Үндсэн Хуульд ямарч өөрчлөлт оруулхыг дэмжихгүй гэсний учир юу вэ?
Аливаа улс орныг хэр ардчилсан улс вэ гэдгийг Үндсэн Хуулиар нь таньж, мэддэг. Хүний эрхийг дээдэлж чадаж байна уу, шударга шүүх оршиж байна уу, хууль хэрэгжиж байна уу, төрийн эрх мэдлийн хуваарилалт ямар байна гэсэн үзүүлэлтүүдээр Үндсэн Хуулийг шалгадаг.
Харин энэ бүх үзүүлэлт эсрэгээрээ болж хүмүүсийн амьдрал баталгаагүй болж, хүмүүс амьдралын наад захын хэрэгцээт зүйлсээр дутагдан зовж байгаа бол ардчилсан улс гэж нэрлэхгүй төдийгүй тухайн улсын Үндсэн Хуулийг сайн гэж дүгнэхгүй.
Аливаа улс ардчилсан улс болно гэдэг нь ерөөсөө л Үндсэн Хуулиа л ардчилсан болгон өөрчилнө гэсэн үг. Үндсэн Хууль нь хүмүүсийг дээдэлж, хүмүүсийн амьдралыг хамгаалж, баталгаа болох нь чухал. Мөн хөгжлийг авчрах ёстой. Энэ чухал. Хэрэв баталсан Үндсэн Хууль нь эзэн болсон иргэдээ хамгаалж чадахгүй“үхмэл” байгаа бол түүний “амьд” Үндсэн Хуулиар шинэчлэх нь зүйтэй.
Хаант төрийн эзэн нь хаан. Диктатурт төрийн эзэн нь диктатар. Харин ардчилсан төрийн эзэн нь ард түмэн. Монгол орон бол ардчилсан орон. Тиймээс энэ төрийн эзэн нь Монголын ард түмэн л байх ёстой. Ардчилсан оронд ард түмний хүсэл зориг л төрийн бодлогын үндэс нь болдог. Ард түмэн хэнээр удирдуулхаа сонгож, мөн юу хийлгэхээ хүртэл шийддэг.
Ардчилсан улсад төрийн эрхийг баригчид бол ард түмнээсээ даалгавар л авсан хүмүүс. Саяхан ерөнхийлөгч Ц. Элбэгдорж төрийн эзэн болсон ард түмнийхээ өмнүүр орж Үндсэн Хуульд ямарч өөрчлөлт оруулахгүй, би дэмжихгүй хэмээн мэдэгдсэн нь гайхахад хүргэлээ.
Тэрээр Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга бол бусад хүмүүстэй уулзсан уулзалт дээр хэлсэн үгэндээ “УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулиас өмнө Үндсэн Хуульд гар хүрч болохгүй. Сонгуулийн хуультай холбоотой ч бай, үгүй ч бай Үндсэн Хуульд өөрчлөлт оруулхийг дэмжихгүй” гэснийг тэгээд юу гэж ойлгох вэ?
Ерөнхийлөгчөд ийм эрх ч, үүрэг ч байхгүйг Үндсэн Хууль болон Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиас үзэж болно.
Үндсэн Хуулиа өөрчлөхгүй юм бол сонгуулийн хуулиа ч өөрчлөх хэрэггүй. Нэг бол Үндсэн Хуулиа зөрчсөн хууль хийх хэрэгтэй болно. Үндсэн Хуулиа зөрчсөн хууль баталж болохгүй.
Ер нь бол Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулхийг ерөнхийлөгч шийдэх үү. Улс төрийн онолоороо ард түмэн шийддэг. Тэгэхэд ерөнхийлөгч өнөөдөр төрийн эзэн болсон ард түмнээсээ асуугаагүй, тэднээр хэлэлцүүлээгүй байж ингэж мэдэгдэж болж байгаа юм уу? Үнэхээр Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай зүйл заалтууд байгаад тэр нь хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө үзүүлээд, улс орны хөгжлийг хойш нь татаад байвал яах вэ?
Өнөөдрийн хэрэглэгдэж байгаа Үндсэн Хууль ард түмнээ хамгаалж, дээдлэхээ больчихоод байхад, түүнийг өөрчлөх шаардлага нэгэнт тулгараад байхад Үндсэн Хуулийг өөрчлөхгүй шүү, өөрчлөх гээд байвал би дэмжихгүй шүү.
Хориг тавина гэх нь Ерөнхийлөгчөөс бүрэн эрхт нийцэхгүй төдийгүй энэ хэлж байгаа нь улс төрийн онолоос гажууд байна. Төр гэдэг өөрөө төгс биш. Харин төгс болохын төлөө шинэчэлж, сайжруулдаг. Бид сүүлийн 20 жил эдийн засгийн, нийгмийн шинэчлэл л гэж ярьдагаас биш төрийн шинэчлэлийн тухай ерөөсөө ярьсангүй. Өнөөдөр төрийн хоцрогдол нь хөгжлийг тушаж байна. Тэгвэл төрийг хэрхэн шинэчлэх вэ гэвэл онолоороо бол Үндсэн Хуулиа л шинэчлэх шаардлагатай. Хэрэв ард түмэн Үндсэн Хуулиа сайжруул, улам боловсронгуй болго гэж шаардвал ерөнхийлөгч хүссэн ч хүсээгүй ч, дэмжсэн ч, дэмжээгүй ч өөрчлөх л үүрэгтэй. Аливаа улсын ерөнхийлөгч бол ард түмнээсээ даалгавар аваад л ажилладаг. Ард түмэн бол төрийн эзэн.
Манай Үндсэн Хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”гэсэн заалт бий. Тэгэхэд төрийн эзэн болсон ард түмнээсээ асуулгүйгээр өөрчлөхгүй, дэмжихгүй хэмээн ярьж байгаа нь Үндсэн Хуулийг зөрчсөн үйлдэл болон харагдаж байна. Үндсэн Хуулийн 3-р бүлгийн 30-р зүйлд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” мөн гэсэн заалт байдаг. Ерөнхийлөгч төрийн тэргүүн ямар утгаараа вэ гэхээр ард түмний даалгавраар ажиллаж байгаа албан тушаалтан гэдэг утгаараа. Хаана ч явсан, хэнтэй ч уулзсан ард түмнийг л төлөөлөх ёстой. Ерөнхийлөгч хэтэрхий хувийн тоглолт хийгээд байгаа мэт ажиглагдаж байна. Ерөнхийлөгч төрийн тэргүүн болохоос төрийн эзэн биш шүү.
Өнөөдөр төрийн гурван өндөрлөг гэж яриад байх юм. Түүндээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга гурвийг ойлгодог. Хэрэв төрд үнэхээр өндөрлөг гэж байх ёстой юм бол тэр нь ард түмэн л байх ёстой шүү дээ. Яагаад гэвэл ард түмэн төрийн эзэн учраас. Ард түмний дээгүүр өндөрлөг гэж байгаа бол тэр нь ардчилсан биш дарангуйлагч улсад л байна. Ардчилсан төр гурван өндөрлөгтэй биш харин гурван баганатай. Улс төрийн онлоороо бол үүнийг ардчилсан төрийн гурван багана хэмээн нэрлэдэг.
Үүнд ерөнхийлөгч ордоггүй. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглал багтдаг. Энэ бол аливаа ардчилсан төрийн илэрхийлэл. Эдгээр баганууд хэр сайн байгаагаар нь тухайн улсын ардчиллыг чанарыг хэмждэг. Шүүх засаглал бол Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалаас хараат бус, биеэ даан орших учиртай. Хэрэв Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглал хоёр холилдчихоод Шүүх засаглал нь хүчгүйдээд, хараат бус болчихсон байгаа бол үүнийг сайжруулж, үүрэг, заагийг нь улам нарийн боловсруулах нь зүйн хэрэг. Тэгэхээр үүнийг сайжруулъя гэвэл Үндсэн Хуулиа өөрчлөхөөс аргагүй болдог. Үндсэн Хууль дээр суурьлан бусад хуулиуд гардаг. Сайн Үндсэн Хуультай байвал сайн л хуулиуд гарна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвыг бид өнөөдөр гурван өндөрлөг гэж яриад, буруу ойлгоод байгааг залруулах ёстой. Яагаад ч юм надад Дээд шүүх гэсэн баганийг ерөнхийлөгч орлоод байгаа мэт ажиглагдаж байна. УИХ-ын дарга, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий сайд гурав улс орны амьдралын талаар ярилцаж болно. Нэг л хууль тогтоодог, нэг нь гүйцэтгэдэг, нэг нь шүүн шалгадаг. Аливаа ардчилсан улсад байдаг л үзэгдэл. Эдгээрийг ардчиллын гурван багана гэж нэрлэдэг.
Гэтэл ардчиллын гурав дахь багана болсон Дээд Шүүхээс ганц ч хүн байхгүй атал ерөнхийлөгч шүүхийн өмнүүр орчихсон төрийн гурван өндөрлөг гэсэн ойлголт төрүүлээд байна. Монгол ардчилсан орон бас парламентын засаглалтай улс гэдгээ мартаж болохгүй. Ерөнхийлөгч бус парламент асуудлыг шийддэг. Ерөнхийлөгчийн хоригийг ч мөн тэд шийддэг.
Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол өөр хэрэг. Гэтэл Монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай биш. Ерөөсөө төрийн гурван өндөрлөг гэж ярихаа болих хэрэгтэй. Түүний оронд ардчиллын гурван багана гэж ярих нь зөв.
Ардчиллын дээрхи гурван баганийн эрх үүргийн зааг, ажиллах чиглэл зэргийг Үндсэн Хуулиндаа тусгаж өгдөг. Хэрэв ардчиллын гурван баганийн хоорондын баланс алдагдаж эхэлвэл ардчилал үгүй болдог. Нэг бол диктатур буюу дарангуйлал тогтоно эсвэл шударга бус зүйл газар авч замбараагүй нийгэм үүснэ. Эдгээрээс сэргийлхийн тулд Үндсэн Хуулийн зүйл заалт бүрийг манаж байдаг байгууллага ажилладаг.
Монголд Үндсэн Хуулийн Цэц. Тэдний үүрэг бол Үндсэн Хууль манах. Манана гэдэг нь өөрчлүүлэхгүй гээд суугаад байх биш. Харин заалтууд нь амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна, хэрэгжихгүй байна уу, УИХ болон Засгийн газар, Шүүхийн шийдвэрүүд Үндсэн Хуультай нийцэж байна уу гэдэг дээр л хяналт тавьдаг. Нийгмийн шаардлагаар Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлага гарч болно. Энэ бол дэлхийн аль ч улсад байдаг л үзэгдэл. Харин Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмэн хэлэлцэж шийдээд парламент баталдаг. Монголын Үндсэн Хуулинд ч ингэж л заасан байдаг. Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулхийг Үндсэн Хуулийн Цэцээр хэлэлцэж шийдэх ёстой.
Ард түмнээ дээдлээгүй Үндсэн Хуультай, Үндсэн Хуулиа барьдаггүй төртэй. Өнөөдөр төр нь гурван хүний мэдэлд оччихсон мэт л харагдаад байна. Ардчиллын нэг чухал багана болсон Шүүх засаглал хүчгүйдээд дарагдчихсан. Нэгэнт л шударга Шүүх үгүй учраас нийгэмд хэзээ шударга ёс тогтохгүй, хэзээ ч хариуцлагатай байдал бий болохгүй. Хууль тогтоох засаглал байна. Засгийн газар байна. Харин шүүх засаглал байхгүй. Шүүх засаглалыг ерөнхийлөгч томилдог байхаар Үндсэн Хуулиар хийсэн нь шүүхийг хараат байдалд оруулж, ардчиллын гурван баганийг алдагдуулахад хүргэсэн. Шударга шүүх үгүй бол энэ нь ардчиллын төгсгөл.
Хууль тогтоох, Шүүх засаглал, Гүйцэтгэх засаглал бие даасан байдалтай оршиж чадахгүй гэвэл төрийн тогтворгүй байдал бий болоод зогсохгүй хөгжлийн том тушаа болох хувирдаг. Нэгэнт л төр нь өөрөө хөгжлийг тушаад урагш нь гишгүүлэхгүй бол төрөө шинэчлэхээс өөр зам үгүй. Тэрхүү шинэчлэл Үндсэн Хуулийн шинэчлэлээр эхлэх ёстой.
Өнөөдөр ард түмэнд эд мөнгөнөөс дутуугүй шударга ёс, дэг журам, ёс суртахуун шаардлагатай байна. Ард түмэнд эдгээр зүйл дутагдаж байна.
Тэрхүү шударга ёсыг ялгаж, салгаж тогтоох үүрэгтэй шүүх засаглал хүчгүй байна. Шүүхчид “үхмэл”, “төмөр” мэт хуулийн заалтуудаар хүмүүсийн амьдралыг шийдэж байна. Хуулийн заалтаар хүний амьдралыг устгаж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ? Үндсэн Хуулийг хэзээ ч технократууд хийдэггүй.
“Хуурамч” ардчиллыг төгсгөл болгож, жинхэнэ ард түмнээ дээдэлсэн, хамгаалсан ардчиллыг байгуулхийн төлөө ажиллах ёстой. Энэ ажил Үндсэн Хуулиас эхлэх ёстой. Тэрхүү шинээр гарах Үндсэн Хууль монгол хүн монгол газар дээрээ нэгдүгээрт байхыг тунхагласан, монголын төр зөвхөн монгол хүний төлөө ажиллахыг зарчимласан Үндсэн Хуулийг батлах ёстой. Энэ бол нийгмийн шаардлага ард түмний хүсэл. Үүнд хэн ч саад хийх ёсгүй. Ямар ч эрх мэдэлтэн хориг тавих ёсгүй. Харин ч дэмжих ёстой. Үндсэн Хуулийн шинэчлэл бол төрийн шинэчлэл л гэсэн үг.
Аливаа улс орон төрөө үргэлж шинэчилж, сайжруулах жамтай. Төр хэрхэн сайжирч буй нь Үндсэн Хуулийн өөрчлөлтүүдээр харагддаг.
Ийм орнуудын жишээнд европод Франц, Азид Өмнөд Солонгос. Эдгээр хоёр улс төрөө өөрчлөх бүр Үндсэн Хуулиа өөрчилж байсан. Үүгээрээ л тухайн орон хэр ардчилалтай вэ гэдэг нь харагддаг. Франц улс 1870 -1958 оны хооронд гурван удаа төрөө шинэчилж, шинэчлэх бүртээ л (1870, 1940,1958) Үндсэн Хуулиа шинэчилж байсан. Өмнөд Солонгос ч мөн адил 1963-1988 оны хооронд гурван удаа төрөө шинэчилсэн.
1963 онд Үндсэн Хуулиа шинэчлэх баталж байсан бол үүний дараа 1971 онд мөн 1988 онд тус бүр шинэчлэлүүдийг хийж байжээ. 25-хан жилийн дотор гурван удаа Үндсэн Хуулиа сайжруулж, улам боловсрнгуй болгож байжээ Тэгэхээр Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжлийн нууц нь төрийн шинэчлэлдээ байна. Эдийн засаг нь биш төр нь шинэчлэгдэж хурдтай байснаараа үсрэнгүй хөгжлийг авчирчээ.
Ерөөсөө улс орны шинэчлэл төрийн шинэлчлэлээс эхэлдэг. Төрийн шинэчлэл нь Үндсэн Хуулийн шинэчлэлээс эхэлдэг. Тэгхээр Үндсэн Хууль өөрөө хөгжлийн түлхүүр болж таарлаа. Монгол хөгжье л гэж байгаа бол төрийн шинэчлэл хийх хэрэгтэй. Ардчилал гэдэг хийсвэр үгээр бид 20 жил амьдарсан. Эцсийн эцэст ардчилал гэдэг чинь ард түмэн шүү гэдгийг ойлгож, ухаарах хэрэгтэй. Үндсэн Хуулиа өөрчлье, төрөө шинэчлье, хөгжлөө түргэсгье гэж байхад “үгүй” өөрчлүүлэхгүй шүү гээд байгааг юу гэж ойлгох вэ? Өнөөдөр монголын улс төрчид иймэрхүү онолын алдааг их гаргаж байна.
Б.Гансүх
URL: