Контрабандын хэрэг дахин сөхөгдлөө
Л.Пүрэвсүрэн: Бусад яам, газруудаас томилж, очсон хүмүүс хэрэгт холбогдох нь их байдаг
Дипломатчид голдуу нэр холбогддог контрабандын хэрэг Украины Дьяково боомтын бичлэг цахим ертөнцөд цацагдсанаар дахин сөхөгдөв. Тус боомтоор Монгол Улсын хоёр дипломатч 29 мянга 145 хайрцаг тамхи хууль бусаар гаргах гэж завдсаныг тус улсын гаалийнхан илрүүлж саатуулж буйг бичлэгт өгүүлсэн. Дипломат лацтай, хар хайрцагтай тамхийг Украины гаалийнхан баримтжуулсан юм.
Харин Гадаад хэргийн яам тэднийг дипломатч биш гэв. Тэд бараан дээрээ “дипломат шуудан”гэх наалт нааж, хар хайрцагт хийсэн нь Монгол Улсаас албан ёсоор томилогдсон дипломатч мэт харагдуулсан гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тайлбарлалаа. Тэрбээр “Москва дахь Монголын Элчин сайдын яамны дипломат дугаартай машин ашиглан тамхины наймаа хийхээр оролдсон гэх мэдээлэл гарсан. Үүнийг тодруулахад, тус машин дотор тамхи байсан нь илэрсэн.
Энэ наймааг худалдааны шугамаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Д.Дөхөмбаяр гэж хүн эрхэлж байна. Тэрбээр хэрэглэж байсан дипломат паспортаа хураалгалгүй дамын наймаа хийхээр завдсаныг тогтоосон. Асуудлыг нарийн тоггоохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энд нэг зүйлийг тодотгоод хэлэхэд манай яамны үндсэн дипломатууд ийм хэрэгт төдийлөн холбогдоод байдаггүй. “Хилээр хийн буу гаргалаа, визний наймаа хийлээ” гэх тохиолдлуудад ихэнх нь үндсэн дипломатууд биш байдаг. Гадаад улсад суугаа ЭСЯ, Консулын газруудад зөвхөн манай яамнаас хүмүүс ажилладаггүй.
Бусад яам, газруудаас томилогдон очсон хүмүүс хэрэгт холбогдох нь их байдаг. Ингээд муу нэрийг нь ГХЯ-ны үндсэн дипломатууд үүрдэг. Одоогийн байддаар дипломат паспорт эзэмшдэг хоёр мянга, албан паспорт эзэмшдэг найман мянга орчим иргэн байдаг бөгөөд эдгээр паспортыг ГХЯ-наас олшдог” гэв.
Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харьяа “Техникимпорт”, “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004-2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд томилогджээ. Улмаар 2011-2015 онд тус улсад дахин томилогдсон туршлагатай гэж болохоор дипломатч юм байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сараас тэтгэвэрт өөрийн хүсэлтээр суужээ. Түүний хамт явсан иргэн нь Гадаад хэргийн яам болон аль нэг дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй аж. Тэдний хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт ч Монгол Улсын хилийн чанад дахь аль ч дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгдэггүй, хуурамч болохыг тогтоосыг Гадаад хэргийн яамнаас урьдчилсан байдлаар мэдээллээ. Харин Украины албаныхны эцсийн дүгнэлт яаж гарах нь сонин байна.
Ямартай ч Монгол Улсын нэр хүндийг унагасан эл явдлыг хуурамч дипломатчид үйлдсэн болж таарав. Гэхдээ олон улсад унасан Монгол Улсын муу нэрийг хусавч арилахгүй. Венийн конвенцоор дипломат илгээмжийг нээх хориотой байдаг. Гэвч Украины гаалийнхны бичлэг Монгол Улсын дипломат машинд нэгжлэг хийсэн нь урьдчилсан мэдэж байсантай холбоотой талаар Оросын мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, дээрх иргэд удаа дараа хууль бус дамын наймаа буюу контрабандын хэргийг удаа дараа үйлдсэн байж магадгүй юм. Учир нь энэ төрлийн хэрэгт Монгол Улсын дипломатчид удаа дараа холбогдож байжээ. Тухайлбал, Москва дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан А.Батсайханыг 2011 онд Польшийн хууль хяналтын байгууллагаас саатуулсан.
Тэрбээр 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа хууль бусаар янжуур тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон байдаг. Мөн Беларусь дахь ЭСЯ-нд ажиллаж байсан Г.Дашдаваа эхнэрийн хамт тамхины наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж, хамгийн сүүлд БНХАУ-ын Эрээн хотод суух Дэд консул А.Баярсайхан дипломат дугаартай машиндаа буу, сум, их хэмжээний галт зэвсэг гаргах гэж байгаад БНХАУ-ын гаалийнханд байсан нь тогтоогдож, эд мөрийн баримтаар 250 мянган ам.доллар хураалгаж байсан тохиолдол ч бий. Энэ мэт Монголын дипломатчдын 20 гаруй үйлдэл гаднын орнуудын хар дансанд оржээ. Аль 2005 онд Их Британийн Гадаад хэргийн яамнаас гаргасан бичигт “Монголын дипломатчид бол контрабандчид” хэмээн тов тодорхой дурдсан бөгөөд 1999-2004 онд Лондонд суугаа гадаадын дипломатчдын үйлдсэн 122 гэмт хэргийг тогтоож байжээ.
Уг нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хэлснээр салбарын яам сүүлийн 2-3 жил контрабандтай эрчимтэй тэмцэж, дипломатчид чих халууцуулах нь ч намжжээ. Гэвч мартагдсан хэрэг Украины үйл явдлаар дахин сөхөгдлөө.
Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: