Ц.Нямдорж зэвсэгт хүчнийг мэдэлдээ авах төслөө барив
Монголд дарангуйлагч гарч ирэх нь. Гэхдээ тэр нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжээд байсан шар, бор дээлтэн биш. Хууль зүй, дотоод хэргийн сайд гэвэл итгэх үү. Үнэмшилгүй сонсогдож магадгүй. Гэхдээ зэвсэгт хүчин, тагнуул, цэрэг, цагдааг өөрийн мэдэлд төвлөрүүлэх, шаардлагатай үед өөрийн хүссэнээрээ шийдвэр гаргаж, зэвсэгт хүчнийг хөдөлгөх эрхийг авахаар тэр шат дараатайгаар зүтгэж эхэлжээ. Ингээд олныг үл нуршин түүний хийсэн үйлдэл, гүйцэлдүүлсэн ажлын талаар өгүүлье.
Холимог хуургачин хэн бэ?
Анхны алхам. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Засгийн газрын тогтоолоор Тагнуулын үндэсний академи, Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академийг татан буулгаж, оронд нь Дотоод хэргийн их сургуулийг байгуулсан байх ёстой. Ёстой гэдэг нь энэ гурван сургуулийг Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар татан буулгасан юм. Харин одоохондоо хараахан нэгтгэчихээгүй байна. Тагнуулынхан энэ шийдвэрээс татгалзсан учраас хэрэг явдал жаахан сунжирч байх шиг. Гэхдээ хэсэг мартагнуулж байгаад сайд хүслээ гүйцэлдүүлэх л болов уу гэсэн хар байна. Хүчингүй болгох тухай шийд гараагүй, яриа ч болоогүй юм чинь, аргагүй. Үүнийг санаачлагч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж.
Сайдын үйлдэл долоо хоногийн зөвхөн баасан гаригт пирошки, холимог хуурга хийдэг ажилчдын цайны газрыг санагдуулаад байна. Цайны газрынхнаас яагаад зөвхөн баасан гаригт ийм хоол хийдгийг нь асуухаар нүүр нь улайж, жигтэйхэн уурласан харцаар харна. Долоо хоногийн эхний өдрүүдийн хоолны үлдэгдлүүдийг цуглуулж байгаад баасан гаригийн хоолныхоо цэсийг гаргадаг учир тийнхүү таагүй харж байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд үүн шиг л юм хийлээ. Ерөнхийлөгч хийгээд Ерөнхий сайдын эрх, мэдлийг хууль ёсоор булаан авч “холимог хуурга” хийхийг санаархаж байна. Дээрх цайны газартай адилтгавал сайд шинэхэн бантан дээр нов ногоон байцаатай хуурга холилоо. Ингээд дуусахгүй. Араас нь “пэсс” хийсэн газтай ундааг тэр чигээр нь соус болгон хольчихоод ид гээд сууж байх юм. Энэ хүнийг хоол өгсөнд тооцох уу, хордуулах гэлээ гэж хардах уу. Энд хоол хийдэг телевизийн шоуг ярьж байна гэж эндүүрэв ээ. Түүнтэй төстэй иймэрхүү л юм болоод байна. Хүн бүхэн л эрх мэдэлд дуртай хойно, тэр санаачлагч нь байж болно. Гэхдээ өөрийнх нь мэдлийг боомилж, Тагнуулын академийг авахыг санаархсан сайддаа юу ч хэлэхгүй байгаа Ерөнхий сайдыг гайхахаас өөр арга алга. Өнгөц харахад, энэ гурван сургуулийг бусадтай адилхан нэгтгэж болох мэт санагдана. Харин эдгээр сургууль хэнийг бэлтгэдэг вэ, тэд энэ улсын хувьд хэн болох бол гэдгийг нь тооцвол Үндэсний аюулгүй байдлын асуудал. Тиймээс ч аль нам төрийн эрхийг барьж, Хууль зүйн сайд хэн байх, тэр ч бүү хэл хичнээн мундаг хувилгаан ч гэлээ ийм саналыг гаргасан ч үл зөвшөөрөм санагдана.
Албаны хүмүүстэй уулзлаа. Энэ талаар асуухад, “Дээрээс гаргасан шийдвэр шүү дээ, бид юу гэх вэ”, “Нэгэнтэй батлагдчихсан зүйлийг одоо яах ч билээ” гэх. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн албан бусаар тайлбар өглөө. “Энэ гурван сургууль нэгдсэнээр нэр хүнд нь өсч, гадаад харилцаанд нь өөрчлөлт гарна. Нөгөөтэйгүүр төсөв хэмнэгдэх магадлалтай” гэж. Нэгдэхгүй гээд байгаа Тагнуулын үндэсний академийг ч шүүмжлэхээ мартсангүй. Тус сургууль оюутнууддаа хуульч, эрх зүйч гэсэн мэргэжлээр диплом олгодог юм чинь харшлах зүйлгүй гэлээ. Түүнийхээр бол “тагнуулч” гэсэн диплом олгохгүйгээс хойш болих хэрэгтэй гэнэ. “Тагнуулч” гэдгийг нь гэрчлэх диплом олгох байсан бол тэднийг тагнуулчаар бэлтгэнэ гэж үү. Хариултыг нь дор бүрнээ бодоод үзнэ биз.
Гэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц, гадаадын захиалгаар ч хийсэн байж болзошгүй үйлдэл байхыг үгүйсгэхгүй талаар нэрээ нууцлахыг хүссэн тагнуулын ажилтан хэллээ. Хүчирхэг гүрнүүд коммунист, капиталист гэж хуваагдсан өнгөрсөн зууны дунд үед Английн гадаад тагнуулын албаныхан ЗХУ-ын Тагнуулын газрын албаны даргыг өөрсдөдөө элсүүлчихсэн, бүхий л нууц мэдээллийг нь авч, улмаар төр засгийн шийдвэрт хүртэл нөлөөлж байсан талаар түүхэн мэдээ байдаг аж. Тиймээс ч аливаа улсын тагнуулын байгууллага гэдэг маш өндөр шалгуураар ажиллагсдаа сонгодог төдийгүй, өөрсдийнхөө тагнуулчдыг өөрсдөө бэлтгэдэг аж. Энэ бүхнийг эргэцүүлбэл Ц.Нямдорж сайдыг ч хардах бүрэн үндэслэлтэй гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Уг нь энэ талаар жилийн өмнөөс ярьж, ажлын хэсэг ч гаргажээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал энэ хүрээнд Тагнуулын үндэсний академийнхантай уулзах үеэр “Тагнуулын үндэсний академийг нэгтгэх ямар ч боломжгүй” гэдгийг хэлж байсан ч өдгөө байр суурь нь өөрчлөгдсөн бололтой юм. Тиймээс хэдэн жилийн дараа Дотоод хэргийн их сургуулийн ойролцоох нохой ч Монголын тагнуулчдыг мэдчихтэйгээ болох нь. Ер нь тэгээд холимог хуурга ч олигтой хоол биш дээ, биш…
Нууцыг задруулах “захиа”…
Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 17-ны тогтоол ёсоор Засгийн газар цэрэг, цагдаа, тагнуулуудаа бүгдийг нь нэг гараар бэлтгэх нь зүйтэй гэж үзэж. Бодоод үзье.
Тагнуулч бэлтгэж буй цорын ганц сургуулиа Хилийн цэрэг, Цагдаагийн академитай нийлүүлнэ гэдэг манайх шиг улс байхгүй. Харин ч эсрэгээрээ. АНУ л гэхэд Холбооны мөрдөх товчоо нь дэргэдээ өөрсдийн хүмүүсээ бэлтгэдэг академитай, Батлах хамгаалах нь Гадаадын тагнуулын академитай байх жишээний. Тусгай алба бүр нь тус тусдаа өөрсдийн тагнуулчдыг бэлтгэдэг шалтгаан нь нууцлал задрахаас сэргийлэхээс гадна, нарийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд оршдог. Ийм байхад манайхан тагнуулын сургуулиа нэгтгэвэл бүх нууцаа ил болгосноор өөрцгүй болно. Цагдаа, цэргийн офицер болохоор сурч байгаа сонсогчидтой тагнуулынхан цуг сурна. Юун нууц ажилтан бэлтгэх. Ирээдүйн нууц ажилтанг илчилснээс ялгаагүй. Тэгээд ч Тагнуулын үндэсний академийн суралцагсдад өмнө хийгээд одоо тагнуулчаар ажиллаж буй ил болоод нууц ажилтнууд хичээл заадаг гэдгийг албаны хүн хэлнэ лээ. Тэрхүү нууц ажилтнууд мэдэгдэх аюултайг ч онцолж байна. Хамгийн аюултай нь номын сангийн нууц материалын нууцлалын зэрэг ч алдагдах магадлал өндөрсөх аж. Нөгөөтэйгүүр бусад орны тагнуулынхан хилийн цэрэг, цагдаагийн академийн сонсогчдоор дамжуулан тагнуулчдын үйл ажиллагааг бүрэн судлах боломжтой болох аюултай аж. Ер нь л Тагнуулын байгууллагын хамгийн чухал үндэслэл нь нууцлал. Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилго нь ч үүнийг шаарддаг. Тиймээс ч хүчний сургуулиуд өөр өөрсдийн тагнуулчдыг бэлтгэдэггүй. Зөвхөн Тагнуулын үндэсний академи л цэргийн болон хилийн цэргийн тагнуулыг бэлтгэж өгч байгаа аж. Тэгэхдээ нарийн судалгаан дор, хэнийг хэрхэн бэлтгэхээ шийддэг гэдгийг энэ салбарт олон жил ажилласан, тагнуулч хэлж байна.
…Хэдэн жилийн өмнө Батлан хамгаалах яамны харъяанд байсан Хилийн цэргийн ерөнхий газар, түүний дээд сургуулийг Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд оруулсан хүн нь бас л Ц.Нямдорж. Хамгийн товчхоноор хэлбэл, хилийн цэрэг гэдэг гадны халдлагаас эх орноо хамгаалах үүрэгтэй. Дотоод асуудалтай огт падлийгүй. Тэр ч утгаараа Батлан хамгаалах яамны мэдэлд байх ёстой. Гэтэл ингээд л өөрчилчихсөн. Хилийн цэрэг, тагнуулынхны үйл ажиллагаа нь гадагшаа чиглэдэг учраас цагдаагийнхнаас бүхий л чиглэл, хүч, хэрэгсэл, арга барилаараа огтоос өөр.
Ийм байхад энэ гурван байгууллагын үйл ажиллагааг нэгтгэх гээд буй нь зүгээр нэг боловсролын салбарыг сайжруулах хүрээнд хийсэн ажил яав ч биш болж таарлаа.
Хуулийн шинэчлэлт буюу эцсийн цохилт…
Батлан хамгаалахын их сургууль, Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулиудыг сонгуулийн мянга мянган санал мэтээр хардаг улстөрч олон. Ц.Нямдорж сайд тэдний нэг байж болох ч илүү холыг харж байна. Эхлээд Ерөнхий сайдын эрх мэдлийг булаасан бол одоо бүх цэргийн ерөнхий командлагчийн эрхийг УИХ-ын тусламжтай авахыг санаархлаа. Өнгөрсөн баасан гаригт Ц.Нямдорж Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан нь үүнийг нотолно. Түүний нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаснаар, “Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас нийгмийн хэв журам алдагдсан тохиолдолд цагдаагийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг өөрийн бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслээр зохицуулах боломжгүй болсон нөхцөлд цагдаагийн байгууллагын дарга, Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний /Өнөөгийнхөөр бол Ц.Нямдоржийн албан тушаал/ саналаар, Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон дотоодын цэргийн хамтран ажиллах эрх зүйн үндэслэлийг хуулийн төслүүдэд нарийвчлан тусгаж өгсөн юм байна.
Хэрэв энэ төсөл ногоон гэрлээр батлагдвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч онц байдал тогтоох зарлиг гаргах шаардлагагүй болох нь. Өөрөөр хэлбэл, сонгуулийн будилаан гарч, улмаар үймээн болсон 2008 оны долдугаар сарын 1 шиг үйлдэл болбол Хууль зүй, дотоод хэргийн сайд шууд шийдвэр гарган зэвсэгт хүчний тусламжтай “нам дарах” боломжтой болох юм. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдын эрх мэдлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хууль ёсоор авах нь. Ганц үгээр хэлбэл, Бүх цэргийн ерөнхий командлагч гэсэн үг. Тагнуулын байгууллагыг нь Ерөнхий сайдаас булаасан сайд Ц.Нямдорж одоо зэвсэгт хүчнийг Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайдаас булаах хуулийн төслөө өргөн барьчихлаа.
URL: