БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ДАХИН ХОЁР ӨРХИЙН ЭМНЭЛЭГ НЭЭГДЛЭЭ
Баянгол дүүрэгт өнөөдөр дахин хоёр өрхийн эмнэлэг нээлтээ хийлээ. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо нь 5329 өрхийн 18036 хүн амтай бөгөөд үүний 8000 гаруй нь Алтай хотхонд амьдардаг. Тэгвэл хүн амын төвлөрөл ихтэй Алтай хотхоны иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж өнөөдөр “Учрахуй” өрхийн эрүүл мэндийн төв салбараа нээлээ. Мөн гуравдугаар хорооны 8000 гаруй иргэн ажиллаж, амьдардаг Нарны хороололд дахин нэг өрхийн эмнэлэг үүд хаалгаа нээж байна. “Ангирмаа” өрхийн эрүүл мэндийн төвд өнөөдрөөс эхлэн зөвхөн Нарны хорооллын иргэд үйлчлүүлэх боломж нээгдэж байна.
Нээлтэнд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат, Дүүргийн Засаг даргын орлогч Г.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцож иргэддээ эрүүл энхийг хүсч, баяр хүргэсэн юм.
Ийнхүү Баянгол дүүрэг иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг улам түвэггүй, түргэн шуурхай хүргэж, иргэдээ өвчилсний дараа эмнэлэгт хандах биш хамтдаа урьдчилан сэргийлэх чиглэл рүү үйл ажиллагааг нь хандуулахыг чухалчлан ажиллаж байна.
URL: