Хятадууд уул уурхайгаар дамжуулж дэлхийг хаанчлахаар санаархаж байна
Рио Тинто бол яриангүй, дэлхийд үйл ажиллагааныхаа цар хүрээгээр хоёрдугаарт эрэмбэлэгддэг том байгууллага. Бидний хөгжүүлэх гэж ядаад байгаа “хариуцлагатай уул уурхай” гэгчийг Монголд Хятадын ямар нэгэн компани биш, чухам тэд л оруулж ирж чадна. Оруулаад ирчихсэн ч байгаа.
Манайхан дэлхийд эхний хоёрт орох хэмжээний “Оюутолгой” төслийг хөдөлгөж, олон улсын тавцанд нэр хүндээ чамгүй дээшлүүлсэн. Гадныхан үүнээс хойш Монголд анхаарал хандуулдаг болсон гэдэг ч үнэний хувьтай. Гэтэл хөгжлийн бас нэгэн түүчээ болох Тавантолгойгоо хөдөлгөх гээд шалгаруулалтаа хийж чадахгүй, олон улсын тавцанд нэр хүндээ унагасан.
Одоо харин “Оюутолгой”-г гацаавал хөрөнгө оруулалт манайхнаас нүүрээ буруулна. “Гурав дахь хөршийн бодлого”, “Уул уурхайд суурилсан хүчирхэг эдийн засагтай орон болох” хөг өнгөрнө. Манайд ”Хүндээ хөнгөнөөс өгнө” гэдэг хэлц үг бий. Нэр бүхий гишүүдийн үйлдэл энэ үгийн үлгэрийг л үзүүлэх гээд байна.
Гуравдагч хөрш гэж үзээд байгаа орнуудыг хөөгөөд гаргавал Монгол хоёр хөрштэйгөө л үлдэнэ.
Дэлхий нийт Монголын талаар нэгдсэн ойлголтгүй байна
Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Айвенхоу майнз” компаниудын дунд үүсээд байгаа маргааны талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөрүүтэй мэдэгдлийг цацсаар байна.
Bloomberg мэдээлэхдээ, Монгол Улсын Засгийн газрын тавьж байгаа санал нь зөвхөн 30 жилийн дараа 50 хувь болон өсөх тухай гэсэн ташаа мэдээлэл тавьсан байхад FT, Ausralian, BBC агентлагууд “Одоогийн гэрээгээр бол Засгийн газрын хувь эзэмшил 30 жилийн дараа 50 хувь хүртэл өсөх ба шинэ санал нь уг өдрийг наашлуулахыг зорьж байгаа юм” гэсэн үнэн зөв мэдээлэл байх жишээтэй.
Тэгэхээр, бид дэлхий нийтэд нэгдсэн ойлголт өгөхгүй бол Монгол Улс хийгээд монгол улстөрчдийн нэр хүнд дэлхий нийтэд унаж магадгүй байдал үүсээд байна.
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй буюу бурууг бусдаас хайхгүй байгаагийн учир
Эцсийн эцэст, “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” хоёр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд л үйл ажиллагаа явуулж байгаа.
Ашигт малтмалын тухай хуульд “Хайгуулын лиценз эзэмшигч гадаадын хөрөнгө оруулалттай компани тухайн талбайгаас ашигт малтмал олж илрүүлбэл ашиглах эзэмших эрх нь автоматаар нээгдэнэ”, “300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулсан компанитай 30 жилээр тогтвортой байдлын гэрээ байгуулна” гэх зэрэг заалтууд бий.
2009 оны гэрээ одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй энэ хуулийн дагуу байгуулагдсан. Тиймээс “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэдгийн үлгэрийг үзүүлэлгүй, эхлээд Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилбөл яасан юм гэсэн саналыг эрх баригчдад сануулмаар байна.
Хятадууд уул уурхайгаар дамжуулж дэлхийг хаанчлахаар санаархаж байна
Японыг өнгөрсөн жил гүйцсэнээр дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон БНХАУ “Чайна инвестмент корп” хэмээх хөрөнгө оруулалтын аварга сангаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт ашигт малтмалын орд газар худалдаж авч байна.
Дэлхийн хамгийн том хэрэглэгч улс саяхнаас зэсийн хэрэглээгээ багасгаснаас Чилийн зэсийн уурхайнууд санхүүгийн хүндрэлд орж болзошгүй байгаа талаар эдийн засгаар дагнан бичдэг дэлхийн хэмжээний сайтууд мэдээлээд эхэллээ. Энэ нь “Эскандида”-г ингэж сандаргаж чадаж байгаа юм чинь “Оюутолгой”-г бас ингэж чадна шүү гэсэн далд сануулга ч байж болно.
Гол худалдан авагч нь ингээд байхаар “Айвенхоу майнз”, “Рио Тинто” хоёр эрт орой хэзээ нэгэн цагт “Оюутолгой”-гоо зарна гэж тэд бодож байгааг үгүйсгэшгүй. Иргэд эсэргүүцээд байхад л эрх баригчид нь гадаад улс орнуудад уурхай худалдаж авсаар байгаа билээ. Урд хөршийн уурхайчид өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн үе, үе ажил хаялт зарлах болсон.
Эрх баригчид гадны улс орнуудад уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа явдал тэдний дургүйцлийг ингэтэл нь хүргэж байснаас ингэж жагсах болсон байна. БНХАУ өнгөрсөн жил зөвхөн нүүрсний уурхай гэхэд л 500 гаруйг ашиглалтаас гаргасан билээ. Эдгээр уурхайд ажиллаж байсан уурхайчид, тэдний ар гэрийнхний амьдрал энэ байдлын дараа хүндэрсэн нь тодорхой. Тиймээс л ажил хаялт зарлаж эсэргүүцээд байгаа юм байна. Тэд “Манай дотоодод нүүрсний нөөц байсаар байтал Тавантолгой зэрэг гадаадын төсөлд орж хэрэггүй” гэсэн шаардлагыг тавьж байгаа. Үнэхээр ч нанхиадууд сүүлийн хэдэн жилд гадаадын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах болсон нь маргашгүй үнэн билээ.
Байгалийн баялагтай гэгдэх бүх улсад БНХАУ үйл ажиллагаа явуулж байна. Халуун орны чийглэг бүсийн ширэнгэ ой, Африкийн саваннад хүртэл хятад шаахайны мөр гарчээ. Тэр ч байтугай, баялгаа өөрсдөө ашиглачих чадвартай АНУ, Канадад хүртэл хөрөнгө оруулж, хувьцааг нь мөнгөөр зодон худалдаж авч байна.
Хятадын төрийн мэдлийн “Чайналко”, “Шинхуа” зэрэг корпорациуд Оюутолгой, Тавантолгой төсөлд орж ирэхээр ажиллаж байгаа билээ. Гэтэл БНХАУ-д өөрсдөд нь нүүрс бий. Бүр хангалттай их байгаа. Ер нь газрын хэвлийн баялгаараа БНХАУ дэлхийд тэргүүлдэг гээд хэлчихэд ч хэтрүүлсэн болохгүй. Гэтэл яагаад заавал гадаадаас олборлож ашгаа бизнесийн байгууллагатай хуваах хэрэгтэй гэж вэ. Үүнд хоёр л гол тайлбар бий.
Эхнийх нь БНХАУ-тай хиллэдэг орнуудад хамаарна. Тэд хиллэдэг орнууддаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах замаар дэд бүтцийг нь хөгжүүлээд ирээдүйд дэгдэх дайнд ашиглана. Нөгөө буюу хамгийн гол шалтгаан нь юанийг дэлхийн хэмжээний валют болгох явдал. Хятадын эрх баригчид мөнгөн тэмдэгтээ ирээдүйд долларыг орлоно гэсэн үгсийг саяхнаас унагаж эхэлсэн билээ. Тэгэхээр дэлхийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулаад байгаа нь олон давхар зорилтыг хангаж байгаа юм.
Нэгдүгээрт, хэдийгээр эх орноосоо олборловол илүү хямд тусах ч гэсэн хөрөнгө оруулсан юм чинь ашгаа авна. Дэлхийн хамгийн том хэрэглэгч улсын хувьд энэ бол муу зүйл биш. Өөрсдийнхөө нөөцийг дараа нь ашиглах учир. Удаах шалтгаан нь тэд хөрөнгө оруулалтаа юаниар хийдэг болох зорилтыг тавьж байна. Одоо бол тодорхой хэсгийг нь юаниар хийж байгаа. Яваандаа хувь нь нэмэгдсээр 100 хувь болох үед тэд дараагийн үйл ажиллагаандаа орно.
Дэлхий даяар таран байрласан Хятадын эзэмшил компаниуд бараа бүтээгдэхүүн түүхий эдээ юаниар л зарж, авна гэсэн шаардлагыг тавина. Олон оронд юанийг хэрэглэж эхэлснээр тэдний зорилт биелэх хангалттай хөрс суурь бий болох юм. Харин тэр үед өмнөд хөршүүд 20-30 жилийн өмнө хаагаад мартчихсан уурхайнуудаа “гэнэт” эргэн санах болно. Тэр үед юанийн хаанчлал бүрэн тогтсон байх бөгөөд дэлхийн мөнгөний бодлогыг БНХАУ л барьдаг болсон байна.
Тэд хүссэн үедээ юань “хэвлэж”, ямар улсыг хэзээ дампууруулах вэ гэдэг тоглоом тоглож эхлэх юм. Байсан юмыг байгаагаар нь л байлгадаг байж гэж харамсахгүйн тулд… Манайхан 2009 оны гэрээ батлагдсаны дараа цөөн тооны хүмүүс “Байсан юмыг байснаар нь л байлгаж байдаг байж” хэмээн ярьж байсан билээ.
Оюутолгойг хөндөлгүй, үр ачдаа өвлүүлдэг байж гэсэн утгатай энэ үг л дээ. Тэгвэл нэгэнт хөндөөд дэлхийн жишигт нийцсэн сайхан уурхай болох гэж байхад нь зогсоож яах юм бэ. Оронд нь хэн орж ирэх юм. Төрийн нэрийн өмнөөс хийсэн гэрээгээ хүндэтгэхгүй энэ маягаар асуудалд хандах юм бол хэдэн жилийн дараа гурван жилийн өмнөх шиг цөөн хэдэн хүн биш үндэстэн нийтээрээ “Байсан юмыг байснаар нь л байлгаж байдаг байж” гэж хэлээд зогсч байж мэдэх л юм шүү. Тэр нь мэдээж Оюутолгой ажилладгаараа ажиллаж, Монгол Улс хөгждөгөөрөө хөгжиж л байдаг байж гэсэн санаа юм шүү дээ.
URL: