Хууль бусаар олгосон газрын зургаар үзэсгэлэн гаргав

527-14665551766-22-4_700x700“Газраа алдвал бүхнээ алдана” нэртэй хууль бусаар олгосон газрын үзэсгэлэнг “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байна. Үзэсгэлэн Чингисийн талбайд энэ сарын 21- 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

“Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” Төрийн бус байгууллагын зүгээс “Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар өмнөх хотын дарга нарын олгосон газруудыг үнэлгээ 26.9 их наяд төгрөгтэй тэмцэх хэмжээний орлого хотын төсөвт орох ёстой байсан талаар Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлсэн юм.
Бид ч Дэлхийн банкны энэ судалгаатай танилцлаа. Иргэдийг хохироогоод зогсохгүй ийм их хэмжээний төлбөрийг хууль зөрчин дутаасан албан тушаалтнуудыг гаргасан шийдвэртэй нь хамт энэхүү үзэсгэлэнгээр бид олон нийтэд зарлаж байгаа юм” гэж байна.
Тус ТББ-ын тэргүүн С. Отгонцэцэг “Бид 400м.кв газрыг авч үлдэхийн тулд бүтэн 12 жил хөөцөлдөж байсан удаатай. Үзэсгэлэн зохион байгуулах санаа маань энэ явдлаас үүдэлтэйгээр анх төрж байлаа. Энэ хугацаанд бидэнд цугласан баримт нотолгоотой газруудыг энэ үзэсгэлэнгээр харуулж байна” гэв.
Мөн тэд энэхүү үзэсгэлэнг ямар нэгэн намын захиалга, улс төрийн зорилгоор бус харин сонгуулийн сурталчилгаа идэвхтэй байдаг тул ард иргэд илүү анхааралтай хүлээн авна хэмээн энэ өдрүүдийг онцолж зохион байгуулсан” гэв.
Үзэсгэлэнд 2000-2012 оны хооронд хууль бусаар олгосон 39 газрыг бичиг баримттай нь ард олонд дэлгэн тавьсан байна. Хууль бусаар олгосон га­зарт Чингисийн тал­байн урд талын ногоон байгууламж, 52 дугаар сур­­гуулийн биеийн та­мирын талбай, Сүх­баатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн ха­шаан доторх талбай гэх мэт олон газар орсон байна.Нийт 26.9 их наяд төг­рөгийн  үнэ бүхий га­зар хууль бусаар зарагдсан байна.
Дээрх үзэсгэлэнгийн үеэр Цахилгаан дамжуулах үндэсний станцын ажилтан н.Пүрэвсүрэн “Энэ олгосон газар дунд нь манай цахилгаан станцын өндөр хүчдэлийн шон орчихсон байх юм. Тэгээд би одоо гайхаад л байна. Энэ уг нь хуулийн дагуу орох ёс байхгүй шүү дээ” гэсэн юм.
“Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” Төрийн бус байгууллага нь 2009 оноос  хойш иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, газрын асуудалтай холбоотой маргаануудыг шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцож, үйл ажиллагаагаа чиглүүлэн, өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж ирсэн байна.
Б.НОМИНЖАРГАЛ
Эх сурвалж: Зууны мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих