Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй

Манай улс сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын энэ өдөр тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай ба энэ жил 12 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ жил “Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа гэнэ.

ДЭМБ-ын судалгаагаар бие махбодийн архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохиолдолд хүний биеийн эрүүл мэндийн байдал улам хурдан дордож байгааг тогтоосон байдаг. Халдварт бус, архаг өвчнүүд одоогоор дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болж байна. Архаг хууч өвчтэй хүмүүс болон түүний гэр бүлийнхэний амьдралын чанарт нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь бол сэтгэл санааны байдал юм.

Үүнээс гадна удаан хугацааны турш өвчтэй байх нь сэтгэл санаанд дарамт үзүүлснээр сэтгэл түгшилт ба эрүүл бус зан үйлтэй болоход нөлөөлж, энэ нь сэтгэл зүйн ба бие махбодийн шинж тэмдгүүдээр илэрдэг. Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь бие махбодийн архаг хууч өвчний үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар мэдлэг олгох, эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг олгох, эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх, олон нийтийг хамарсан сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад оршиж байгаа юм.

Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай байгааг ДЭМБ тооцоолсон байна. Өнөөгийн байдлаар дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байна.

Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77.4 байсан бол 2007 онд 112.9 болж нэмэгджээ. 2008 оны байдлаар манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүний дотор сэтгэцийн эмгэгтэй хүн 15 хувийг эзэлж байгаа аж.

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор Засгийн газраас 2002-2007 онд “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.

Энэ хугацаанд “Эрүүл мэндийн боловсрол” бага, дунд боловсролын улсын стандарт, ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр, сурах бичиг болон багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын агуулга, хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил мэндийн асуудлыг тусгаж, сэтгэцийн эрүүл мэнд тогтмолжин, сум, өрхийн төвшинд сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг болсон бөгөөд уг үйлчилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдсэн байна.

Сэтгэцийн эмгэгтэй хүнийг гэр бүл, нийгмийн дунд амьдрах дадал хэвшилтэй болгоход чиглэсэн сэтгэц нийгмийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлдэг “Гэр” төв, тусгай тохижуулсан байр нийслэл төдийгүй Ховд, Орхон, Өвөрхангай, Дорноговь зэрэг аймагт нээгдэж үйл ажиллагаа нь тогтмолжсон зэрэг ололт гарсан байна.

Гэвч үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр хөтөлбөрийн гол шалгуур үзүүлэлт ялангуяа, хүн амын дунд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалт болон амиа егүүтгэх тохиолдол буураагүй байна. Иймд хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих урт хугацааны үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байгаагийн дээр Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд байгаа аж.

Үүнд, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хангах асуудлыг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан эрх зүйн баримт бичигт тусгасан боловч сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал түгээмэл байна. Мөн сэтгэцэд нөлөөт шинэ эмийг эмчилгээнд нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байна. Дэлхий нийтэд 200 гаруй нэр төрлийн сэтгэцэд нөлөөт шинэ эмийг эмчилгээнд хэрэглэж байхад Монгол Улс зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэгдсэн, эмчилгээний үр дүн багатай, гаж нөлөө ихтэй 10 нэр төрлийн эмийг сүүлийн 50 жилийн турш хэрэглэсээр иржээ.

Үүний зэрэгцээ эдгээр эмийн хангамж, хүрэлцээ сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх шатлалд ялангуяа сум, өрх, аймаг, дүүргийн төвшинд хангалтгүй байдаг байна. Түүнчлэн дэлхий нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт суурилсан тусламжаас татгалзаж, нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж, үйлчилгээг түлхүү хөгжүүлж байхад манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нийт зардлын 64 хувийг ор бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаагаас нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах боломж хязгаарлагдмал байна.

“Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-нд 2015 он гэхэд сэтгэц, зан үйлийн эмгэгийг 10 мянган хүн амд 65 хүртэл хувиар бууруулах, сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж шаардлагатай үйлчлүүлэгсдийн 70 хүртэлх хувийг тусламж үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд хүн амын дунд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол, амиа хорлолт буурахгүй байгааг харгалзан “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг боловсруулжээ.

Уг хөтөлбөрийг 2010-2019 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, Засгийн газрын зарим тусгай сан, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс төвлөрүүлэх юм байна.

Э.Энх


URL:

Сэтгэгдэл бичих