завхан аймаг баруун бүсийн тулгуур төв гэдэг утгаараа олон салбар сургуультай. Энд суралцагчид манай намын хөтөлбөрт тусгагдсаны дагуу сургалтын төлбөрөө бүгдийг нь төрөөр даалгана. Мөн инновацийг хөгжүүлэх судалгааны төв байгуулах бололцоотой” гэдгийг онцоллоо.

Иргэдийн хувьд МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөндлөн тэнхлэгийн Ховдоос Чойбалсан хүртэлх мянганы төмөр зам Улиастайгаар дамжих бол босоо тэнхлэгийн төмөр зам Завханы Арц суурийн боомтоос Шивээ хүрэнгийн боомт хүрнэ. Тиймээс Улиастай хот дэд бүтэц сайжирч хөгжих боломжтой. Ингэснээр Улиастай хот 150 км цаг хурдлах хурдын галт тэргээр нийслэлтэй холбогдоно  гэдгийг ярилаа.  Мөн ахмад настан, эх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдын эрүүл мэндийн асуудлыг төрөөс хариуцдаг тогтолцоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авдаг, газар тариалангийн салбарыг дэмжих “Тариалангийн банк” байгуулахыг дэмжиж байгаагаа намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандан хэлж байв. Завхан аймгийн өндөр настан Б.Энхтөр “Улс төрд шинэ залуу, шинэ боловсон хүчин гарч ирэх цаг нь болсон. Өнгөрсөн хугацаанд МАН, АН төрийн эрхийг барьснаар албан тушаалын наймаа, хээль хахууль нэмэгдсэнээс өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Манай аймагт нэр дэвшиж байгаа Б.Батхуяг Соёлын хуулийн төслийг шинэчлэн гардаж бичсэн, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн эхийг бичсэн мундаг залуу юм билээ. Д.Балдан-Очир УИХ-ын гишүүн  байхдаа малчдыг дэмжсэн олон хууль санаачилж хэрэгжүүлсэн төрд төлөөлөх хүний нэг яах аргагүй мөн. Тиймээс МАХН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэж бодож байгаа. Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байгаа, эдийн засаг хямарсан, түүхий эдийн үнэ унасан хэцүү үед Хөгжлийн хувьсгал хийхийг дэмжиж байна. МАХН-ын мөрийн хөтөлбөрийн уншсан хүн болгон хэрэгжүүлээсэй гэж хүсэх болно. Улс орон хөгжиж, ард түмэн чинээлэг амьдрахын тулд МАХН-ын нэр дэвшигчдийг дэмжихээс өөр замгүй” гэлээ.

 

ХОВД ХОТ ЖАРГАЛЫН НАЙМАН ХОТЫН НЭГ БОЛНО

 

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Завхан аймгийн дараа Ховд аймгийн иргэдтэй уулзав. Олон үндэстэн ястны өлгий нутгийнхан МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг дэмжиж, Хөгжлийн хувьсгал мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалж буйгаа илэрхийлэн угтаж авсан юм. Тус аймагт буюу УИХ-ын сонгуулийн 34 дүгээр тойрогт эдийн засгийн ухааны доктор Б.Довдонбалжир, УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрогт түүхч, эрхзүйч Х.Батболд, УИХ-ын сонгуулийн 36 дугаар тойрогт хүний их эмч Ш.Булган нар нэр дэвшиж байгаа юм.

Уулзалтын үеэр цөөнгүй хүмүүс эдийн засаг хямарч амьдрал ахуй хэцүүхэн байгаа энэ үед оюутны сургалтын төлбөрийг төрөөс даадаг тогтолцоо руу шилжих, тэг түрээсийн зарчмаар 450 мянган айлыг орон сууцтай болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх ажлуудыг нэн даруй хэрэгжүүлж байж иргэд ая тухтай орчинд сайхан амьдарна гэж бодож байгаа талаараа байр сууриа илэрхийлж байв. Мөн Ховдыг төмөрлөг, хими, эрчим хүчний үйлдвэрлэл бүхий аж үйлдвэр,  инновацийн цогцолбор Жаргалын найман хотын тоонд оруулсанд талархаж буйгаа хэллээ.

Уулзалтын үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Улс эх орон маань сүүлийн хэдэн жилийн хугацаанд маш их турж эцжээ.  Асуудлыг ганц хоёр хүнд тусалснаасаа бус нийт ард түмэнд тусалснаараа шийднэ. Та сонгуульд хайнга хандах юм бол хайнга бүрдсэн төр ард түмний асуудлыг шийдвэрлэхгүй. Тиймээс МАХН төрөөс оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар бүрэн хариуцах, Жаргалын найман хот байгуулах, чинээлэг дундаж өрхийг нийгмийн олонх болгох, эрүүл мэндийн хамгаалалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийг тэтгэх цахилгаан станцыг барина.Та бүхний сонголтоос та бүхэн хожих ёстой. Монгол хүн нэг бүрийн хожил бол Монгол Улсын хожил байх болно. Улсаараа хожихын тулд зургадугаар сарын 29-нд зөв сонголт хийх чухал шүү” гэдийг онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих