Хөлбөмбөгийн хөөрөлд улс төр нэмэрлэв үү
Дайны хажуугаар дажин гэдэг шиг хөлбөмбөгийн Европын АШТ хүчирхийлэл, сөргөлдөөн дунд болж байна. Парисийн халдлагын дуулиан намжаагүй, бэлэн байдлыг цуцлаагүй байхад ийм асуудал дэгдсэн нь аюулаас хамгаалах арга хэмжээнд зарим талаар саад болж байгаа.
Нөгөө талаас, Европт зургадугаар сарын эхээр болсон томоохон үер олон хүнийг орон гэргүй болгож, их хэмжээний хохирол учруулсан. Мөн Францын компаниудын ажлаас халах эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийг эсэргүүцсэн хөдөлмөрчдийн жагсаал үргэлжилж байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгалаа.
Европын АШТ-ий замбараагүй байдал арай л хэрээс хэтрэв
“Евро 2016” дөнгөж эхлээд байтал буюу энэ сарын 14-нд Парисын захын дүүрэгт цагдааг эхнэрийнх нь хамт хөнөөсөн хэрэг гарав. Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнев уг хэргийг алан хядлага гэж мэдэгдээд гэм буруутныг олоход бүхий л хүч чадлаа дайчилна хэмээн амлалаа.
Халдлага тэмцээнтэй шууд холбоогүй. Гэхдээ оршин суугчдын сэтгэл санаанд нөлөөлсөн төдийгүй аюулгүй байдлыг чангатгах шалтгаан болсон юм.
Гэхдээ терроризм, гамшиг, ажил хаялтаас илүүтэйгээр Францад ирсэн хөлбөмбөгийн фанатуудын сөргөлдөөн, зодоон цохион хэвлэл мэдээллийн анхаарлыг татлаа. Тухайлбал, Оросын хөгжөөн дэмжигчид энэ удаагийн тэмцээний “баатар” болж хувирав. Баг нь Англитай тэнцсэний дараа цэнгэлдэх хүрээлэнд эсрэг багийн хөгжөөн дэмжигчид рүү дайрсан хэрэг мандсан. Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) уг явдлыг хэлэлцээд ОХУ-ын багт дахин ийм хэрэг гарвал тэмцээнээс хөөх сануулга өгч, 170 мянган ам.доллараар торгосон билээ.
Ун дуулиантай зэрэгцээд Олон улсын хөнгөн атлетикийн холбоо Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Риогийн олимпод оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Угтаа энэ нь даарин дээр давс нэмж орхив. Оросын тамирчид сэргээш хэрэглэсэн, түүнийг нь албан ёсоор дэмжих хандлага ажиглагдсан гэх үндэслэлээр гаргасан уг шийдвэрийг ОУОХ ч бас дэмжлээ.
Ийнхүү Оросын хөнгөн атлетикчид өрсөлдөгчдөө баярлуулж, хөгжөөн дэмжээгчдээ гомдоосон явдал болов. Европын АШТ- ий үеэр Оросын хөгжөөн дэмжигчдийн биеэ хэрхэн авч явсан байдал энэхүү шийдвэрт нөлөөлснийг үгүйсгэх аргагүй гэж ажиглагчид үзэж байна. Харин Оросын тал хөлбөмбөгт ч тэр, олимпийн наадамд улс төр оролцоод байна хэмээн буруутгасан нь үнэний ортой ч байж мэднэ.
Марсельд болсон мөргөлдөөнтэй холбогдуулан Оросын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдээс гурвыг нь шүүж, 1-2 жил хорих ял оноов. Мөн Оросын 20 орчим фанатыг Францаас албадан гаргасан. Түүнчлэн Английн хоёр хөгжөөн дэмжигчийг Лилль хотод болсон зодоонд оролцсон хэрэгт хоёр сарын тэнсэн харгалзах ял оноож, албадан гаргажээ.
Гэхдээ оросууд илүү зохион байгуулалттайгаар мөргөлдөөнд оролцсон нь хүндрүүлэх нөхцөл болов бололтой. Түүнчлэн оросууд англичууд шиг согтуугаар бус, эрүүлээр дайралт хийсэн нь зохион байгуулалттай гэж үзэх шалтгаан болжээ. Зарим нь бүр бахархах маягтай, англичуудын танхайрлын титэм оросуудад шилжлээ гэсэн үг ч гарав. Иймэрхүү “паян”, эсвэл маапаантайгаар тэмцээн үргэлжилж байна.
Тоглолттой өдөр согтууруулах ундааг хориглосон нь байдлыг намжаах оролдлого юм
Хөлбөмбөг улсуудын хооронд дайны шалтгаан болж байсан удаа бий. Том тэмцээний үеэр фанатууд үймээн дэгдээж, зодоон цохиондоо тулах явдал ч байсаар ирсэн. Энэ бүхэн бараг хөлбөмбөгийн салшгүй нэг хэсэг гэж болно.
Гэхдээ энэ жилийн Европын АШТ-ий замбараагүй байдал арай л хэрээс хэтрээд байх шиг. Зөвхөн Орос, Англи ч биш. Хорват, Герман, Польш, Ирланд, тэр ч байтугай зохион байгуулагч орон Францын танхай фанатууд хэрэг өдөөж, хүчний байгууллагыг түргэн авахуулаад амжсан.
Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнев тухайн хотод тоглолт болсон өдөр согтууруулах төрлийн ундаа худалдаалахыг хориглосон нь нөхцөл байдлыг бага ч болов намжаах гэсэн оролдлого байлаа. “Евро 2016” эхлээд талдаа ч ороогүй хэрнээ түүхэн дэх хамгийн их үймээн самуунтай тэмцээн гэх таагүй алдрыг хүртээд байна.
Энэ нь зохион байгуулагчдыг яаралтай арга хэмжээ авч, дэг журмыг чангатгахад хүргэсэн бололтой. Хэрэв нөхцөл байдлыг хяналтдаа авч, үймээн самууныг цаг тухайд нь намжааж чадахгүй бол энэ нь тус улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Магадгүй дараа дараагийн том тэмцээнийг нутагтаа зохион байгуулахад ч чөдөр болохыг үгүйсгэхгүй.
Ер нь энэ жилийн Европын АШТ яагаад ийм үймээн шуугиан дунд болно вэ. Дөнгөж хэсгийн тоглолтод ингэж байгаа юм чинь цааш, шат ахих тусам нөхцөл байдал улам хүндэрвэл яана? Сүүлдээ ёс бус зүйлд нэр холбогдохгүй улс ч үлдэхгүй шинжтэй. Уг байдлыг зарим шинжээч дэлхий нийтэд олон улсын байдал хурцадсан, улс төрийн сөргөлдөөний улмаас ард иргэдийн сэтгэл санаанд түгшүүр үүссэнтэй холбон тайлбарлажээ. Магадгүй энэ тайлбар үнэнд илүү ойр бууж мэднэ. Бусдаар бол тэмцээн сайхан болж байна аа.
Эхэн үедээ гоол багатай байна гэх шүүмжлэл байсан. Гэхдээ хоёрдугаар тойргоос гоолын бороо орж, хөгжөөн дэмжигчдийг баярлуулав. Тоглолтын сүүлийн 10 минутад нийт 15 гоол ороод буй нь тун өндөр үзүүлэлт. Товчхондоо, ихэнх тоглолтын хувь заяа сүүлийн хэдхэн минутад шийдэгдэж байна гэсэн үг.
Хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд энэ л хамгийн том таашаал юм. Итали, Испани, Франц зэрэг томчууд хоёр тойргийн дараа л хэсгээс шалгарах болзлоо биелүүлсэн бол К.Роналдугаар удирдуулсан Португал хоёр дараалан тэнцэж, амь нас нь дээсэн дөрөөн дээр болж ирэв. Ерөнхийдөө харьцангуй сенсаац багатай, урьдчилан тааварласан тоглолтууд өрнөж байна гэж дүгнэж болно. Тэмцээнд түрүүлэх, медаль авах магадлалтай багууд бүгд хэсгээс шалгарахаар байгаа. Хэрэв томчууд бөөнөөрөө плей-оффт гараад ирвэл хасагдах шатны тоглолт бүр сонирхолтой өрнөнө дөө.
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
URL: