Мэдээллийн аюулгүй байдал нүцгэн хүнээс ялгарах юм алга
Монголд мэдээлэл, сүлжээний аюулгүй байдлын баталгаа алга. Хэн дуртай нь хаанаас ч дуртай мэдээллээ авч болно. Жирийн нэг хакер төр, хувийн байгууллагын мэдээллийн санд нэвтэрч гэмт хэрэг үйлдэх нөхцөл хангалттай бүрдсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрч байна. Мэдээллийн нууц алдагдана гэдэг хувь хүнд ч байгууллагад ч асар их эрсдэл дагуулдаг ажээ.
Жишээ нь, манай улсын нэлээд томоохон бизнесмен хувийн ID-гаа бусдад алдсанаас болж олон сая төгрөгөөр хохирсон хэрэг саяхан гарчээ. Түүний хаягаар нэвтэрсэн гэмт этгээд найз нөхөд руу нь хандан “Би гадаадад онгоцноос хоцроод баларч байна” хэмээн худал тусламж хүсч мөнгө залилсан байгаа юм. Энэ бол наад захын хэрэг. Нарийндаа бол үүнийг хувь хүний хариуцлагатай холбоотой асуудал гэж үзэж болох талтай. Харин төрийн байгууллагууд ямар түвшинд байгаа нь л анхаарал татаж байна. Ялангуяа уул уурхайн баялгаараа дэлхийн анхаарлын төвд байгаа манайх шиг орны хувьд тун их эрсдэлтэй.
Манай улсад мэдээллийн аюулгүй байдлыг хангах хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага ганцхан байдаг. Тэр нь дөнгөж хоёрхон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, бүх байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийлгэж, мэдээллийн аюулгүй байдлаа бүрэн хангаж чадаагүй гэдгийг Кибер довтолгоотой тэмцэх төвиaн тэргүүн, доктор Т.Халтар ярьж байсан. Манайх руу өнгөлзөж байгаа улс бүр “Монгол Улс хэнтэй хамтарч байна, хэнд дургүй байна. Хэн хэн хуйвалдаж байна. Цэрэг арми, эдийн засгийн хүч бололцоо нь ямар вэ” гээд бүгдийг нь алган дээрээ тавьсан мэт хараад сууж байна гэхээр аймаар санагдахгүй байна гэж үү. Мэдээллийн аюулгүй байдал нүцгэн хүн шиг ийм байж таарах уу.
Хакерууд Wikileaks-ийнхэн шиг төрийн хамаг нууцыг нь дэлгээд дэлхийн шившиг болгох нь ч хаашаа юм. Олсон мэдээллээрээ манай эрх мэдэлтнүүдийг барьцаалаад хөөрхөн шоглоод байж болно шүү дээ. Тийм эрсдэл өндөр гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Ер нь сүүлийн үед төрийн зарим өндөр албан тушаалтан иргэдийнхээ бус, гадныхны эрх ашгийг ил цагаан хамгаалдаг болсон шүү дээ. Магадгүй тэд хамаг нууцаа алдчихаад хэн нэгний эрхшээлд орчихоод тэгээд байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Ямартай ч, Монголын мэдээллийн аюулгүй байдлыг нүцгэн хүн шиг, эсвэл шүүрэн шанага шиг гэх мэтээр зүйрлээд хэлчих муу жишээ хангалттай олон байна.
Үүнийг уншаад “Монголын төр арай ч тийм биш шүү” гэж эмзэглэх нэгэн байж магад. Тэгж болно оо. Гэхдээ бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг тэргүүлдэг хүн нь Англид баригдчихаад байгааг л бодоод үзэх хэрэгтэй. Очиж очиж тэр нь гайгүй тагнуулчдын нэг байсан гэхээр бүр ч харамсмаар. Гаднынхан бидний үг, үйлдэл бүрийг хянаж байдаг нь тодорхой байна бус уу. Тийм болоод л Б.Хурцыг баруунд хөл тавингуут нь бариад авахгүй юу. Ойлгомжтой. Энэ бол одоо нэгэнт өнгөрсөн хэрэг. Харин цаашид яах юм бол. “Монголыг хэн тоох вэ…” гэж хэнэггүйтэх үү. “Манайх баталгаатай” гэж өөрсдийгөө хуурах уу.
Монголын улс төрийг Wikileaks зэргийн том хакерууд барагтай бол тоохгүй нь үнэн. Гэхдээ Хойд Солонгостой холбоотой Wikileaks-ийн мэдээлэлд нэг монгол нөхрийн нэр дуулдаад л өнгөрсөн биз дээ. Ямар ч байсан одоохондоо хэт том, бас холын юм харахаа больё.
Хамгийн аюултай нь Монголын баялаг руу хошуурч байгаа улсууд мэдээллийн аюулгүй байдал сул байгааг далимдуулж элдэв “хор найруулах” эрсдэл өндөр гэдгийг л санах хэрэгтэй. Уг нь сэтгэл гаргаад анхааръя, хамгаалъя гэвэл энэ чиглэлийн техник технологи нэвтрүүлэхэд тийм ч их хөрөнгө мөнгө шаардаж, хүндрэл учрахгүй л юм билээ. Монголчууд дэндүү хэнэггүй учраас л тоохгүй байна.
Нийтлэлч: Ч.Дашдэлэг
URL: