12 жил ухаангүй хэвтжээ

262

Мартин Писториус 12 жил амьд л дүртэй байжээ. Тэр ухаангүй болж, юу ч харахгүй, сонсохгүй байна гэж ойр хавийнх нь хүмүүс боддог байж. Гэвч Мартин үнэндээ ямар байснаа саяхан л хэлж чаджээ. Түүний оронд өөрийгөө тавьж гэмээ нь, бодоход хачин санагдана.

Мартин бүхнийг харж, сонсож, ойлгож байсан ч, энэ тухайгаа бусдад мэдүүлж чаддаггүй байжээ. Тэр ярьж, хөдөлж чаддаггүй байж. Тийнхүү одоо Мартиныг харахад, түүний яаж байсныг төсөөлөхөд ч хэцүү.

Тэр 12 настай байсан бөгөөд цоо эрүүл байжээ.

Мартин Өмнөд Африкт өсчээ. Тэрээр нэг удаа сургуулиасаа тарж ирээд,бие тавгүйрхэж байна гэв.

Түүний бие улам л муудаж, яваандаа ярьж чадахаа больж, булчин шөрмөс нь суларч, хөдөлж ч чадахгүй болжээ.

Энэ нь үл мэдэгдэх шинэ өвчин байна гэж эмч нар үзжээ. Мартин гадаад орчинтой харьцахаа огт больж, эргэн тойронд нь юу болж байгааг ойлгохгүй байна гэж эцэг, эхэд нь эмч нар хэлсэн байна.

Гэвч тэд эндүүрчээ!

Би 12 жил ухаангүй байсан, гэхдээ үүнийг хэн ч мэддэггүй гэж Мартин хэлжээ.

Өнөөдөр Мартин ийм болсон. Тэр бодож байгаа зүйлээ компьютерт шивж, үүнийхээ тусламжтайгаар ярьж чаддаг байна.

Тэр олон зүйлийг харж, сонсдог байсан ч, үүнийг хэн ч анзаардаггүй гэж ярьжээ. Нэг удаа ээж нь цөхөрснөөсөө болоод, түүнийг үхчихсэн бол дээрсэн хэмээн хэлж байсныг тэр сонссон байна.

“Түүнийг юм сонсож байгааг би огт мэддэггүй байсан. Би ингэж хэлсэндээ маш их харамсдаг” гэж Мартины ээж харуусан ярьжээ.

Ингэж хэлэхийг сонсоход надад эвгүй л байсан, гэвч ээж маань яагаад ингэж хэлснийг би ойлгож байсан. Надад хэцүү л байсан. Ээж маань муу хүн байсан гэж би хэзээ ч хэлж чадахгүй. Тэр бүгдийг зөв хийж байсан хэмээн Мартин хэлсэн байна.

Мартин аажмаар бусадтай харьцаж сурчээ. Тэр асар их мэрийлт гаргаж, биеэ захирч чаддаг болов. Тэр бүү хэл коллеж төгсч, жолоочийн үнэмлэх авч, одоо тусгай зориулалтын машин барьдаг байна.

2008 онд тэрээр эмэгтэй дүүгийнхээ найз бүсгүйтэй танилцаж, 2009 онд гэрлэжээ.

Бие биедээ сайхан сэтгэлээр, хүндэтгэлтэй хандахыг тэр хүмүүст уриалдаг. Оюун ухааны хүч, хайр, итгэлийн хүчийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Мөрөөдөхөө хэзээ ч больж болохгүй гэж Мартин хэлжээ.

Түүний хэлснийг ойлгох ёстой. Юу ч боллоо гэсэн бууж өгөхгүй байхыг түүний амьдралын түүх харуулж байна!

С.Инда

http://www.bataar.mn/10046187


URL:

Сэтгэгдэл бичих